Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хөргөгчний соронзон наалт зүрхэнд нөлөөлдөг

Б.Туул
2014 оны 9 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг

“Та аялалаар явдаг уу?”. Аль эсвэл “Танайх гэртээ хөрөгчний соронзон наалт цуглуулдаг уу ?” Хэн нэгнээс ингэж асуувал олон хүн “Тийм” гэсэн хариултыг хэлэх байх. Учир нь, сүүлийн үед орсон, гарсан айл бүрт хөр­гөгчний нүүрэн дээр наадаг соронзон наалт олонтаа харагдах болсон.  

Харин зарим нь аялал зугаалга, ажлын томилолтоор гадаад, дотоодод явахдаа аян замын сонин хачин болгон ийм зүйлсийг зориуд худалдаж авдаг, зарим нь бүр хобби болгож цуглуулдаг. Бэлэг дурсгалын зүйлс маягаар нэг нэгэндээ бэлэглэдэг ч хүмүүс бий.

Тэр хэрээр ч сүүлийн үед  гадаад, дотоодод гарч буй энэхүү гоёл, чимэглэлийн зүйлсийн  хэлбэр, загвар өөрчлөгдөж, зураг дүрс нь  илүү чамин, хэн ч харсан сонирхол татахуйц болж өөрчлөгдсөн. Тэгвэл саяхан олон улсын судлаачид энэхүү хөргөгчний соронзон наалт хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн мэдээллийг хийжээ. Ялангуяа зүрх судасны өвчтэй хүмүүст  энэхүү гоёл чимэглэлийн зүйлс нь  амь насанд нь хүрч болзошгүй гэдгийг анхааруулсан байна.

Зарим айлд  ороход  хүүхдийнхээ үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатруудаар  хөргөгчнийхөө  нүүрийг дүүртэл нь чимэглэсэн  байдаг. Магадгүй зарим хүн үүнийг энгийн зүйл гэж боддог байх.  Гэтэл тийм биш ажээ. 

Эцэг, эхчүүдэд болон гэр бүлдээ хайртай хэн бүхэнд анхааруулахад, хүчтэй соронз ашигласан арилжааны энэ төрлийн бүтээгдэхүүн нь зүрхний аппарат болон зүрхний үйл ажиллагааг дэмжихээр суулгасан төхөөрөмжүүдтэй хүний аминд хүрэ­хүйцээр харшилдаг ажээ.  

Яагаад гэвэл, газрын ховор соронзтой /neodymium magnet/ 3 см ойр байхад л хүний амь насыг аварч буй зүрхний төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг тогтворгүй болгоход хангалттай нөлөөлдөг гэдгийг олон улсын  анагаах ухааны “Heart Rhythm” сэтгүүлд эмч, мэргэжилтнүүд мэдээлжээ.

Харин бүдэг саарал өнгөтэй, соронзны хүч бага ердийн төмөр, төмөрлөг соронз нь эрсдэл арай бага байдаг гэнэ. Энэ талаарх хийсэн судалгааг нь сонирхвол, Швейцарийн Цюрихийн их сургуулийн эмнэлгийн судлаачид зүрхний өвчтэй 70 хүнд, мөн тэдний дотор зүрхний аппараттай 41, зүрхний хэмнэл сайжруулагч төхөөрөмж суулгуулсан 29 хүнд газрын ховор соронз хэрхэн нөлөөлж байгааг туршиж үзээд ийм дүгнэлтэд хүрчээ.

Хэрвээ та зүрх муутай бол, мөн биедээ ямар нэгэн төхөөрөмж, аппарат суулгуулсан бол  хөргөгчний соронзон наалт болон энэ төрлийн бүтээгдэхүүнийг  гэртээ болон биедээ ойр байлгах хэрэггүй  гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Зураг