Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

С.Залуухүү: Хуурайшилт их байгаагаас намрын түймэр эрт гарч байна

С.Уянга, Зууны мэдээ
2014 оны 9 сарын 18
Зууны мэдээ

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Гал түймрийн нөхцөл байдал хэр байна вэ?

-Улсын хэмжээнд олон жилийн дундаж төвшинд байна.Энэ оны байдлаар 2640 удаагийн обьектын гал түймэр гарч найман тэрбум төгрөгийн хохирол учирч 43 хүний амь нас хохирч, 248 толгой мал, 1339 гэр, орон сууц шатсан байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт. Гэхдээ хавар, намрын улиралд гэр, орон сууцны айлуудын халаалт тасалдаж нэмэлт гал түлэх, халаах хэрэгсэл тавих тохиолдол их байдаг учраас буурсан гэж үзэх хэцүү.

Ес, аравдугаар сард хүйтний эрч чангарч айлууд гал их түлдгээс болж обьектын гал түймэр эрс нэмэгддэг. Энэ онд манай аврагчид 372 хүнийг галаас аварч, 5462 гэр орон сууцыг хамгаалсан байдаг. Хүмүүс нэгэнт шатаад дууссан хойно очиж юуг авран хамгаалдаг юм гэдэг.

Орон сууцны гал түймрийг шуурхай унтраадаг ч гэр 5-7 минутад шатаж дуусдаг учраас зэргэлдээ оршдог гэр орон сууцанд нь гал тархахаас хамгаалах нь чухал.

-Энэ жил хуурайшилт хэр байна. Хэд хэдэн газар түймэр гарсан?

-Бидний ярих гол сэдэв бол ой хээрийн түймэр. Өргөн уудам нутаг дэвсгэртэйгээс гадна цаг агаарын нөхцөл байдлаас болоод хоёр, наймдугаар сарын дундаас эхэлж түймэр гардаг онцлогтой. Энэ жил хуурайшилт их байгаа учраас намрын түймэр эрт асч байна. Хамгийн эхний түймэр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд гурван газар түймэр асч нэлээд хүн хүч олон хоног ажилласан.

Албан хаагчид машин, мориор яваад цаашаа 20-40 км багаж төхөөрөмжөө үүрээд алхаж түймэр гарсан газар хүрч байна. Хүн хүрэхэд ийм хэцүү газар олон байдаг. Мөн Төв, Булган, Сэлэнгэ аймгийн сумдад түймэр гарсан. Харин Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн сумдад хээрийн түймэр гарч Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд хадлан дээр ажиллаж байсан иргэн түймэр унтрааж байгаад түлэгдэж хот руу ирж эмчлүүлж байна.

-Хүн хүрч чадахгүй газар юунаас болж түймэр гараад байна. Хадлан тэжээлийн улиралд туймэр ихэсдэг үү?

-Жил болгоны үзүүлэлтээр хүний буруутай үйл ажиллагаанаас болж гал түймэр гарах тохиолдол маш өндөр хувьтай гардаг. Хөвсгөлд гарсан түймрийн тухайд бол одоогоор шалтгаан нөхцлийг тогтоогоогүй. Тэр үед ОХУ-ын иргэд загасчлахаар явж байсан учраас холбогдуулан шалгаж байгаа. Хадлан хадаж байгаад түймэр алдсан тохиолдол бага.

Иргэд анхаарал болгоомжтой байж, автотээврийн хэрэгслүүд нь яндангийн оч баригчтай явах ёстой.

Намар гарч байгаа түймрийг хадлантай холбох гээд байдаг. Тийм зүйл байхгүй. Харин самар түүдэг хүмүүсийн болгоомжгүй үйлдлээс болж Г ачуурт, Богд ууланд түймэр гарсан тохиолдол бий.

Энэ жил улсын хэмжээнд 17 аймгийн 76 суманд 152 удаагийн түймэр гарч 3.5 мянган га ой, 1.6 сая га хээр тал өртөж шатсан тоо баримт бий. Тэгэхээр иргэд анхаарал болгоомжтой байж, автотээврийн хэрэгслүүд нь яндангийн оч баригчтай явах ёстой.

-Хил дамнасан ой хээрийн түймэр хэр гардаг юм бэ?

-Хил дамнасан түймэр харьцангуй бага. Их түймэртэй үед жилд арван түймэр гардаг. Ихэнх түймэр Монгол руу ОХУ-ээс орж ирэх нь бий. Гарч байгаа түймрийн 70 орчим хувь нь ОХУ-аас Монгол руу алддаг гэсэн үг. Харин манай улсаас Сүхбаатар Дорнодын чиглэлээр Хятад руу түймэр алддаг тохиолдол бий.

Зураг