Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Ням-Очир: Тайван, цочроо багатай байсны хүчинд яллаа

Д.Жавхлан
2014 оны 9 сарын 16
Зууны мэдээ

Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер, “Арслан” клубийн тамирчин Э.Ням-Очиртой ярилцлаа.

-Монголын тамирчдаас медалийн салхийг хагалж, араасаа гурван медаль дагуулсан танд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Өнгөрсөн жилийн алдаагаа цайруулж тавдугаар байр эзэлсэн амжилтаа хүрэл медаль болголоо?

-Миний хувьд 2013 онд өөрийн алдаанаас болж хүрэл медалиа алдаж байсан. Тухайн үед өөртөө их харамсч билээ. Энэ жилийн хувьд эхнээсээ л өөрийгөө хурцалж, шавхаж барилдсан. Ялангуяа, дагах барилдаанаа тун боломжийн хийсэн. Хүрэл медалийн төлөөх барилдаан нэлээд хүнд болсныг та бүхэн харсан биз. Эцсийн мөчид ялалт миний талд эргэсэн.

Тэр үед өөрийн эрхгүй  баярласан. Хамгийн түрүүнд намайг өдий зэрэгт хүрэхэд гол нөлөөлсөн “Арслан” клубийн дасгалжуулагч Б.Баттулга багшийгаа бодож байлаа. Өнөөг хүртэл надтай болон бусад шавьтайгаа байнга холбоотой байж, үргэлж сэтгэлийн дэм хайрлаж явдаг багшийнхаа ачийг бага ч болтугай хариулсан болов уу.

-Дахин медалийн төлөө барилдах үед биеэ барих бэршээл тулгарсан уу?

-Үгүй. Харин ч маш тайван байсан. Хэрэв жаахан л алдаа гаргасан бол 2013 оных шиг медальгүй ирэх байв. Надтай барилдсан Казахстаны Артас Сана маш эвгүй барилддаг юм билээ. Гэхдээ тайван, цочроо багатай байсны хүчинд яллаа шүү дээ.

-Ираны бөхөд 7:0-ээр ялагдсан. Тэр барилдаанаа дүгнэсэн үү?

-Удахгүй манай холбоо болон шигшээ багийн алба хамтран амжилтаа дүгнэж ярилцах байх аа. Тэр үед л бүх нарийн зүйлийг ярих болов уу. Ираны бөх аргагүй хүчтэй өрсөлдөгч байсан. Ямар нэгэн шалтаг тоочоод яах вэ. Үнэхээр дийлээгүй юм. Иранд чөлөөт бөхийн хөгжил маш өндөр төвшинд байдаг. Бараг үндэсний спорт нь гэхэд болно.

Мэдээж боломж хэзээд гарч ирдэг. Тэмцээн эхлэхийн өмнө Иран болон Болгарын бөхийг хамгийн хүнд өрсөлдөгчөө гэж тооцоолж байсан, тэгж ч бэлтгэлээ хангасан. Тэгээд Иранд ялагдаж, Болгарыг ялсан. Дасгалжуулагч болон албаны хүмүүстэйгээ ярьж байгаад гаргасан алдаан дээрээ ажиллана.

-Хүрэл медаль авсан баярт мөчөө хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?

-Ташкентад байсан хамт олонтойгоо хуваалцсан даа. Мандахнаран бид хоёр нэг өдөр медаль авсан. Тэр өдөр манайхан маш их баярласан ч баяр хөөрөө нэлээд дарсан болов уу. Яагаад гэвэл тэмцээн дуусаагүй болохоор цааш барилдах бөхчүүддээ хүндрэл учруулахгүй байх үүднээс тэгсэн болов уу. Дэлхийн аваргаас хос медаль хүртсэн нь 1990 оноос хойш анхны тохиолдол шүү дээ. Миний хувьд медалиа авсны дараа гэр бүлийнхэн болон багштайгаа баяраа хуваалцсан. Б.Баттулга багшдаа баярласнаа илэрхийлсэн.

-Медалийн тавцанд гарах тэр торгон агшинд өөрт чинь ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Үнэхээр сайхан байсан. Тухайн үед хэлэх ч үг олдоогүй. Төрийн далбаа Ташкентын тэнгэрт мандахыг харах сайхан байлаа. Миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг нь Узбекистаны Ташкентад болсон ДАШТ байх болно. Цаашид хүрэл медалиа ахиулах, мөн хошой болгохын төлөө бэлтгэл сургуулилтаа базаана.

-Таныг сургуулиа хаяад их спортдоо эргэн ирсэн гэдгийг сонслоо?

-Тийм юм байхгүй. Сургуульдаа сурахын хажуугаар бэлтгэл сургуулилтаа хийж байсан.

-Удахгүй Азийн наадам болох гэж байна. Та тэр тэмцээнд зодоглох уу?

-Тэр талаар сайн хэлж мэдэхгүй байна. Дасгалжуулагч нар л шийднэ дээ.

-Бөхийн спортод хөл тавьж байсан үеэ дурсахгүй юу?

-16 жилийн өмнө анх чөлөөт бөхийн спор­тоор хичээллэж байлаа. Гавьяат тамирчин Б.Наран­баатар, олон ул­сын хэмжээний мастер Ж.Чулуунбат гэсэн шилдэг тамирчинтай хамт Б.Баттулга багшийнхаа удирдлага дор бэлтгэл, сургуулилт хийж эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл “Арслан” клубээрээ овоглож байгаа.

-Бэлтгэлийн хүнд хэцүүгээс хааяа шантрах үе гарна биз?

-Байлгүй яах вэ. Гэх­дээ шүд зуугаад л өнгөр­сөн. Шантарлаа гээд бэлтгэлээ тасалж байгаагүй.

-Та жингээ хэр хасдаг вэ?

-Би жингээ нэлээн сайн барьдаг. Нэг тэмцээнд дээд тал нь дөрвөн кг хасч байсан.

Зураг