Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хуурамч дипломтнууд төрийн албанд шургалсаар байна

ikon.mn
2014 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монголд сүүлийн 10 гаруй жилийн дотор “цэцэглэж”, хариуцлагаас чөлөөлөгдөж байдаг нэгэн хууль бус бизнес бол хуурамч диплом ашиглах, захиалгаар хийх.

Дээд боловсролын хуурамч гэрчилгээ ашиглан, улсын алба, төрийн байгууллагыг залилан мэхлэх замаар ажилд орж, түүгээр ч зогсохгүй хариуцлагатай албан тушаал хашиж байсан эрхмүүдийг мэргэжлийн хяналтын алба илрүүлэн, хууль хяналтын байгууллагад шилжүүлж байсан удаатай. Одоогоос хоёр жилийн өмнө нийслэлийн Автозамын газрын дарга Д.Бат-Эрдэнэ хуурамч нэр, хуурамч диплом ашигласан нь илэрч дуулиан тарьж байв.

Түүнээс хойш аймгийн, дүүргийн Засаг дарга, хууль хяналтын байгууллагын ажилтнууд, сонгуульд нэр дэвшигч гээд хуурамч диплом ашиглагч олон хүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас илрүүлэн хууль журмын дагуу арга хэмжээ авахуулахаар мөрдөн байцаах байгууллагад шилжүүлж байсан юм. Түүнээс хойш засгийн эрх барих нам солигдож, АН-ын гишүүд, дэмжигчид төрийн онц чухал албанд томилогдон ажиллах болсон.

Тэдний хэд нь хуурамч диплом ашиглан эрх бүхий албан тушаалд томилогдсоныг өдгөө хэн ч мэдэхгүй. Хуурамч диплом ашиглаж, төрд шургалсан хүмүүс төрийн суудалд суугаад ямар ажил хийж байгааг хэн ч тодорхойлж чадахгүй байна. Бидэнд олдсон мэдээллээр төрийн онц чухал алба болох АТГ, Шүүхийн ерөнхий зөвлөлд хуурамч диплом ашиглагч ганц нэг хүн ажиллаж байгаа нь тодорхой болов. Харин тэдгээр байгууллагынхан үүнийгээ шалгаж нягтлахын оронд ихэд нууцалж буй гэх. Баттай эх сурвалжаас авсан, зарим хүний талаарх мэдээллийг нийтэд хүргэх нь шударга ёсонд нийцэх биз ээ.

АТГ-Т ШАЛГУУЛЖ БАЙСАН ХУУРАМЧ ДИПЛОМТОН МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТЭСТ НЬ АЖИЛЛАХ БОЛОВ

Авлигатай тэмцэж, шударга ёс тогтоон, хөгжил дэвшилд хүргэх уриатай АТГ-т хуурамч диплом ашиглан ажилд орсон хүн мөрдөн байцаагчаар ажиллаж байгаа нь олны дунд саараар хэлэгдэх болсон энэ байгууллагын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Тиймээс АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, дэд дарга, эрхэлсэн комиссар Б.Хурц, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр нар үүнийг анхааралдаа авч нягталж шалгах нь зүйтэй болов уу. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж, тус албаны шалгах хэргийг АТГ болон ЦЕГ-т харьяалуулах болсон билээ.

Үүнтэй холбоотойгоор тус албаны алба хаагчдын заримыг нь прокурор болгож, нэг хэсгийг нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн байцаагчаар шилжүүлсэн. АТГ-т шилжигсдийн дунд Баттөрийн Содбаяр хэмээх мөрдөн байцаагч багтжээ. Тэрбээр хуурамч диплом ашигласан нь МХЕГ-ын 2009, 2010 онд хийсэн шалгалтаар тодорхой болсон юм байна. МХЕГ-ын Эрүүл мэнд, соёл, шинжлэх ухааны хяналтын газрын дарга Н.Гансүхийн гарын үсэгтэй албан бичигт түүний талаар тодорхой дурдсан байна.



Уг албан тоотод “…ЦЕГ, ШШГЕГ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу эдгээр байгууллагад ажиллагсад, төрийн албан хаагчдын боловсролын баримт бичигт хийсэн үзлэг шалгалтаар ШШГЕГ-ын ажилтан Баттөр овогтой Содбаярын ШУТИС-ийг “программ хангамж” мэргэжлээр төгссөн D20031857 дугаартай бакалаврын диплом нь хуурамч болох нь тогтоогдсон тул боловсролын баримт бичиг хуурамчаар авч ашигласан нэр бүхий төрийн албан хаагчдын диплом болон хуулбарыг Нийслэлийн прокурорын газарт 1/983 тоотоор хүргүүлсэн байна.



НПГ-аас 2011 оны тавдугаар сарын 11-ний 5/1252 дугаартай албан тоотоор холбогдох материалыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. Иргэн Б.Содбаяр нь МУИС-ийн Хуулийн сургуулийг 1998 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн талаарх мэдээлэл мэдээллийн санд бүртгэгдсэн байна” гэжээ. Тухайн үед ШШГЕГ-т хуурамч диплом ашиглаж ажилд орсон нь тогтоогдсон хоёр хүний нэг нь тэр гэнэ. Б.Содбаяр ШШГЕГын программ хангамж, дотоод ажил хариуцсан ажилтан, дэслэгч цолтойгоор ажиллаж байжээ.

АТГ-ын Мөрдөн байцаах хэлтэст хуурамч дипломтой 50 гаруй хүний асуудлыг шалгаж, улмаар харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлсэн аж. Ингэж шалгаж байх хооронд Б.Содбаяр эрх зүйч мэргэжлийн жинхэнэ дипломоо ашиглаж, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжжээ. Улмаар хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас мултарч чадсан байна.

Б.Содбаяраас өмнө АТГ-ын мөрдөн байцаагч Д.Одхүү мөн л хуурамч дээд боловсролын гэрчилгээтэй нь тогтоогдож, ажлаасаа чөлөөлөгдсөн түүхтэй. Мөрдөн байцаагч гэдэг бол хүний гэм буруутай эсэхийг тогтоох, яллах цагаатгах нотлох баримтыг нарийн нягтлан судалж, дараа дараачийн шатанд шилжүүлэх чухал үүрэгтэй, хүний амьдралыг дэнслэгчдийн нэг. Гэтэл эрхзүйч, хуульч хүн хуурамч баримт бүрдүүлэн төрийн албыг, улсыг хуурч, хохироож байсан нь эмгэнэлтэй. Ийм ёс зүй хуульч, эрхзүйч хүнд байгаа нь аймшигтай.

Магадгүй өөрөө хуурамч бичиг баримт ашиглаж ажилд орж байсан мөрдөн байцаагч хүн хэн нэгний хэргийг шалгахдаа хуурамч нотлох баримт бүрдүүлж, хэлмэгдүүлэхийг ч үгүйсгэхгүй. Түүгээр хэргээ шалгуулж байгаа хүн “Шударга хүнээр хэргээ шалгуулъя. Өмнө нь хуурамч бичиг баримт ашиглаж байсан хүн шударга байж чадах уу” гэх зэргээр татгалзахыг ч үгүйсгэхгүй. Үүнээс нь өмнө эрх бүхий албан тушаалтнууд нь арга хэмжээ авч чадвал АТГ-ын нэр цэвэр байх нь дамжиггүй.

ШЕЗ-Д ХУУРАМЧ ДОКТОР АЖИЛЛАЖ БАЙНА ГЭВ ҮҮ

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийсэн томоохон ажлын нэг нь шүүхийн хараат бус байдлыг хангах, санхүү, эдийн засгийн хувьд бие даасан байдал бий болгох үүднээс Шүүхийн ерөнхий зөвлөлийг бие даалгаж ажиллуулах болсон. Ингэснээр хуульч, эрхзүйч мэргэжилтэй олон хүн ШЕЗ-д ажиллаж эхлэв. Гэтэл тус газарт нэлээд дээгүүр албан тушаал хашдаг нэгэн эрхэм хуурамч диплом ашигласан гэх мэдээлэл бидэнд ирлээ.

Харин ШЕЗ-ийнхөн шинээр байгуулагдсан байгууллагынхаа нэр хүндийг хамгаалах гэснээс болсон уу, уг мэдээллийг нууцалж буй сурагтай. Олон нийттэй харилцах албаныхан нь “мэдэхгүй” гэсэн хариу өгсөн юм. Тус зөвлөлд өндөр албан тушаал хашдаг хүн Австралид суралцаж, докторын зэрэг хамгаалсан асуудал нь тус зөвлөл өөр нэг хэл ам таталж буй сурагтай.

Түүнийг хуурамч дипломтой эсэхийг тогтоохын тулд ШЕЗ-ийнхөн дээр доргүй ажиллаж буй гэх.

Харин Австралийн тал тухайн хувь хүний нууц болохоор дипломын талаарх мэдээллийг өгөх боломжгүй гэсэн хариу өгснөөс эргэлзээтэй байдал үүсээд байгаа юм билээ. Докторын хуурамч зэрэгтэй эсэхийг тус зөвлөлийнхөн тогтооно. Хэрэв хууль бусаар тус зөвлөлд ажиллах болсон бол тухайн байгууллагын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэх нь дамжиггүй биз. Хуурамч дипломтнуудын эрхэлж байсан албан тушаалд жинхэнэ дипломтой хэчнээн хүн ажиллах гээд чадаагүй бол.

Дээд боловсролын хуурамч гэрчилгээтнүүд түүнийгээ ашиглан улсаас хэчнээн төгрөгийн цалин авч, татвар төлөгчдийн мөнгийг завшаа бол. Тэдний улсаас авсан цалин, бусад хангамжийг буцааж төлүүлэх эрх зүйн орчин байхгүй болохоор улс хохирсоор үлдэж байна.

Г.Равжаа /Өнөөдөр сонин/