Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Мурат Карагөз: Монголчууд зоригтой, шийдэмгий, тэмцэгч ард түмэн

Д.Гэрэлцэцэг
2014 оны 9 сарын 16
Зууны мэдээ
Зураг зураг
БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз

Монгол Улс Турк улстай соёл иргэншил, түүх дурсгал зэрэг олон талаар холбогддог. Үүний зэрэгцээ манай улстай эртний харилцаатай улсын тоонд зүй ёсоор багтдаг. Өдгөө манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жил тохиож байгаа.

Энэ хугацаанд хоёр орны харилцаа хэрхэн хөгжиж байгаа цаашид хөгжих хэтийн төлөв бодлогын талаар БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзтэй ярилцлаа.

-Эрхэм Элчин сайд та улсаа төлөөлөн Монголд ирээд жил орчим болж байна. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би 1967 онд Истанбул хотод төрсөн. Бага, дунд их сургуулиа Истанбул хотод дүүргэсэн. Туркийн хамгийн сайн сургуулиудын нэг болох Истанбулын эрэгтэй сурагчдын ахлах сургууль төгссөнийхөө дараа Истанбулын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн олон улсын харилцааны ангид элсэн орсон. 22 настайдаа их сургуулиа төгсөөд Туркийн Гадаад хэргийн яамны шалгалтад тэнцэж дипломат болж ажлын гараагаа эхэлж байлаа.

-Та Монголд ирэхээсээ өмнө өөр улсад ажиллаж байв уу?

-Миний бие БНТУ-аас Бүгд Найрамдах Болгар улсад суугаа Элчин сайдын яам, БНТУ-аас АНУ-д суугаа Элчин сайдын яам, НАТО дахь БНТУ-ын Байнгын төлөөлөгчийн газар, Нью-Йорк хотын НҮБ дахь БНТУ-ын Байнгын төлөөлөгчийн газарт албан үүрэг гүйцэтгэсэн.

Мөн Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тамгын газар, Балканы орнуудын асууудал эрхэлсэн газарт ажиллаж байлаа. Герман, англи хэлээс гадна дунд төвшний болгар хэлний мэдлэгтэй. 2013 оны арваннэгдүгээр сарын 15-наас БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдон ажиллаж байна.

-Хоёр орны хамтын ажиллагаа ямар салбарт эрчимтэй хөгжиж байгаа талаар илүү сайн мэдэх хүний нэг нь Элчин сайд Та. Өнөөдөр хоёр орон ямар салбарт хамтарч байгаа талаар сонирхож байна?

-Турк болон монголчууд түүх, соёлын уялдаа холбоотой ард түмэн. Тэр ч утгаараа хоёр улсын ард иргэд нөхөрсөг, ах дүүгийн харилцаагаар холбогддог. Хоёр улсын хооронд1969 онд дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөдрийг хүртэлх 45 жилийн хугацаанд хамтын ажиллагаа маань улам бүр өргөжиж, бүхий л салбарт хөгжиж байна. Нөгөө талаас ард иргэдийн хоорондын харилцаа өдөр ирэх бүр өргөжин тэлсээр байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

Туркийн Иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрлайн” авиа компанийн 2012 онд эхлүүлсэн Истанбул-Улаанбаатарын чиглэл дэх шууд нислэг, мөн дөрөвдүгээр сард хүчин төгөлдөр болсон хоёр орны иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр нь энэхүү харилцаа холбоог хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байна.

Харин хоёр талын эдийн засгийн харилцаа хөгжлийн үе шатандаа явж байна. Боловсролын салбарын харилцаа бол хамгийн идэвхтэй салбарын нэг гэж болно.

-Туркийн тал 1992 оноос эхлэн монгол оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсэн. Хамгийн идэвхтэй, олон оюутныг хамарч байгаа энэ салбарын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Турк болон Монгол Улс хоорондын хамтын ажиллагааны хамгийн чухал салбар бол боловсрол юм. Монголын оюутан залуус 1990 оноос хойш өнөөг хүртэл Туркт дээд боловсрол эзэмшиж байна.  Одоогийн байдлаар 900 орчим оюутан манай улсад сурч байгаа. Эдгээрийн 350 орчим нь Туркийн Засгийн газраас олгосон тэтгэлгээр суралцдаг.2014-2015 оны хичээлийн жилд бакалавр, доктор, магистрын төвшинд нийт 45 оюутан Туркийн Засгийн газрын тэтгэлгээр сурах эрхтэй болсон.

-Соёлын салбартай холбоотой бас нэг зүйлийг сонирхож байна. Түрэгийн үеийн булш, олдворууд манай оронд түгээмэл байдаг. Түүнийг түшиглэсэн үзвэр, музей байгуулагдана гэж сонссон. Энэ талаар тодруулна уу?

-Өнөөдрийн Монгол орны газар нутагт анхны Түрэг улс байгуулагдаж байсан түүхтэй. Тухайлбал, Түрэгийн эзэнт гүрэн үүнд чухал байр суурь эзэлдэг. Монголын тал нутгаас Түрэгийн эзэнт гүрний үеийн 200 орчим түүх, соёлын олдвор, хүн чулуу, бичээс болон булш олдсоор байдаг гэж шинжээчид үздэг.

Эдгээрийн дотроос Билгэ хаан болон Культегиний гэрэлт хөшөө нь Хөшөө Цайдамд байдаг бол Мэргэн Тонюкукийн хэрэгбичээс нь Налайх дүүрэгт байдаг. Хархориноос 46 километрт оршдог Билгэ хаан болон Культегиний гэрэлт хөшөөнүүд 2008 онд Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг (ТИКА)-ийн тусламжаар байгуулагдсан Хөшөө Цайдамын музейд хадгалан хамгаалагдаж байгаа.

БНТУ-ын Засгийн газар Тонюкукийн хөшөөг мөн үүнтэй адил музейд байрлуулж хамгаалах хүсэлтэй байгаа. Нөгөө талаас, хөшөө Цайдамын музейг Хархорин хоттой холбосон 46 километр “Билгэ Хаан” замыг мөн ТИКА-гийн зүгээс барьж ашиглалтад оруулсан. Тонюкукийн бичигт хөшөөг Баянзүрх дүүргийн Налайхын хар замтай холбосон 11 километр  “Билгэ Тонюкук” замыг мөн тус байгууллагын тусламжаар барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

-Эдийн засгийн салбар хоёр орны хамтын ажиллагаанд голлох үүрэгтэй. Одоогоор Турк улсаас манайд ямар төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна вэ?

-Туркийн бизнес эрхлэгчид өдөр ирэх тусам Монгол Улсыг илүү их сонирхох болсон. Орон сууцны барилга байгууламж, дэд бүтэц, эрчим хүч зэрэг салбар дахь зарим төслийг энэ хүрээнд дурдаж болох юм. Цаашид турк бизнес эрхлэгчдийг газар тариалан, мал аж ахуй, арьс шир болон аялал жуулчлалын салбарт Монгол Улстай хамтарна гэдэгт найдаж байна.

-Өнөөдөр танайд эдийн засгийн ямар салбар түлхүү хөгжиж байна. Манай оронд тэдгээрийг нутагшуулах боломж хэр байдаг юм бол?

-Турк нь Евразийн зүрхэнд оршдог стратегийн чухал байр суурь эзэлдэг Европ, Ази болон Африк тивүүдээр хүрээлэгдсэн орон. Энэ бүс нутаг дахь соёл иргэншил болон түүхийн үндэс суурь нь Туркийг бусдаас онцгой болгодог. Өөрөөр хэлбэл, ойрын бүс нутагт  оршдог улс орнуудтайгаа эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэхэд чухал боломж олгодог.

Европт зургаа, дэлхийд  16 дахь том эдийн засагтай Турк улс нь Их-20-ийн гишүүн орон. Эдийн засаг нь сүүлийн арван жилийн тогтвортой хөгжлөөрөө гайхалтай хурдтай өссөн.

Макро эдийн засгийн стратеги, ухаалаг бэлэн мөнгөний бодлого болон салбарын бүтцийн шинэчлэл нь эдийн засгийн өндөр өсөлтөд эергээр нөлөөлсөн төдийгүй эдийн засгийн итгэлтэй харилцааны үндсэн суурийг тавьсан юм. Турк улс нь банк санхүү, авто машин болон сүлжмэлийн салбарт өндөр амжилт гаргасан улс юм. Дэлхийн зах зээл дээр хамгийн амжилттай үйл ажиллагаа явуулж буй 235 барилгын компанийн 33 нь Туркийн үндэсний компаниуд юм.

Туркийн бизнес эрхлэгчид Еврази, Ойрхи дорнод, Умард Африк, Балканы хойг болон Азийн улсуудад барилгын олон чухал төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Мэдээж хэрэг улс болгон өөрт тохирсон хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Монгол Улс нь хүн ам, газар зүйн байршил, цаг уурын онцлогоороо Турк улсаас ялгаатай боловч эдийн засгийн үндсэн чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн салбарт Турк улсаас сурах зүйл их байгаа гэж бодож байна.

-Манай хоёр орны иргэд харилцан визгүй зорчсоноор илүү ойр дотно харилцах боломжтой болсон байх?

-Аялж жуулчлах нь хүний эрх, эрх чөлөөний үндсэн чухал хүчин зүйлсийн нэг юм. Аливаа ард иргэдийн хоорондын харилцаа холбоог эрчимжүүлэх, соёл иргэншлийн салбарын харилцаа холбоо, мөн эдийн засаг, худалдааны харилцааг сэргээх замд ямар нэгэн саад бэрхшээл байх ёсгүй.

Тэр ч утгаараа хоёр улсын  иргэд харилцан 30 хүртэл хоногийн турш визгүй зорчих, Туркийн иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрлайн” авиа компани хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх болсон зэрэг нь өндөр ач холбогдолтой дэвшил гэж харж байгаа.

-Аялал жуулчлал гэхээр гарцаагүй соёл урлагтай холбоотой болох байх. Ер нь энэ хоёр салбарт хамтарч ажиллах боломж, нөөц их байгаа болов уу?

-Аялал жуулчлал бол олон жилийн турш Туркийн эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирсэн салбаруудын нэг юм. Өнгөрсөн жил манай улсад 35 сая жуулчин зорчсон бол зөвхөн энэ салбараас олсон ашиг 32 тэрбум ам.долларт хүрсэн.

Манай улс дэлхийн хамгийн олон жуулчин хүлээж авдаг орны жагсаалтын зургадугаарт бичигддэг. Истанбул, Анталия зэрэг хотууд жуулчдын хамгийн их аялах дуртай газруудын тоонд ордог. Тэр ч утгаараа, Турк улс энэ салбарт хуримтлуулсан олон жилийн арвин их туршлагаа Монгол оронтой хуваалцах хүсэлтэй байдаг.

Ирэх жил Монгол Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн (ITB)-гийн хамтрагч орон болсон тохиолдолд манай хоёр орны аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагаа улам бүр өргөжинө гэж бодож байна.Нөгөө талаасаа урлаг бол хоёр улсын хамтарч болохуйц ихээхэн боломж, бололцоотой талбар юм.

Бид сүүлийн 10 сарын хугацаанд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Удирдах зөвлөлийн гишүүнийх нь үүргийг давхар гүйцэтгэдэг Монголын Урлагийн зөвлөл болон бусад урлагийн хүрээнийхэнтэй хамтарч олон сайхан арга хэмжээг зохион байгууллаа. Тухайлбал, зургадугаар сарын 17-22-нд болсон Улаанбаатар  дахь Туркийн соёлын өдрүүдийг онцлон хэлж болно.

-Саяхан танайд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Энэ удаагийн сонгууль иргэдийн оролцоотой болсноороо онцлог гэж байсан?

-Турк улс нь 1923 онд Бүгд Найрамдах засаглалд шилжсэн бөгөөд 1950 оноос өнөөг хүртэл улс төрийн  олон намын тогтолцоотой үйл ажиллагаагаа явуулж байна. Өмнө нь Ерөнхийлөгчийг Туркийн Үндэсний Их Хурал сонгодог байсан бол 2010 онд Үндсэн хуульд өөрчлөлт орсноор энэ жил анх удаа ард түмний олон нийтийн саналаар Ерөнхийлөгчөө сонголоо.

Өнгөрсөн наймдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 2002 оноос хойш Ерөнхий сайдын албыг хашиж ирсэн Эрхэмсэг ноён Режеп Тайип Эрдоан нийт сонгогчдын 52 хувийн санал авснаар БНТУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрээр өнгөрсөн сарын 28-ны өдөр албан ёсоор үүрэгт ажилдаа орсон.

Ерөнхий сайдын суудлыг БНТУ-ын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Ахмет Давутолу өвлөн авсан. Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Ахмет Давутолугийн байгуулсан БНТУ-ын 62 дугаар Засгийн газар энэ сарын 6-нд үүрэгт ажилдаа орсон. Маш богино хугацаанд өрнөсөн Туркийн улс төрийн удирдлагын төвшин дэх өөрчлөлтийг ардчиллын амжилт гэж дүгнэх нь зүйтэй болов уу.

-Энэ сард Туркийн Батлах хамгаалахын сайд манай улсад айлчилна гэсэн. Айлчлалын  гол зорилго нь юу байх вэ?

-Туркийн Үндэсний Батлан хамгаалахын сайд эрхэмсэг ноён Исмет Иылмаз энэ сарын сүүлээр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн урилгаар албан ёсны айлчлал хийнэ. 

Энэ айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үеэр хийгдэж байгаагаараа онцлог юм. Айлчлалын хүрээнд зөвхөн батлан хамгаалах салбараар зогсохгүй хоёр улсад ходбогдох бусад олон сэдэвт асуудлаас гадна бүс нутгийн болон олон улсын асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөж байна.

-Монгол, Турк улс нь угсаа гарал нэгтэй эртний харилцаатай орнууд. Монгол орон, монголчуудын талаар танай ард түмний ойлголт ямар байдаг вэ?

-Таны хэлсэнчлэн турк, монголчуудын угсаа гарал нэг. Олон зуун жилийн тэртээгээс үүдэлтэй амьдралын адил төстэй хэв маяг, соёл иргэншилтэй хоёр орны ард түмнийг хэн нь монгол, хэн нь турк вэ гэж ялгаж салгаж үзэхийг би хувьдаа утгагүй зүйл гэж боддог.

Хамгийн гол нь олон үндэстэн, соёл иргэншил оршин тогтнож байсан агуу их эзэнт гүрнүүдийн хойч үе болсон хоёр улсын ард түмнийг олон жилийн тэртээгээс үүдэлтэй нөхөрсөг, ахдүүгийн харилцаа холбож байдаг. Үүнээс гадна мэдээж хэрэг төстэй болон ялгаатай талууд ч олон бий. Биднийг ойртуулж холбож байдаг хамгийн гол зүйл бол эх хэл юм. Турк, монгол хэл нь Урал-Алтай хэлний бүлэгт багтдаг нэг бүтэцтэй хэл гэж үздэг. 

Энэ улсад арав орчим сарын турш ажиллаж амьдарч байгаа Элчин сайдын хувьд би Монгол Улсыг түүх, соёлын баялаг уламжлалтай, хосгүй үзэсгэлэнт байгальтай орон болохыг харсан. Харин Монголын ард түмэн бол зоригтой, шийдэмгий, тэмцэгч бөгөөд туркуудын анд нөхөр юм.

-Зарим зүйлээр таны хувийн бодлыг сонирхоё. Монголын цаг агаарт дасаж байна уу?

-Үнэнийг хэлэхэд Монгол дэлхийн хамгийн хүйтэн, эрс тэс уур амьсгалтай орны нэг. Дэлхийн хамгийн хүйтэн хотод амьдрахын хүнд хүчрийг, тэр хэмжээгээрээ энэ хүйтнийг монголчуудтай хуваалцахын сайхныг мэдэрч байгаагаа энд илэрхийлмээр байна.  

-Таныг хөлбөмбөг сонирхдог гэж сонссон. Аль улсын багийг дэмждэг вэ?

-Тийм  ээ.Намайг хөлбөмбөгийн “хорхойтон” гэж болно. Багаасаа тоглож өссөн болохоор миний хамгийн дуртай спортын төрөл. Манай улсын баг 2002 онд Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн. Би Туркийн Элчин сайдын хувьд энэ жил ч улсынхаа багийг дэмжсэн. Мөн хөлхөлбөмбөг сонирхогчдын адил Бразилийн багийн тоглолтыг дуртайяа үзэж сонирхсон.

-Та чөлөөт цагаа юунд зарцуулдаг вэ?

-Чөлөөт цагаараа музей болон үзэсгэлэн, галерей үзэж сонирхдог. Улаанбаатар хотын гудамжаар алхаж зугаалах,олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Монголын ард иргэдтэй уулзах дуртай. Мөн аялж зугаалах, Турк улсьн тухай ярилцах, ном унших дуртай.

Зураг