Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Усны үрэлгэн хэрэглээг багасгах шинэ тогтолцоог бүрдүүллээ

ikon.mn
2014 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

-БАЙГАЛЬ ОРЧИН НОГООН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ  БОДЛОГО, ШИЙДВЭРЭЭС-  

ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ НОГООН ХӨГЖИЛ 

 

Шинэчлэлийн Засгийн газраас 2013 онд баталсан шинэ журмаар усны үнэ цэнэ, тарифыг нэмэгдүүлэх, мөн усаа дахин ашиглаж байгаа хэрэглэгчийн төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх эдийн засгийн урамшууллыг бүрдүүлсэнээр 2014 онд 73 сая тонн ус хэмнэсэн байна. Ялангуяа олонхи уул уурхайн компаниуд ашигласан усаа хаядаг байснаа зогсоож хаягдлын далан нөөцлүүр байгуулж дахин ашиглаж эхэллээ.

Улсын төсвөөр хайгуул хийсэн гүний усны ордыг ашиглаж журмыг Засгийн газраас 2014 онд шинээр батлан гаргаснаар  усны эрэл хайгуулын ажилд зарцуулах хөрөнгийг  бүрдүүлэхэд чухал алхам болов. Журам батлагдсанаас хойш ордын нөхөн төлбөрт 2 тэрбум орчим төгрөг улсын төсөвт оруулаад байна. 


Монгол Улсыг Ногоон хөгжил рүү чиглүүлэх шинэ бодлого батлагдав

2030 он хүртэл Монгол Улсын тогтвортой хөгжлийн суурь баримт бичиг болох Ногоон хөгжлийн бодлогыг УИХ-аар баталлаа. Ногоон хөгжлийн бодлого нь эдийн засгийн өсөлтийг бий болгохдоо байгаль орчны доройтол, бохирдлоос сэргийлж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан, хүн амын амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн тэгш байдлыг хангахад оршиж байна.

Түүнчлэн дэлхий нийтээр ногоон эдийн засгийн хөгжил рүү тэмүүлж буй энэ цаг үед НҮБ-ын дэмжлэг авах анхны 7 орны нэг болов.
Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй 41 нэр төрлийн тоног төхөөрөмжийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлснөөр есөн сарын хугацаанд 24 тэрбум төгрөгийн татварт ноогдох 2.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг 24 аж ахуйн нэгж эдэлжээ. 24 аж ахуйн нэгжийн 6 нь орон нутгийн харьяалалтай байна.  

Аж ахуй эрхлэгчид Европын холбооны стандартын шаардлага хангасан шаталттай зуух, эрчим хүчний хэмнэлттэй лэд гэрэл, усан цахилгаан станцын болон дуслын усалгааны тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирсэн нь үйлдвэрлэл, үйлчилгээний газар болон айл өрхийн хэмнэлттэй хэрэглээнд ихээхэн тус болж байна. 

Монгол Улсын гол мөрөн хариуцах эзэнтэй боллоо



Монгол орны хэмжээнд гол горхи нуурууд болон газрын доорхи усны нөөцийг хамгаалах, ашиглалт хэрэглээ бохирдол зэрэгт хяналт тавих, хүн ам, бэлчээр газар тариалангийн усан хангамжийг зохицуулах үүрэг бүхий төрийн захиргааны 29 байгууллага (Сав газрын захиргаа) -ыг байгуулж бэхжүүлж байна.

Сав газрын үйл ажиллагааг дэмжих, хяналт тавих, нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий иргэдийн оролцоог хангасан Сав газрын зөвлөлүүдийг Туул, Улз, Тэсийн голууд, Увс нуур зэрэгт гол нууруудад байгуулав. 

Таримал ойг хувьдаа  өмчилж, төрдөө  худалддаг боллоо

Ойн бодлогын шинэчлэлийн үр дүнд ойжуулах ажлыг зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр хийж ирсэн зарчмыг өөрчилж, ойжуулах, ой хамгаалах ажилд  хувийн хэвшлийн хөрөнгийг оруулах эрх зүйн орчныг бүрдүүлсэнээр санхүүжилтийн  шинэ эх үүсвэр бий болж,  үнэлэмж,  үр дүн дээшлэв. 

2013 оноос иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж  тарьж ургуулсан ойгоо өмчлөх, төрд худалдах журам тогтоосноор ойжуулалтын ажлыг нэмэгдүүлэх шинэ эх үүсвэрийг бий болгож, үр дүнгээ өгч эхэллээ. Өнөөдрийн байдлаар Увс аймгийн 20 иргэн 39,5 га,  Дархан-Уул  аймагт ТББ 10 га, аж ахуйн нэгжүүд 7 га таримал ойг төр худалдан авлаа. 

Ойжуулалтын ажлын норм үнэлгээг 2-3 дахин нэмэгдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөнөөр эдгээр ажлыг эрхэлдэг иргэдийн орлого 1,5-2,0 дахин нэмэгдэв

Ойжуулалт, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг гааль, НӨТ-ийн албан татвараас, мөн ойжуулалтын болон цэцэрлэгийн аж ахуйн тоног төхөөрөмжийг борлуулалтын ашгийн татвараас тус тус чөлөөлснөөр техник, технологоо шинэчилж, чадавхиа сайжруулах нөхцөл бүрдэв.

Сүүлийн 2 жилд  ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний хүрээнд ногоон ажлын байр нэмэгдэж 8317 хүнийг  ажлын байраар хангаснаас 2328 хүн суурин  ажиллаж байна.

200 мянга орчим шоометр мод бүхий байгалийн ойг хамгаалан үлдээв

Засгийн газрын 230 дугаар тогтоолоор 2013 оны 6 дугаар сараас Монгол улсад импортоор оруулж ирэх мод, модон материалыг гааль, НӨТ-ийн албан татвараас чөлөөлснөөр хэрэглээний модны нийлүүлэлт нэмэгдэж (2013 оны эхний хагасд 4,9 мянган шоометр мод импортоор орж ирж байсан бол 2014 оны мөн үед 18,8 дахин их буюу 87,2 мянган шоометр зүсмэл ОХУ-аас орж ирсэн), 1645 га талбай бүхий ойг сүйтгэхээс буюу 170 орчим мянган шоометр нойтон модыг бэлтгэхийг зогсоов.  Мөн БОНХ Сайдын тушаалаар 2013 оноос төмөр замын дэрэнд мод хэрэглэхийг хориглосноор жил бүр 25,0 мянган шоометр буюу 225 га ойг огтлохоос хамгаалан үлдээж байна.  

Ойг эрүүлжүүлэх, түлээ, үртэсний дотоодынхоо хэрэгцээг хангах хөтөлбөр батлагдлаа  

Монгол Улсын ой бүхий талбайн 11 хувьд унасан, хатсан, түймэрт өртсөн, хорхойд идүүлсэн 64 сая шоометр үхмэл мод байгааг судлан тогтоож, 2014 оны 2 дугаар сард “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ЗГ-ын шийдвэрийг гаргалаа. Энэ хөтөлбөрийг 2014 оны намраас хэрэгжүүлэхээр бэлтгэлийг ханган ажиллаж байгаа бөгөөд үүний үр дүнд ойн түймэр гарах эрсдэл 2-3 дахин, хортон шавьжийн аюул 2 дахин буурах зэргээр ой эрүүлжиж нөхөн сэргэх, мөн иргэдийг хямд түлээгээр хангах, үртэс зоргодосны дотоодын хэрэгцээ хангагдах, модон материалын үйлдвэрлэл хөгжих зэрэг олон талын ач холбогдол гарах юм. Одоогоор ойн цэвэрлэгээний ажилд оролцох нутгийн иргэд, ойн мэргэжлийн байгууллага, ойн ангиудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

Ан амьтдыг агнуулах эрх нутгийн иргэдэд шилжив

Агнуурын бүс нутагт ховор ан амьтны нөөцийг нутгийн иргэдийн оролцоотой хамгаалах менежментийг бий болгож, шинэ журам гаргалаа. Ингэснээр төрийн байгууллага бус, нутгийн иргэд нь ан амьтны голлох хамгаалагч болж, тухайн амьтны нөөцийг ашиглах давуу эрхтэй болов.

Ан амьтан агнасан төлбөрийг 100% тухайн сумын төсөвт төвлөрүүлэн, төлбөрийн 50 хувийг аргаль, угалз, тэхээ хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулахад зарцуулах болсон нь агнуурын амьтныг хамгаалах санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг бий болголоо. 2013 онд ан амьтан агнуулсны төлбөр 528 сая төгрөг 8 аймгийн 20 гаруй сумын татварын дансанд оржээ. 

Мазаалайг төр хамгаалалтдаа авлаа


Устах аюул нүүрлэсэн, нэн ховор амьтан болох Мазаалай баавгайг шинэ дэд зүйл буюу дэлхийд Монголоос өөр хаа ч байхгүй баавгай болохыг тогтоож, түүний амьдрах орчныг тэтгэх болоод зориудын үржүүлэг хийх замаар тоо толгойг өсгөх, хамгаалах зорилго бүхий Үндэсний хөтөлбөр батлагдлаа.

Хөтөлбөрийн  хүрээнд зориудаар хур оруулах төхөөрөмж суурилуулж, хөв цөөрөм, автомат булаг шандууд байгуулагдан говийн экосистемийг бүхэлд нь тэтгэж эхэлсний зэрэгцээ, Мазаалайд зориулж тэжээл үйлдвэрлэх цех 2014 оны 9 сард ашиглалтанд орж байна.

Мөн БНХАУ-ын эрдэмтдийн Панда баавгайг лабораторийн нөхцөлд үржүүлсэн туршлагыг Мазаалайд хамтран хэрэгжүүлэхээр болов.

Аймаг, сумд байгаль хамгаалах мөнгөтэй, түүнийгээ зарцуулах эрх, үүрэгтэй боллоо

ЗГ-ын 2014 оны 43 дугаар тогтоолоор байгалийн нөөцийн төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах шинэ журам баталснаар аймаг, сумдын дансанд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хөрөнгө төвлөрөх, түүнийг хэн хэрхэн зарцуулах эрх үүрэг нэг мөр журамлагдан цэгцрэв. Бүх шатны Засаг дарга нар ургамлын нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувь, ойн нөөц ашигласны 85%,  ан амьтны нөөц ашигласны 50%, ус, рашааны нөөц ашигласны  55%,  газар ашигласны төлбөрийн орлогын 55 хувийг байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд зарцуулах үүрэгтэй болгов. 

2013 онд Монгол Улсын хэмжээнд байгалийн нөөц ашигласны төлбөрөөс 48.3 тэрбум төгрөгийн орлого орон нутгийн дансанд төвлөрснөөс дөнгөж 8% буюу 4 тэрбум төгрөгийг байгаль хамгаалахад зарцуулсан бол 2014 онд 25 орчим тэрбум төгрөгийг байгалийн нөөцийг хамгаалахад зарцуулах бөгөөд эхний сайн жишээ Булган аймаг уул уурхайн нөхөн сэргээлтийг эрчимтэй хийснээс харагдаж байна. 

Булган аймагт 5,6 тэрбум төгрөг төвлөрч хогоо ангилан ялгах, бутлан жижиглэх цех байгуулах, уул уурхайн орхигдсон талбайг нөхөн сэргээх, нөхөрлөлүүдийг дэмжих замаар модны хулгай болон хортон шавьжтай тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагаанд зарцуулж үр дүн нь гарч байна. Энэхүү журмаар иргэд, иргэний нийгмийн байгуулан хамтран төлөвлөх, зарцуулах, хяналт тавих үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломж бүрэн хангагдсан.

Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийг Япон Улстай байгуулав  

Түншлэлийн хүрээнд Японы Байгаль орчны яамны дэмжлэгээр Төв аймгийн Борнуур сум болон нийслэлийн 118 дугаар дунд сургуульд өндөр бүтээмж бүхий нам даралтын зуухыг суурилууллаа. Ингэснээр жилд бууруулах хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээ 750 тн нүүрстөрөгч болж буурна.

Улаанбаатар хотын гэр хорооллуудад эрчим хүчний үр ашигтай цогцолбор нэвтрүүлж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах судалгааны ажил хийгдэж, цаашид нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран 84 айлын эко орон сууцыг барина. Оюутолгой болон Цагаан суваргыг холбосон 160 км урт 220 кВт-ын эрчим хүчний алдагдал багатай цахилгаан дамжуулах шугамыг тавьж байна.

Монгол дэлхийн улс орнуудын өмнө хариуцлагатай үүрэг хүлээлээ


Байгаль орчны хууль тогтоомж, санхүү, хөгжлийн бодлогыг төлөвлөдөг, дэлхийд хошуулагч байгууллага болох  НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгчөөр БОНХ-ийн Сайд С.Оюун сонгогдлоо. Ингэснээр байгаль орчны асуудлыг дэлхий нийтийн анхааралд хүргэж, хүн төрөлхтний өмнө тулгамдсан сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд томхон түлхэц үзүүлдэг, байгаль орчны асуудлаар төрөлжсөн хамгийн том байгууллагыг 2 жил удирдах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг Монгол Улс хүлээв.

 

ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ БОЛНО