Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ ҮЗЭСГЭЛЭН: “Жингүйдэл”

ikon.mn
2014 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

“Урлагийн түүх бүхэлдээ арга ажиллагаа, түүний дэвшилтэт хуримтлалын түүх биш, харин байнга өөрчлөгдөн хувирч, халагдаж солигдож байдаг үзэл санаа, шалгууруудын түүх юм” хэмээн урлагийн түүхч Эрнст Гомбрих бичсэн нь бий.

Хэдийгээр урлагийн гоо сайхан тал, сэтгэл татах шинжийн тухай бүгд мэддэг ч аливаа бүтээл нь туурвигчийнхаа ертөнц, үзэл санааны тусгал төдийгүй цаг үеийнхээ тусгал болдгоороо түүхийг үлдээж буйг заримдаа анзаардаггүй. Өнөөдөр бидэнд эдийн засаг, нийгмийн асуудлууд, даяарчлалаас урган гарсан “Бид хэн бэ, хаашаа явж байна вэ” гэх асуултууд тулгараад буйг цөөнгүй уран бүтээлчид өөрсдийн ажлуудадаа тодоор тусгасан нь ажиглагддаг.

Тэр дундаас монгол зургийн аргаар урлаж, орчин үеийн хэлээр хүүрнэсэн ажлууд онцгойрдгийн нэг нь Г.Гэрэлхүүгийн бүтээлүүд юм. Түүний хоёр дахь бие даасан “Жингүйдэл” үзэсгэлэнг 976 галерейд нээлээ. Уг үзэсгэлэнд цуврал зургуудаас бүрдсэн томоохон хэмжээний,

  • “Өнгөрснийг эзгүйчлэгч” 
  • “Оргүйг тосохуй”
  • “Чиглэлгүй аялал” хэмээх гурван ажлыг дэлгэж буй юм.

Г.Гэрэлхүү баатрууд, дайн тулаанаар дэвсгэрлэсэн ажлуудаараа танигдсан. Ялангуяа робот, машин техникүүдийг сөрж буй эртний морьт баатрууд бол түүний нэрийн хуудас гэж хэлж болно. Энэ тухай Asian Art News сэтгүүлийн эрхлэгч Иан Финдлей “Тэр биднийг тогтворгүй хотын амьдралынхаа орчин тойрныг аажмаар хирнээ хүчтэйгээр анзаарахад хүргэнэ. Тэр хөндийрүүлэлт, хүчирхийлэл, уламжлалаа алдсан байдал, багтарсан хотын амьдрал, нийгмийн шийдэмгий бус байдал болон биднийг бие биеэ танихгүй мэт болгож буй технологийн тухай өгүүлэхээс айгаагүй.

Тэрээр өөрийн өнгө будгийг ашиглан биднийг цаг хугацаа, орон зайн тухай илүү ойлгоход хүргэж байна” бичсэн нь бий. Харин шинэ үзэсгэлэнд зураач төөрөлдсөн үеийнхний тухай сэдвээ гүнзгийрүүлэн бүхний  тодорхойгүй байдалд илүүтэй анхаарал хандуулжээ. Байгаа хэрнээ байхгүй мэт, байхгүй ч байгаа мэт оршдог ойлголт, зүйлсийг дүрсэлсэн нь сүсэг, итгэлийн тухай асуудал гэхээс илүүтэй, юмсын тодорхойгүй шинжийг төлөөлөх аж. Түүнчлэн тэрбээр геометрийн дүрслэлүүдийг ашигласан нь зургийн зохиомжийг тун сонирхолтой болгосон байна.

Үзэсгэлэн энэ сарын 21 хүртэл үргэлжилнэ.