Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Дүүрэнбаяр: Дэлхийн ур чадварын тэмцээнд есөн мэргэжлээр оролцоно

Э.Пагма
2014 оны 9 сарын 3
Монголын мэдээ
Зураг зураг
Хөдөлмөрийн яамны Техникийн боловсрол, стандарт хариуцсан мэргэжилтэн Р.Дүүрэнбаяр

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурласан мэргэжилтэй чадварлаг ажилтан бэлтгэх, мэргэжлийн боловсролын тогтолцоог сайжруулж багш суралцагчдын ур чадвар мэдлэгийг сорих, дэлхийн төвшинд таниулах, гадны улс орны туршлагаас сурах зорилгоор манай улс Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад гишүүнээр элссэн билээ.

Ингэснээр дээрх байгууллагаас зохион байгуулдаг “Дэлхийн ур чадвар” тэмцээнд оролцох боломжтой болсон юм. Ирэх жил Бразил улсад болох уг тэмцээнд манай улсаас есөн суралцагч оролцохоор болсон билээ.

Тиймээс тэмцээний бэлтгэл ажлын талаар Хөдөлмөрийн яамны Техникийн боловсрол, стандарт хариуцсан мэргэжилтэн Р.Дүүрэнбаяртай ярилцлаа.

-“Монгол ур чадвар” тэмцээнийг салбар яамнаас санаачлан зохион байгуулсан. Тэмцээний ач холбогдлын талаар танилцуулахгүй юу?
 
-Манай улс Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад элсэх хүсэлтээ 2013 онд Гадаад харилцааны яамаар дамжуулан хүргүүлсэн. Бидний хүсэлтийг тухайн байгууллага хүлээн авч Монгол Улсыг 69 дэх гишүүн орноороо элсүүлэн авсан.

Ингэснээр монгол хүний ур чадварыг дэлхийд таниулах, өрсөлдүүлэх боломж нээгдэж байгаа юм. Манай улсад 1960, 1970, 1980 онд үйлдвэржилт өөрөө хөгжсөн гэхэд болно. Өнөөдөр энэ салбар маань улам хөгжиж, өргөжиж байгааг хүн бүхэн харж байна.

Манай улсад 1960, 1970, 1980 онд үйлдвэржилт өөрөө хөгжсөн гэхэд болно. Өнөөдөр энэ салбар маань улам хөгжиж, өргөжиж байгааг хүн бүхэн харж байна.
 

Өөрөөр хэлбэл, өнөөдөр нэг барилга байшин барихад тоосгоо үүрээд дээшээ гардаг, шавраа өөрийн гараараа зуурдаг үе үгүй болж. Тиймээс энэ салбар олон улсын төвшинд хүртэл хөгжиж, үүнийг дагаад монголчууд юу хийж чаддаг вэ гэдгийг энэ тэмцээнээр дамжуулан дэлхийд таниулах юм. Үүнээс гадна олон улсын чиг хандлагыг дагаж энэ салбар илүү шинэлэг, өндөр төвшинд гарах ёстой.

Дэлхийн хөгжилтэй эн тэнцэх төвшинд хүргэх гол хүн нь багш. Багш өөрөө чадамжтай байж техник технологийн хурдацтай хөгжлийг дагаснаар чадвар, чадамжтай суралцагчид гарах болно. Тиймээс л бид дээрх байгууллагын гишүүн орноор элсээд өөрийн улсдаа “Монгол ур чадвар 2013”, “Монгол ур  чадвар-2014” нэг, хоёрыг зохион байгуулаад байна.
 
-Дээрх тэмцээнд амжилттай оролцсон суралцагчид ирэх жил Бразил улсад  болох олон улсын тэмцээнд оролцоно. Уг ажлын бэлтгэл хэр байна. Үүнтэй уялдуулан салбар яамнаас ямар ажлыг хийж байна вэ?

 
-“Монгол ур чадвар” тэмцээнийг есөн мэргэжлийн да­гуу зохион байгуулсан. Гэхдээ шалгаруулалт хийхдээ нэг, хоёрдугаар байр эзэлсэн хүүхдийг тодруулж, Хөдөлмөрийн яамнаас хөрөнгө санхүүг нь гаргаж, багштай нь англи хэлний хоёр сарын вакумжуулсан сургалтад хамруулж, төгсгөлөө.

Үүнээс гадна ирэх сарын эхээр шалгарсан хүүхдүүдээ багштай нь хамт БНСУ руу авч явах гэж байна. Учир нь тус улс өнгөрсөн жил Дэлхийн ур чадварын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн. Тиймээс хүүхдүүддээ туршлага суулгах үүднээс Солонгосын ур чадварын тэмцээнийг үзүүлж, энэ чиглэлээр нь 14 хоногийн сургалтад хамруулах юм.
 
-Бразилд болох тэмцээнд манай улс хэдэн мэргэжлээр оролцох вэ. Мөн тэмцээнд ямар ямар даалгавар ирэх бол. Энэ талаар мэдээлэл бий юу?
 

-Ирэх жил Бразил улсад болох ур чадварын тэмцээний даалгавар гарсан. Манай улс есөн мэргэжлээр оролцоно гэдгээ мэдэгдэж, бүртгүүлсэн. Энэ дагуу мэргэжил мэргэжлийн чиглэлээр удирдамж, даалгавар ирсэн. Даалгаврыг харж байхад маш хүнд гэж хэлж болно. Олон улсын тэмцээний өргийн тэмцээнд гэхэд Бразил улсын алдартай Христын хөшөөг өрөх тэмцээн байх жишээтэй. Тийм учраас бид маш их хөдөлмөрлөж, бэлдэх ёстой болж байгаа юм.

Ирэх жил Бразил улсад болох ур чадварын тэмцээний даалгавар гарсан. Манай улс есөн мэргэжлээр оролцоно гэдгээ мэдэгдэж, бүртгүүлсэн.

-“Монгол ур чадвар” тэмцээний даалгавар ер нь хэр хүнд байсан бэ?

-2013 онд зохион байгуулсан тэмцээний даалгавар маань харьцангуй амархан байсан гэхэд болно. Харин 2014 оны “Монгол ур чадвар-1, 2”-ын даалгавар арай хүндэрсэн. Бид энэ удаагийн тэмцээнд оролцохдоо хоёр зүйлийг голлон анхаарсан.

Үүнд хүүхэд, багш хоёр маш сайн англи хэлтэй болох. Мөн ур чадварын ажлыг сайн гүйцэтгэхээс гадна даалгаврын зургаа маш сайн уншдаг байх ёстой гэсэн хоёр чиглэлийг барьж байна. Ур чадварын тэмцээнийг ийнхүү олон улсын жишиг рүү оруулснаар манай улсын МСҮТ-д суралцаж буй суралцагчдын хичээлийн программд англи хэлний хичээлийн цагийг түлхүү нэмэх асуудлыг судалж, эхний хэсгийг туршилтаар эхлүүлээд байна.
 
Анх энэ тэмцээнийг зохион байгуулахад зайлшгүй анхаарах, нэн түрүүнд ажил болгох олон зүйлийг олж харсан. Тухайлбал, багшийн ур чадварыг дээшлүүлэх, сургалтын орчинг сайжруулах, суралцагч өөрсдийн сонирхлыг дагаж МСҮТ-д орж ирэхгүй байгааг олж харсан. Өөрөөр хэлбэл, чанарт бус тоо хөөсөн чиглэлийг барьж байсныг харж, өнгөрсөн жил болон энэ жилээс олон улсын чиг хандлагыг голлож эхлээд байна.
 
-Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон тохиолдолд суралцагчдыг ямар боломж хүлээж байна вэ?
 
-Спортын олимп дөрвөн жилд нэг удаа болдогтой адил Дэлхийн ур чадварын олимп хоёр жилд нэг удаа болдог. 48 мэргэжлээр дэлхийн 70 орчим улс оролцдог. Хэрвээ энэ тэмцээнд амжилттай оролцвол дэлхийд алдартай компани, корпорацид урилгаар ажилд орж, насан туршийн амьдралын баталгаагаа өөрийн гараар бий болгох юм.

Дэлхийн ур чадварын олимп хоёр жилд нэг удаа болдог. 48 мэргэжлээр дэлхийн 70 орчим улс оролцдог. 
 
 

-Цаашид суралцагчдын чадамжийг сайжруулах, дэл­хийн төвшинд гаргах талаар салбар яам ямар бодлого баримталж байна бол?
 
-Их, дээд сургуульд сурч байгаа хүүхдүүд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой байдаг. Гэтэл коллеж, МСҮТ-д сурч байгаа хүүхдүүдэд дээрх боломж байгаагүй.

Тиймээс Хөдөлмөрийн яамнаас уг ажлыг судалж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Япон улс суралцагчдаа солилцож дадлага хийлгэх саналыг хэрэгжүүлэх бололцоотойгоо хэлсэн. Уг ажил албан ёсоор баталгаажаагүй ч бид ажил хэрэг болгохоор ажиллаж байна. Мөн Солонгос улсад хүсэлтээ өгсөн. ОХУ- ын Буриадад албан бичгээ хүргүүлэхээр ярилцаж байна. Оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжсэнээр суралцагчдыг чадавхижуулах, идэвхжүүлэх хөшүүрэг болох юм.
 
Өөрөөр хэлбэл, техник технологи өндөр хөгжсөн орнуудад дадлага хийх бололцоог салбар яам нээж өгч байна. Оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд хоёр сургуульд туршилтын анги нээсэн. Эхний хоёр жилийг Монголдоо, үлдсэн жилээ Солонгос улсад сурах боломжийг судалж, туршилтын ангийг нээн ажиллуулж эхлүүлээд байна. 

Зураг