Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Алтанцэцэг: Удахгүй таван цомгоороо бэлэг барина

Ч.Гантулга
2014 оны 9 сарын 3
Зууны мэдээ
Зураг зураг
Гавьяат жүжигчин, поп дива, дуучин Ж.Алтанцэцэг

Гавъяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэгтэй хувийн амьдрал болон сүүлийн үеийн уран бүтээлийнх нь тухай ярилцлаа.

-Энэ зуныг та хэрхэн өнгөрөөсөн бэ. Шинэ дуу гаргаагүй нэлээд удах шиг боллоо?

-Амралтын байдалтай өнгөрүүлсэн гэхэд болно. Амаржаад удаагүй болохоор  ихэнх цагийг хүүхдүүдтэйгээ өнгөрөөлөө. Дэлгэр, сайхан зун цагийг ашиглан аавынхаа төрсөн нутгаар очоод ирсэн.

-Бүсгүй хүний амьдралын хамгийн сайхан мөч ээж болох. Хүүхдүүдээ харахаар аз жаргал мэдрэгддэг байх даа?

-Хүүхэд гэдэг амьдралын утга учир шүү дээ. Анхны үрээ тэврэх мөчид би хамгийн аз жаргалтай эмэгтэй болсон. Дахиад тэр мэдрэмжийг мэдэрлээ. Өдөр бүхэн хүүхдүүдээ хараад инээх ямар сайхан гээч.

-Та өөрийгөө хэр азтай эмэгтэй гэж боддог вэ?

-Амьдралд жаргал зовлон ээлжилдэг нь жам. Урлагийн хүний амьдрал хатуу үедээ хатуу шүү дээ. Гэхдээ тэр бүхнийг даваад гарах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Миний хувьд уран бүтээлээ хийж байна, элэг бүтэн гэр бүл минь байна.

Хүн хүссэн зүйлээ хийж чадаж байна гэдэг хамгийн чухал юм болов уу.

Энэ бүхэн хангалттай гэж боддог. Хүн хүссэн зүйлээ хийж чадаж байна гэдэг хамгийн чухал юм болов уу.

-Танай студийг ажиллахгүй байна гэж сонссон. Хаалгаа барьж байгаа юм биш биз?

-Тийм зүйл байхгүй ээ. Уран бүтээлчид маань амарч байгаа. Зуны улиралд урлагийнхны идэвхи сул байдаг шүү дээ. Энэ үед нь бид ч ялгаагүй амрахаар шийдсэн юм. Одооноос уран бүтээл маань жигдрээд эхэлнэ.

-Танай студиэр ихэвчлэн залуу уран бүтээлчид дуугаа бичүүлдэг юм билээ. Таны хувьд тэдэнтэй хэр дотно байдаг вэ?

-Манай урлагийнхан сайхан шүү дээ. Бие биенээ их дэмжинэ. Манай студийн уран бүтээлчид ч ихэнх нь залуус байдаг. Би тэдэнтэйгээ ойр, дотно байхыг хүсдэг. Мөн залуу уран бүтээлч олноор төрж байна. Бид аль болох дүү нараа дэмжихийг боддог.

-Рагу явснаас хойш “Prosound” студи ажиллахаа болих нь гэсэн яриа гарсан байна лээ?

-Рагуг явсан ч манай студи хэвийн үйл ажиллагаагаа явуулах болно. Өөрчлөлт гараагүй гэж ойлгож болно. Манай студиэр дуугаа хийлгэх хүсэлтэй уран бүтээлч олон бий.

Өөрийнхөө урлагт зүтгэсэн он жилүүд, уран бүтээлээ цомгоороо тайлагнахаар шийдлээ. Ардын болон хүүхдийн дуу, хуучны уран бүтээлүүд, шинэ дуунууд гээд таван цомог гаргах хэмжээний урын сан бий болчихож.

Бид тэдэнтэйгээ гэрээ хийж, хамтарч ажилладаг. Үүнийхээ дагуу энэ жилийн ажлын төлөвлөгөөгөө гаргасан.

-Студийн уран бүтээл ийм байдаг байж. Хувийн  уран бүтээлийнхээ тухай сонирхуулаач?

-Энэ жил өөртөө том зорилт тавьчихаад байгаа. Таван цомог гаргахаар бэлтгэл ажлаа эхэлчихсэн байна. Өөрийнхөө урлагт зүтгэсэн он жилүүд, уран бүтээлээ цомгоороо тайлагнахаар шийдлээ. Ардын болон хүүхдийн дуу, хуучны уран бүтээлүүд, шинэ дуунууд гээд таван цомог гаргах хэмжээний урын сан бий болчихож.

-“Алтанцэцэг” тоглолтоо бас DVD хэлбэрээр гаргана гэсэн үү?

-Таван цомгийнхоо нэгийг DVD хэлбэрээр гаргахаар шийдсэн. Үүнд миний өнгөрсөн жил хийсэн “Алтанцэцэг” тоглолт маань бүрэн эхээрээ орно. Энэ мэт төлөвлөж, бодсон ажил их байна.

-Та охидын хамтлагийн продюсерээр ажиллаад багагүй хугацааг өнгөрөөлөө. Дуучин байх, продюсер байх хэр ялгаатай юм бэ?

-Илүү их хариуцлага ирдэг юм билээ. Нэг хамтлагийн уран бүтээлийг хариуцна гэдэг амаргүй ажил. Гэхдээ охид маань энэ жил сайн ажилласан. Урын сан ч арвинтай боллоо. Тиймээс хэсэг хугацаанд амралтын байдалтай байна. Гэхдээ удахгүй шинэ уран бүтээлээрээ уулзах болно.

-Та охиддоо хэр шалгуур тавьдаг вэ. Зарим продюсерүүдийг хэтэрхий өндөр, хатуу шаардлага тавьдаг гэх юм билээ?

-Би өндөр шалгуур тавьдаггүй. Уран бүтээлээ цалгардуулахгүй, хийх үедээ хийж байвал боллоо гэж боддог. 

Зураг