Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

“School police” эцэг, эхийн эргүүлийг үргэлжлүүлнэ

Ж.Отгонмягмар
2014 оны 9 сарын 3
Монголын мэдээ
Зураг зураг
Цагдаагийн газрын гэр бүл хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Ариунзаяа

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор “School police” эцэг, эхийн эргүүлийн ажлыг үргэлжүүлэн зохион байгуулах эсэх талаар нийслэлийн Цагдаагийн газрын гэр бүл хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Ариунзаяагаас тодрууллаа.  

-Энэ хичээлийн жил “School police” эцэг, эхийн эргүүлийн ажлыг үргэл­жүүлэх үү?

-Энэ жил ч гэсэн “School police” эцэг,  эхийн эргүүлийн ажлыг үргэлжүүлэн зохион байгуулна. Есдүгээр сарын 1-ний өдөр нийслэлийн хоёр, тавдугаар сургууль болон “Монгени” сургууль хүүхдэд ээлтэй сургууль болох зорилт тавьж “School police” эцэг эхийн эргүүлийн ажлын нээлтийг хийсэн. Даш­рамд дуулгахад, Нийслэлийн цагдаагийн газраас  2014-2015 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 15-ны хооронд  зохион байгуулж байна.

-Бүтэн жилийн хугацаанд  “School police” эргүүлийн ажлыг явуулсан. Өнгөрсөн хугацаанд ямар үр дүн гарав?

-Бид өнгөрсөн жил МСХ-той  хамтарч нийслэлийн ерөнхий боловсролын 211 сургууль дээр  “School police”эргүүлийн ажлыг явуулсан. Энэ  хугацаанд  сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэргийн гаралтаас урьд­чилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан.

Тус ажилд сургуулийн захиргаа, эцэг эхчүүд, төрийн болон төрийн бус байгууллага идэвхитэй оролцсоны үр дүнд  сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэргийн гаралт 30 хувиар буурсан. Тиймээс 2014-2015 оны хичээлийн жилд “School police” төслийн арга хэмжээг  үргэлжлүүлэхээр ажиллаж байна. Мөн сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоог 50 хувиар бууруулах зорилтыг тавьж байна. Ер нь  эргүүлийн ажил зөвхөн цагдаагийн байгууллагаас хамаарахгүй.

“School police” эргүүлийн ажил хийж байгаа эцэг эхчүүд сургуулийн орчны хаана гэмт хэрэг гарч байна. Мөн сургуулийн ойролцоо байгаа PC тоглоомын газрууд хэдэн цаг хүртэл ажиллаж байна гэх мэт асуудалд  давхар хяналтыг тавьж байгаа.

Тиймээс  эцэг, эхчүүд болон сургуулийн захиргаа, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа хамгийн чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Эргүүл хийж байгаа эцэг, эхчүүдэд  цалинтай өдрийн чөлөө өгч байгаа. Иймээс эцэг, эхчүүд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд энэхүү ажилд идэвхитэй оролцох хэрэгтэй юм.

Ер нь “School police” эргүүлийн ажил хийж байгаа эцэг эхчүүд сургуулийн орчны хаана гэмт хэрэг гарч байна. Мөн сургуулийн ойролцоо байгаа PC тоглоомын газрууд хэдэн цаг хүртэл ажиллаж байна гэх мэт асуудалд  давхар хяналтыг тавьж байгаа.

-Өнгөрсөн жил “School police” эргүүлийн ажилд эцэг, эхчүүд хэр идэвхитэй оролцов. Сургуулийн захир­гаа ямар асуудал дээр илүү анхаарч ажиллах ёстой вэ?

-Ер нь харилцан адилгүй байсан. Сургуулийн зүгээс эцэг, эхчүүдэд нэгдсэн хурал зохион байгуулж мөн сургалтыг эцэг, эхчүүд явуулах хэрэгтэй юм. “School police” эргүүлд гарч байгаа эцэг, эхчүүд сургуулийн нийгмийн ажилтан заавар зөвлөгөө өгөх ёстой.  Тухайлбал, эцэг эхчүүдийг эргүүлд гаргах 14 хоногийн өмнө хурал хийж, сургалтын материалыг үзүүлж танилцуулах хэрэгтэй юм.

-“School police” эргүүлд  гарч байгаа эцэг, эхчүүдэд хэн хяналт тавих вэ?

-Нийслэлийн Цагдаагийн га­зар, МСХ-ы  дэргэд төслийн журмын хэрэгжилт, үйл ажиллагаа, үр дүнд хяналт тавих, эргүүлийн үйл ажиллагааг тасралтгүй, идэвхтэй гүй­цэт­гүүлэх зорилгоор “School police” төвийг байгуулсан.

Тус төв нь хяналт тавих үндсэн чиг үүргээс гадна ерөнхий боловсролын сургуулийн захиргаа, “Өсвөрийн цагдаа бүлгэм”-тэй хамтран олон нийтэд хандсан сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулж байна. “School police” төв дээр иргэд олон нийт, сурагчдаас гомдол, мэдээлэл, санал хүлээн авах 312112 дугаарын утсыг ажиллуулдаг.

-Энэ хүрээнд цаашид хийхээр төлөвлөж буй ямар ажил байгаа вэ?

-“School police” төслийг үр дүнтэй, тогтвортой хэрэг­жүүлэх зорилгоор хийхээр төлөвлөж буй олон ажил бий. Тухайлбал, эргүүлийн үйл ажиллагааг үлгэр жишээ, сайн зохион байгуулж байгаа сургуулиудын үйл ажиллагааг дэмжих, идэвх санаачилгатай оролцож гэмт хэрэг, зөрчил илрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, сургуулийг шал­гаруулж, урамшуулах, шаг­нах ажлыг зохион байгуулна.

Энэ чиглэлээр эцэг эх, сурагч, сургуулийн багш, цагдаагийн алба хаагч нарт сургалт зохион байгуулах, сургууль бүрийн орчны эрсдэлт байдлыг тодорхойлох судалгааны ажлыг явуулж, эрсдэлт байдлын судалгаанд үндэслэн тэдний эрх ашгийг нь хамгаалах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудад асуудал дэвшүүлсэн албан мэдэгдэл, шаардлага хүргүүлж, эрсдэлт нөхцөл байдлыг арилгуулах арга хэмжээ авч ажиллах зэрэг төлөвлөсөн зүйлс бий.

Зураг