Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

А.Гантулга: Орон сууцжуулах хөтөлбөрийг төрийн бодлогоор цогцоор нь шийдэх хэрэгтэй

М.Уянга, Өдрийн шуудан
2014 оны 9 сарын 3
MorninigNews.mn
Зураг зураг
ТОСК-ийн гүй­цэтгэх захирал А.Гантулга

“Буянт-Ухаа-1” хорооллын анхны оршин суугчид түлхүүрээ гардаж аваад удаагүй байгаа билээ. Мөн “Буянт-Ухаа-2” хорооллын ажил ид өрнөж байгаа энэ үед Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулгатай ярилцсан юм.

-“Буянт-Ухаа-1” хороол­лын анхны ор­шин суугчид түлхүүрээ гардлаа. Дараа да­раагийн зээлдэгчдийн зээл хэрхэн ший­дэгдэж байгаа вэ? 

-Тийм ээ. Эхний 100 гаруй оршин суугч түлхүүрээ гардаад 10-аад хонож байна. Одоо банкнаас зээл өгнө гэсэн шийдвэр нь гарсан 500-600 иргэн байна. 

Мөн зээлд хамрагдахыг хүссэн ир­гэдийн хүсэлтийг шалгаж, долоо хоногт ойролцоогоор 100 гаруй иргэний зээл шийдэгдэж байгаа. 

-Сугалаанд оролцож зээлийн орон суу­цанд хамрагдах эрх нь үүссэн ч тодорхой шалтгааны улмаас зээлд хамрагдахаас татгалзсан 300 орчим иргэний орон суу­цыг бэлэн мөнгөөр нь худалдах болсон гэсэн. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Хүний амьдралд янз бүрийн зүйл тохиолдоно шүү дээ. Зарим хүний биеийн байдал муудаж, үхэл хагацал үзэх, гадагшаа сургуульд явах зэрэг шалтгаанаар татгалзаж байна. 

Тиймээс банкны зээлийн шалгуураа дийлээгүй 300 орчим хүн орон сууцны зээлд хамрагдах хүсэлтээ буцаасан. Үүнд бид хоёр дахь ээлжийн сугалаа явуулъя хэмээн журамласан боловч шийдвэрээ эргэн харж, сугалаанд орж азтан болж чадаагүй иргэддээ бэлэн мөнгөөр худалдъя гэсэн уян хатан шийдвэрт хүрээд байна.

-Яагаад ийм шийдвэр гаргах болов?

-“Буянт-Ухаа-1” хороол­лыг “Чингис бонд”-ын хөрөнгөөр барьж байгаа. Одоо гүйцэтгэл нь 50-60 хувьтай явж байна. “Буянт-Ухаа-2” хорооллын газрын асуудал шийдэгдэхгүй байсаар барилгын ажил аажуу эхэлсэн. Тодруулбал, зургаадугаар сарын 15-наас эхэлсэн. Өмнөх хороолол буюу “Буянт-Ухаа-1” тавдугаар сард эхэлж байсныг хүмүүс санаж байгаа биз ээ. 

Барилгын ажил нь аажуу эхэлсэн мөн банкны зээл олголт удаашралтай байгаа учраас сугалаанд оролцож эрхээ авсан ч орон сууцны зээлд хамрагдах боломжгүй гэж байгаа хүмүүсийн орон сууцыг сугалаанд ороод сугалагдаагүй атлаа бэлэн мөнгөтэй иргэдэд шууд худалдахаар болсон. 

Үүнээс орж ирэх мөнгийг “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтэд нэмэрлэж, барилга угсралтын ажлыг эрчимжүүлэхээр болж байгаа юм. 

-Бэлэн мөнгөөр нь орон сууц худалдаж авах эдийн засгийн чадамжтай хүн хэр олон байна. Хүмүүс танай корпорацид хэр хандаж байна вэ?

-Тийм хүмүүс манайд их ирж байгаа. Зарим нь бүр бэлэн мөнгөө цүнхэлж ирчихээд, гэрээгээ хийе, байраа сонгоё гэх жишээтэй. 

-“Буянт-Ухаа-2” хорооллын барилга угсралтын ажил хэдэн хувьтай байгаа вэ?

-Тэнд одоо 28 га газарт 7800 өрхийн 48 барилга баригдаж байгаа. Барилга угсралтын хувьд бүх барилга 5-7 давхартаа байгаа. 

-Энэ хорооллын оршин суугчдын хэдэн хувь буюу хэчнээн айл нь энэ ондоо, ирэх онд хэд нь орох вэ. Энэ талаар урьдчилсан тооцоо байна уу?

-Манай улс цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай. Барилгын ажил явуулах оргил үе нь маш богинохон хугацаанд үргэлжилдэг. Тиймээс бидэнд хугацаа давчуу байна. Гэхдээ бид ирэх арваннэгдүгээр сард багтаан дулааны асуудлаа шийдчихвэл, эхний ээлжинд 1000 айлын орон сууцыг оны өмнө хүлээлгэн өгөх зорилт тавин ажиллаж байна. 

-БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр “Буянт-Ухаа-2”-ын 4300 айлын орон сууцыг барихад шаардагдах хөрөнгө оруулалтын гэрээнд та гарын үсэг зурсан. Тэгэхээр “Буянт-Ухаа-2” хороолол санхүүгийн ямар нэгэн асуудлаас болж саатахгүй гэж ойлгож болох уу?

-“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийн хүрээнд нэлээн ажил хийсэн. Энэ хүрээнд Хятадын удирдлага, банкны төлөөлөлтэй уулзаж, 270 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Төрийн орон сууцны корпораци авахаар гэрээнд гарын үсэг зурсан. Уг хөрөнгө оруулалт хоёр хуваагдана. 

Үүний 120 сая ам.доллар нь Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөв­лөх ажлын хүрээнд VII хороололд баригдах 360 айлын хороолол барих ажилд зарцуулагдана. 

Харин 150 сая ам.доллар нь жилийн 1.5-2 хувийн хүүтэй хөнгөлөлттэй хөдөө орон нутгийн 1000 айлын орон сууцны хөтөлбөрт хөрөнгө оруулалт болох юм. 

-Орон сууцны том хорооллууд нийслэлд баригдаад л байдаг. Энэ хороолол болгоноо зорилтот бүлэг буюу залуу гэр бүл, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн албан хаагчдад зориулан бариад байдаг. Гэтэл нөгөө хүмүүс нь банкны шалгуурт тэнцэхгүй, зээлд хамрагдаж чадахгүй буцаад байвал хэцүү юм биш үү. “Буянт-Ухаа-1” хорооллоос 300 гаруй иргэн байраа буцаасан нь багагүй тоо юм шиг санагдаж байна.

-Уг нь өндөр хөгжилтэй орнуудад орон сууцны асуудлыг төрийн бодлогоор цогцоор нь шийддэг юм билээ. 

Тухайлбал, Япон, Сингапур, Турк зэрэг улс арвин туршлагатай. Миний бодлоор зорилтот бүлэгт хандсан орон сууцны бодлогыг цогцоор нь шийдэх ёстой юм болов уу гэж хардаг. 

Бид чанартай, хямд орон сууцыг богино хугацаанд бариад өглөө. 

Харин иргэдэд хэрхэн хүргэх вэ гэдэг дээр алдаа оноотой зүйл байсан л байх. Учир нь “Буянт-Ухаа-1” шиг том хороолол өмнө нь зөвхөн зорилтот бүлэгт зориулагдан баригдаж байгаагүй. Тиймээс бид алдаа, оноотой байснаа хүлээн зөвшөөрнө. 

“Буянт-Ухаа-2” хороо­лол дээрээ алдаагаа засч залруулна. Миний бодлоор зорилтот бүлэгт хандсан төрийн бодлогоор хөнгөлөлттэй, батлан даалтын сан, хөнгөлөлтийн ямар нэгэн схемүүдийг оруулж өгөх хэрэгтэй юм шиг санагддаг юм. Тухайлбал, төрийн албан хаагчдад ажилласан жилээр нь хөнгөлөлтийн системийг явуулдаг, ахмад настанд зориулсан тусгай системтэй байх хэрэгтэй юм шиг. 

Ийм нэгэн иж бүрэн зохицуулалт манайд дутагдаад байна уу гэж харж байгаа. Төрийн орон сууцны корпорацийн дэргэд Батлан даалтын сан, зорилтот бүл­гийн­хэнд зориулсан сан­хүү­гийн эх үүсвэрийг шийдээд өгдөг системд шилж­чихвэл аятайхан болчих юм шиг санагдаад байгаа юм. 

Зарим улсын манай корпораци шиг статустай бай­гууллага нь үнэтэй орон сууцаа ч барьдаг. Зорил­тот бүлэгт зориул­сан хямдхан орон сууцаа ч барьдаг юм билээ. 

Өртөг өндөртэй барьсан орон сууцаа зах зээлийн ханшаар нь зарчихаад, тэндээс олсон ашгаараа зорилтот бүлэгт зориулан барьж, хямд үнээр худалдсан орон сууцныхаа алдагдлыг нөхдөг. 

Энэ их зүгээр юм шиг санагдсан. Түүнээс биш, дандаа бага дунд орлоготой зорилтот бүлэгт зориулан орон сууц бариад байх нь ирээдүйдээ хэр оновчтой вэ гэдгийг хаа хаанаа бодолцох хэрэгтэй юм шиг санагдсан.

Зураг