Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Оросын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ эзэн болдог хүн. Хэлсэн л бол хэрэгжинэ гэсэн үг

Б.Ууган, iKon.mn
2014 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин маргааш манай улсад ажлын айлчлал хийх гэж байгаа билээ. Айлчлалтай холбогдуулан ​Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оросын Итар Тасс болон “Российская газета” сонинд ярилцлага өгснийг орчуулан хүргэж байна. 

-  Орос Монголын харилцаа эртний түүхтэй. Манай хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш бараг 100 жил болох гэж байна. Та хоёр орны өнөөгийн харилцааг хэрхэн үнэлдэг вэ? 

- Бид эртний, сайн нөхөд. Монгол Улс аль оронтой илүү нягт хамтран ажиллах ёстой вэ гэдгийг мэдэхийн тулд хүмүүсээс санал асуудаг. Санал асуулгад оролцогсдын 60 хувь нь Орос улстай гэж хариулдаг юм. 1990 оноос хойш ийм л байдалтай байна. Нийгэм, үе өөрчлөгдсөн ч гэлээ дунд насны хүмүүс ч тэр, залуус ч тэр Орос улс, Орос хүмүүс, манай хоёр орны сайн нөхөрлөлд элэгтэй ханддаг. Энэ хөрс суурин дээр олон зүйлийг хөгжүүлж болно. 

Нийгэм, үе өөрчлөгдсөн ч гэлээ дунд насны хүмүүс ч тэр, залуус ч тэр Орос улс, Орос хүмүүс, манай хоёр орны сайн нөхөрлөлд элэгтэй ханддаг.

- Хоёр орон стратегийн түншлэлийн харилцаатай. Бид шинжлэх ухаан техник, эдийн засаг болон өөр олон салбаруудад хамтран ажилладаг. Эдгээр салбараас аль салбарт нь үр өгөөж илүү, алинд нь хэрэгжээгүй нөөц бололцоо их байна гэж та боддог вэ? 

- Монгол Улс бол Оростой стратегийн түншлэлийн түвшинд харилцаатай байдаг цөөн орны нэг. Бид үүнийгээ хөгжүүлэхийг хүсч байна. Мэдээж уламжлалт, томоохон төслүүд бий. Одоо бид төмөр замын транзит тээвэрлэлт, транзит боломжийн дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй. Мөн хүмүүс хоорондын, салбар хоорондын харилцааг хөгжүүлэх нь чухал. Бид үүн дээр анхаарал хандуулан, Оросын талд найдвар тавьж байна. 

- Та болон Ерөнхийлөгч Путин янз бүрийн чиглэлд ач холбогдол өгөх нь Монгол Улсад болон Оросд чухал гэдэг нь нууц биш. Та бид Улаанбаатарт Оросын Ерөнхийлөгч айлчлахын өмнө уулзалдаж байна. Та хоёрын хоорондын харилцаа ямар байдаг вэ, та Оросын Ерөнхийлөгчийн айлчлалаас юу хүлээж байна?

- Бид найрсаг харилцаатай. Мөн би Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй ч сайхан харилцаатай байдаг. Энэ айлчлалаас бид олон зүйл хүлээж байна. Монголын эдийн засаг өнөөдөр унтаа байдалтай байна, түүнийг сэрээх хэрэгтэй. Ерөнхийлөгч Путины хамтаар түүнийг сэрээнэ гэж би бодож байна. Оросын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ эзэн болдог хүн. Хэлж, гарын үсэг зурсан л бол хэрэгжинэ гэсэн үг. Би үүнд итгэл төгс байна.

Ц.Элбэгдорж: Оросын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ эзэн болдог хүн. Хэлж, гарын үсэг зурсан л бол хэрэгжинэ гэсэн үг.

- Энэ жил Монгол болон Оросын түүхэн дэх чухал үйл явдал болох Халхын голын тулалдааны ялалтын 75 жилийн ой тохиож байна. Энэ бол Монгол, Зөвлөлтийн ард түмний агуу их ялалт. Халхын голын тулалдаантай Монголын агуу жанжин маршал Чойбалсан болон Оросын агуу жанжин, маршал Жуковын нэр холбогддог. Энэ үйл явдлыг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа вэ? 

- Монголчууд энэ ялалтыг үргэлж санан дурсдаг. Манай орны тусгаар тогтнол, хөгжин цэцэглэлт, ард түмний найрамдлын төлөө амь нас, цусаа үл хайрлан өгсөн ганц л үндэстэн бий. Тэр нь орос хүмүүс. Бид үүнийг хэзээ ч мартахгүй, жил бүр энэ ялалтын баярыг тэмдэглэдэг.

Халхын голын тулалдааны 70 жилийн ойн арга хэмжээ өндөр түвшинд болж өнгөрсөн. Энэ  жил  75 жилийн ой тохиож байна. Бид энэ ойг дээд зэргээр тэмдэглэн өнгөрүүлэхийн тулд ажиллаж байна.

Халхын голын тулалдаанд оролцсон хүмүүс жил бүр цөөрсөөр л байна. Миний мэдэж байгаагаар Орост 4, Монголд 30 орчим хүн үлдсэн. Бид тэднийг хүндэлж, дэмжиж байдаг юм. 

- Монгол Улсын дайны дараах үеийн хөгжилд Зөвлөлт улс ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улсын аж үйлдвэр, үйлдвэрийн хүчин чадал Зөвлөлтийн тусламжаар бий болж байлаа. Энэхүү түүхэн дурсгал хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хэр нөлөөлж байгаа вэ? 

- Энэ тухай залуу үеийнхэндээ таниулж, ойлгуулах хэрэгтэй. Бидэнд хоёр үнэн бий гэж би үргэлж ярьдаг юм. Эхнийх нь, манай орны хөршүүд. Үүнийг өөрчлөх аргагүй. Хоёр дахь нь, бид хөршүүд учраас нийтлэг зорилттой байх ёстой. Энэ хоёр дээр тулгуурлан бид харилцаагаа цогцлооно.

Ц.Элбэгдорж: Бид Монголд Оросын хөрөнгө оруулагчдыг татах сонирхолтой байна. Үүний тулд Монгол улсын Засгийн газар гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, төслүүд хэрэгжүүлэх замаар хүмүүст туслах ёстой.

Бид Монголд Оросын хөрөнгө оруулагчдыг татах сонирхолтой байна. Үүний тулд Монгол улсын Засгийн газар гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, төслүүд хэрэгжүүлэх замаар хүмүүст туслах ёстой. Медведевийг 2009 онд айлчлах үеэр бид хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Дараа нь бид гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэж үзэхэд үр дүн 70 хувьтай байсан. Тиймээс суурь, түүхэн холбоо байгаа.

- Таныг Зөвлөлт Холбоот Улсад орос хэл сурсан гэдгийг мэднэ. Та тухайн үеийн хамгийн нэр хүнд бүхий сургууль болох Львовын цэрэг улс төрийн дээд сургуулийг төгссөн. Та зөвхөн орос хэл мэдээд зогсохгүй, өнөөдөр Украйнд өрнөж байгаа үйл явдалд сэтгэлээрээ илүү ойр байгаа байх гэж бодож байна. Та Украйнд болж буй үйл явдлыг хэрхэн дүгнэдэг вэ?

- Намайг Украйнд наяад онд сурч байхад бид хүмүүсийг орос, украйн, гүрж гэж ялгадаггүй байсан. Бидний хувьд тэд бүгд Зөвлөлтийн хүмүүс. Найрсаг, сайхан харилцаатай, сайхан сэтгэлтэй хүмүүс байсан. Тиймээ, үнэхээр сайхан орон байсан.

Өнөөдөр Украйны Засгийн газар мөн л ард түмнээ бодож байгаа гэж би бодож байна. Тэд найрсаг хөршийн харилцаатайгаар, энх тайван амьдрахыг хүсч байгаа. Эцсийн дүнд тэд амар тайван амьдарч чадна гэдэгт би найдаж байна. 

- Монгол Улс жуулчдыг татах боломжтой, үзэсгэлэнтэй орон. Онгон байгаль, орчин үеийн барилга байгууламж хослуулсан ийм сайхан нутгийг өөр хаанаас олж харж болох талаар би мэдэхгүй юм. Та нар аялал жуулчлалаа хөгжүүлэхэд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

- Жуулчид Монголд ирэхийг хүсч байгаа хүмүүст зориулан бид үлгэр жишээ нөхцлийг бүрдүүлэхээр хичээж байна. Визний асуудлыг бид шийдэх байх. Дэд бүтцийн асуудлыг шийднэ. Заримдаа та бүхэнтэй мэргэжил нэгт сэтгүүлчид ирээд зөвхөн сөрөг талыг л харах гээд байдаг гэдгийг нуугаад яах вэ.

Ц.Элбэгдорж: Агуу их Эх Орны дайны үед монголчууд Улаан армид сая гаруй морь бэлэглэж байсан юм. 

Гэхдээ амьдралаас сайн талыг нь олж харах хэрэгтэй. Монголд олон сайхан уламжлал, үзэсгэлэнт газар бий. Би та бүхнийг Монголд урьж байна. Та бүхэнд Ерөнхийлөгчийн урилга дамжуулж байна. 

- Энэ ч чухал хэрэг шүү. Одоо тэгэхээр Оросын иргэн бүр Монголын хил дээр очоод намайг ерөнхийлөгч биечлэн урьсан юм гэж хэлж болох нь байна шүү дээ? 

- Тиймээ, яг зөв. 

- Монгол Улсын Ерөнхийлөгч, таны хувьд эрх мэдэл гэж юу вэ? Ямар амттай байх юм? 

- Сайхан амттай биш. Хүн төлөв зантай байж, гэр бүлээ авч явж чадаагүй бол хэрхэн төрийн хэрэг барих билээ.Тиймээс эрх мэдэл ихтэй болвол илүү даруу төлөв, хүмүүст ойр байх хэрэгтэй.  Хаалгаа үргэлж нээлттэй байлгах хэрэгтэй. 

- Өнөөдөр Улаанбаатар хотын зам байнга л түгжрэлд ордог. Та монголчуудыг морио унахыг зөвлөж байсныг мэдэх юм байна? 

- Морьтны соёл бол Монгол түмний соёл. Монголчууд морин дэлэн дээр төрж, морин дэлэн дээр таалал төгсдөг. Манай үндэсний онцлогууд бүгд л морьтой холбоотой байдаг. Дашрамд хэлэхэд Агуу их Эх Орны дайны үед монголчууд Улаан армид сая гаруй морь бэлэглэж байсан юм. 

Эх сурвалж: Российская газета