Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын шинэ Засгийн газрыг армийнхан хянаж байна

Н.Мөнхжин
2014 оны 9 сарын 2
Зууны мэдээ
Зураг зураг
Тайландын шинэ Засгийн газрыг армийнхан хянаж байна

Цэргийн удирдагч, Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Оча сайд нарын кабинетийн шинэ бүрэлдэхүүнийг зарлав.

Сайд нарын суудлын гуравны нэгээс илүүг генералууд, эсвэл чөлөөнд гарсан генералууд эзлэхээр болжээ. Армийн төлөөлөгчид Батлан хамгаалах, Санхүү, Гадаад хэрэг, Худалдааны сайд зэрэг гол албан тушаалд очиж байгаа аж.

Тайландын хаан цэргийн удирдагч Прают Чан-Очаг цэргийн түр Засгийн газрын тэргүүнээр батлахыг дэмжсэнээр Прают Чан-Оча Ерөнхий сайдын суудалд албан ёсоор томилогджээ.

Тавдугаар сарын 22-ны цус асгараагүй төрийн эргэлтийн явцад улс орны эрх мэдлийг гартаа авсан 60 настай Прают Чан-Оча Ерөнхий сайдын суудалд өрсөлдсөн цорын ганц нэр дэвшигч байсан юм. Тэрээр парламентын хуралдаанаар  Ерөнхий сайдаар томилогдлоо. Үүний өмнө армийнхан парламентын депутатуудыг сонгосон байв. Прают Чан-Очагийн хэлж буйгаар, улс орны тогтвортой байдлыг хадгалан үлдэх цорын ганц арга зам нь төрийн эргэлт байсан аж.

Ерөнхий сайд Инглак Чинаватын Засгийн газрыг огцрохыг шаардсан ард иргэдийн жагсаал цуглаан зургаан сарын турш үргэлжилсний эцэст ийнхүү цэргийнхэн эрх мэдлийг аваад байна. Цэргийн удирдагч Прают Чан-Оча Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэх бөгөөд цэргийнхэн 2015 оны эцсээр бүх нийтийн сонгуулийг явуулахаар төлөвлөжээ. Гэвч армийнхан улс орны эрх мэдлийг атгаж, цэргийн дэглэм тогтоож магадгүй хэмээн болгоомжилж буй хүмүүс байна.

Эрх мэдлийг аваад байгаа цэргийнхэн Тайланд орныг хааш нь хөтлөхийг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглаж байна.

Цэргийнхэн эрх мэдэлд гарснаар Тайландын иргэний засаглал зогсонги байдалд ороод байна. Улс төрийн гол намын лидерүүд саатуулагдаж, гэрийн хорионд оржээ. Цэргийн эрх мэдлийг авангуутаа улс төрийн тэргүүлэх лидерүүд, тэр тусмаа Ерөнхий сайд Инглак Чинаватыг түр баривчлан саатуулсан юм. Мөн хэд хэдэн төрийн зүтгэлтэн, сэтгүүлчийг баривчлаад байна.

Тайландын өнөөгийн хямрал 2006 оноос эхтэй. Тэр үед цэргийнхэн Ерөнхий сайд Таксин Чинаватыг Ерөнхий сайдын суудлаас түлхэн унагасан билээ. Таксин болон Инглак Чинават нар хөдөө орон нутгийн, тэр тусмаа хойд нутагт ихээхэн нэр хүндтэй. Ах дүү хоёр тус нутгийн хүн амын тусламжтайгаар сонгуульд нэг бус удаа  ялалт байгуулж байжээ.

Гэвч дундад анги болон нийслэл Бангкок хотын элит ангийн төлөөлөгчид Засгийн газрын эсрэг жагсаал цуглаанд нэгдсэнээр Тайландын улс төрийн амьдрал 2013 оны арваннэгдүгээр сараас хойш зогсоод байгаа билээ. Эрх мэдлийг аваад байгаа цэргийнхэн Тайланд орныг хааш нь хөтлөхийг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглаж байна.

Зураг