Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

97 дугаар сургууль "Цөм" хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн болжээ

ikon.mn
2014 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий боловсролын 97 дугаар сургууль 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Тус сургууль энэ хичээлийн жилд 96 багш, 23 ажилчин, 2176 сурагчтайгаар сургалт, хүмүүжлийн ажлаа эхэлж байна. 

Сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч М.Тулгат оролцож багш сурагчдад ажлын амжилт хүсч, НЗДТГ-аас нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдад олгох хичээлийн хэрэглэлийг төлөөлөн гардууллаа.

Энэ хичээлийн жилд хамран сургах тойргийн 320 хүүхэд “А” үсэг заалгахаар найман бүлэгт элсэн оржээ. Шинэ хичээлийн жилд 97 дугаар сургууль бага боловсролын сургалтын "ЦӨМ" хөтөлбөрийг сургуулийнхаа онцлог давуу тал дээр суурилан эхлүүлэхэд бэлэн болоод байна. Мөн “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлэн  ажиллахын зэрэгцээ хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйлсэд багш бүр анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Хичээлээс гадуур зохион байгуулагддаг дугуйлан, секцийн үйл ажиллагаа уг сургууль дээр тогтмолжсоны нэг нь С.Тунгалаг багштай аэробекийн секц бөгөөд дүүрэг, нийслэл, улсын чанартай тэмцээнүүдэд байнга амжилттай оролцож иржээ. 

2013-2014 оны хичээлийн жилд тус сургуульд “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд БШУЯ-наас 10 сая төгрөгийн санхүүжилт хийсэн нь сурагчдын авьяасыг нээх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж байна. Түүнчлэн “Ном” хөтөлбөрийн хүрээнд анги, кабинет бүрийг номын булантай болгож номын сангаа эцэг эхийн дэмжлэгээр баяжуулсан нь хүүхэд нэг бүрийг ном унших дур сонирхолтой болгох, номыг бүтээлчээр уншихад ихээхэн чухал ажил болсон аж.

Цаашид уг сургууль бага боловсролыг эх хэлний суурь чадамжийг эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд, суурь боловсролыг амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар, бие даан бүтээлчээр суралцах чадвартай, бүрэн дунд боловсролыг сонголттой, уян хатан хөтөлбөрөөр мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий ирээдүйд эзэмших мэргэжлийн суурь баримжаа олгох үе хэмээн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гэнэ.