Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хөсөр хэвтэх төмөр ч бүтээл болон амилахаараа “баярлалаа” хэмээн жингэнэдэг гэнэ

Өглөөний сонин
2014 оны 9 сарын 1
MorninigNews.mn
Зураг зураг

Сонин сонсогдож байна уу. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, сэтгэлээ өгөхийн цагт хөсөр хэвтэх зэвтэй төмөр ч гарынх нь аяст хөтлөгддөг аж. Тэр бүү хэл, бүтээл болон амилахаараа “баярлалаа” хэмээн өөр өөрийн хөг аялгуугаар жингэнэдэг гэнэ.

Тэдэн дундаас зэс хачин өвөрмөц, “ааш зангийн хувьд” маш уян налархай юм байх. Ийн эзэмшсэн мэргэжлээрээ тэрүүхэндээ “онгирч” өдөр бүр металлын хаантай нүүр тулан хүч оюунаа сорьдог токарьчин хосуудтай уулзсанаа уншигч танд гайхуулахад таатай байна.

Бүр тодруулбал, Багануурын нүүрсний уурхайн токарьчин Пинжигийн Чулуун-Эрдэнэ, Гомбын Сэлэнгээ нар болой. Эд тэртээ 1980 онд МХЗЭ-ийн илгээлтээр Багагүнийн хөндийд суурьшсан бөлгөө.


П.Чулуун-Эрдэнэ: Улаан даалимба, шүдний оо хоёроор мөн ч их тоглосон доо 

Зэрвэсхэн тааралдсан нэ­гэнд бол энэ хүн ер нь ам­наасаа үг унагадаг болов уу гэж санагдах токарьчин П.Чулуун-Эрдэнэ гуай тух­лаад хууч хөөрөхийн цагт тийм ч үгэндээ харам нэгэн биш ажээ.

Заримдаа хийж буй зүйл, токарийнхоо хэдэн машины ид шидийг ярихаар асуулт тавих зав өгөлгүй урсгаж орхино гээч. Энэ эрхэм Төв аймгийн Мөнгөн морьт сумын уугуул, Багагүнийн хөндийн суугуул нэгэн. Гэхдээ түүний хүүхэд нас энэ л хөндийд салхи шиг хурдлах адуун сүргийг хуйлрууланхан хураан өнгөрчээ. 

Токарьчин эр маань багадаа улаан даалимба, шүдний ооны эрлэг явж. Гарын уртай сөөсгөр бор хүүгийн авъяас сургуулиас хальж, албан байгууллагуудад уригдан ханын зураг зурж, уриа лоозонг нь бичиж өгөх жишээний. Хүү өөрөө ч арван жилийн сургуулиа төгсмөц Улсын багшийн дээд сургуулийн зургийн ангид элсэнэ хэмээн бат итгэчихсэн, тэрүүхэндээ өөрийн ирээдүйг тодорхойл­чихсон, додгирхон явж. Гэвч хүүгийн хувь заяаг бурхан зурахдаа бийр багс бус металлын хаан төмрийг ухааны ураар гартаа оруулах одонд төрүүлсэн байв. 

Тодруулбал, П.Чулуун-Эрдэнийг аравдугаар анги төгссөн тэр жил хүслэн бол­сон сургуулийнх нь ху­ваарь оройн анги гээд заачихсан байж таарсан юмсанж. Хүү хуваарь сонссон тэр мө­чид сэтгэлээр унасан хэдий ч бусад төгсөгчдийн МХЗЭ-ийн илгээлт өвөртлөн Багануурын уурхайг зорьж байгаад хараад бодлоо өөрчлөн үеийнхнийхээ эгнээнд шилжсэн байна. 

Дашрамд сонирхуулахад, 1980 онд Төв аймгаас ил­гээлт өвөртлөн Багагүнийн хөндийг зорьсон 50 за­луугаас өдгөө ердөө гурав нь үлдсэн аж. Энэ тухайгаа токарьчин маань “Тэр үеийн Багануурыг өнөөгийнхтэй харьцуулшгүй. Барилга байшин гэхээр юмгүй шахам, амьдрал ч сайнгүй бай­лаа шүү дээ. Тиймээс за­луучууд амьдралын эхний давалгаанд өвдөг сөгдөн шантарч буцацгаасан. 

Үнэнийг хэлэхэд, мань мэт шиг нэгдүгээр ангиасаа л дотуур байраар гэр хийж, өлсч даарахын зовлонг үзсэн нь л үлдэцгээсэн дээ” хэмээн өгүүлсэн. 

П.Чулуун-Эрдэнэ гуай­гаас “Та яаж яваад төмрийн “хаан” болчихсон юм бэ” хэмээн сонирхоход “Токарьчин гэж мэргэжил байдгийг Багануурт ирээд л мэдсэн. Гэхдээ хүүхэд байхдаа аймгийн Усны аж ахуйн автобаазад нэг хүн төмөр зороод зогсч байхыг нь харсан удаатай. Тэгтэл аав маань намайг эргэж ирээд буцахдаа “Миний хүү гартаа дүйтэй юм чинь токарьчин болбол яасан юм бэ” гэхээр нь үгэнд нь орж, дарга нарт хүсэлт тавьснаар орос цэргүүдтэй хамт токарийн хоёр сарын курс, 14 хоногийн дадлагаар токарьчин болсон. 

Түүнээс хойш мэргэжил дээшлүүлэх курс энэ тэрд явж байсангүй, амьдарлаас мэдлэгээ дээш­лүүлж, мэргэших шив дээ. Оросууд гэж гайхалтай сурган хүмүүжүүлэгчид байлаа шүү дээ. Миний өдий зэрэгтэй яваа нь орос багш нарын минь гавьяа” гэж хариулсан. 


Токарьчин хүнийг тоног төхөөрөмжийн эмч гээд хэлчихэд буруудахгүй

Ханийнхаа ярьж буйг анх удаа юм шиг их л шимтэнгүй сонсч суусан гэрийн эзэгтэй маань үнэндээ өөрийн ярих ээлжийг хүлээн дотоод сэт­­­гэлдээ ярьж хэлэх зүй­лээ бясалгаж байсан юм билээ. Тэр л утгаараа “То­карь­чин хүнийг тоног төхөөрөмжийн эмч гээд хэлчихэд буруудахгүй” хэ­­мээн шагхийсэн үгийг өөрийгөө танилцуулахаас өмнө мэргэжлээ дүгнэж хэл­сэн байж мэднэ. 

Гэрийн эзэгтэй Г.Сэлэнгэ Хэнтий аймгийн Цэнхэр­мандал сумын харьяат. Су­мандаа наймдугаар ангиа төгсөөд Налайхын ТМС-ийн хуваарь авснаар хоолоо олж идэх хувь тавилангийнхаа шанг татсан бүсгүй. Дүүгээ сургуульд хүргэж өгсөн том ах нь “Миний дүү токарийн ангийг сонгосон нь зөв байх” гэснээр охины хувь заяаг шийдэгдсэн хэрэг.

Намар нь нэгэн шугамд эгнээнд байрлуулсан то­карийн машинуудыг харж зогсохдоо яагаад ч дийл­дэггүй хөлдүү хөх төмөр машины аясаар нумарч байхыг хараад гайхаад ч барсангүй. Бушуухан шиг л багш шигээ хөлдүү хөх төмрийн эзэн болох юмсан гэх мөрөөдөлд автан төмрийн зоргодсыг ажиж зогссон гэдэг. Сургуулиа амжилттай төгссөн Сэлэнгэ охины ирээдүй дөнгөж байгуулагдаад байсан Бага­нуурын уурхай хүлээж байх нь тэр. Энэ бол 1980 оны хавар. 

Багануурын уурхайд ажилчин элсүүлж байна, МХЗЭ-ийн гишүүд илгээлт өвөртлөн их уурхайг зорьж байгааг сонин хэвлэл, радиогоос сонссон Сэлэнгээ найзаа дагуулан бүртгэл явагдаж байгаа газарт ирэн бүртгүүлж, маргааш өглөө нь Зил-130 машины задгай тэвшин дээр үеийн залуучуудын хамт дуулалдсаар Багагүнийн хөндийд хөл тавих нь тэр. 

Охидод бэлэн байр байхгүй учраас шинэ байр ашиглалтад орохыг хүлээн хамт ирсэн охины­доо дөрвүүл хамт амьдарч байгаад 14 дүгээр байр ашиглалтад ороход Бадам­жав, Долгоржав, Энхтайван, Сэлэнгэ нар сая нэг юм өөрийн гэх орох оронтой болцгоосон байна. Түүнээс хойш 33 хаврын навчис дэлгэрчээ. Ингээд Сэлэнгэ хатагтай хэлснээр тоног төхөөрөмжийн мэс заслын эмч нарт тавьсан асуулт, хариултыг ямар ч засвар найруул­гагүйгээр нь хүргэе. 

-Суурь машинаас гарч буй бүтээгдэхүүн болгон таны уран бүтээл шүү дээ. Бүтээлүүдээс тань хамгийн их сэтгэл оюуныг тань чилээсэн, сайн токарьчин болох нь ээ гэсэн үнэлгээ авсан үеэ дурсахгүй юу?

-Г.Сэлэнгээ: Бид чинь төгсч ирээд л мэргэжлээрээ шууд ажиллаагүй. Юун түрүүнд ирээдүйд сүндэрлэх их уурхайн эздийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж төр үзэн Багануур хотыг байгуулах их үйлсэд ил­гээлтийн эзэд зүтгэцгээсэн. Би гэхэд л барилга дээр засал чимэглэлчин хийж байлаа. 

Яваандаа уурхайн барилга баригдаж, үйлд­вэр­лэл эхлэхийн өмнөхөн Засварын газрыг байгуулж, Зөвлөлтийн байгууллагад ажиллаж байсан хүүх­дүү­дийг сонгож, Чимэддорж даргын мэдэлд өгсөн. Ингэж л анх 1983 оны зун анх удаа өөрийн эзэмшсэн мэр­гэжлээрээ ажиллах хувь тохиож, өөрийн гэх суурь машинаа хүлээн авч байлаа.

Чимиддорж багш маань надад их зүйл зааж өгсөн. Токарьчины на­рийн чимхлүүр ажлыг Зөв­лөл­тийн мэргэ­жилт­нүүдээс сурч өдгөө хүний орохооргүй ажиллаж, тахир гол гэх мэтийн нарийн ур чадвар шаардсан зүйлүүдийг ямар ч гологдолгүй, шаардлага ханган хийж чадаж бай­гаадаа заримдаа өөрөөрөө бахархах нь бий.

-Нарийн чимхлүүр ч гэлээ хийж чадах зүйл эхлээд санаандаа зураглана биз?

-Г.Сэлэнгээ: Тэгэлгүй яахав, токарьчин гэдэг маш нарийн, өндөр ур чадвар шаардсан мэргэжил. Тийм ч учраас бид 32 жил тас­ралтгүй ажиллаж байна. Гагнуурчин, засварчин бүгд хоёр гурав солигдчихсон байхад токарьчид энэ олон жил ажиллаж байгаа нь ур чадвар шаардсан нарийн мэргэжил гэдгийн давуу тал байх. Ямар ч эд ангийг хийхийн өмнө эхлээд шугам зургийн нарийн тооцоог гаргадаг. Тоонд маш сайн хүний эзэмших мэргэжил гэж би хувьдаа боддог. Араа шүдийг яг байгаа хэвээр нь шинээр хийнэ гэдэг амаргүй зүйл. Хүнээс өндөр ур чадвар, тэвчээр шаарддаг ажил. 

-Мэргэжлийн онцлог гэж бий. Та хоёр төмөр эдлэл их сонирхдог уу

-П.Чулуун-Эрдэнэ: Тэ­гэл­гүй яахав, Тэр бүү хэл хүүхдүүд маань хүртэл төмөрт хайртай болчихдог юм байна лээ. Гудамжинд зэвгүй эрэг боолт, төмөр хэвтэж байвал халаасалж л орхино. Гоёлын костюмтай байсан ч хамаагүй тостой боолт руу гар яваастай шүү. 

-Та хоёр уурхайд 30 гаруй жил ажиллажээ. Энэ хугацаанд үйлдвэртээ хэч­нээн хэмжээний хэмнэлт гаргасан бол. Тодруулбал, токарьчид байхгүй бол эрэг боолт, араа шүд гээд бүхий л тоног төхөөрөмжийн сэл­бэгийг импортоор оруулж ирж таарна аа даа? 

-П.Чулуун-Эрдэнэ: Сайн хэлж мэдэхгүй байна, манай эдийн засагчид л тоо хэлэх байх.Ямартай ч хэдэн арван тэрбум төгрөгийг хэмнэж чадсан нь дамжиггүй. Бид хоёрын тухайд биш, бүх токарьчид нийлээд. Гэхдээ би нэг жишээ татъя. Одоо бидний ажиллаж буй засварын том заал баригдаагүй байсан.

 Гудамжинд зэвгүй эрэг боолт, төмөр хэвтэж байвал халаасалж л орхино. Гоёлын костюмтай байсан ч хамаагүй тостой боолт руу гар яваастай шүү. 

Манай эхнэр тэр үед Зөвлөлтийн барилгын байгууллагад ажиллаж, оросуудтай хамт алхагч экскаваторуудыг угсардаг, би байшин үйлдвэрлэх комбинатад токарьчин байв. Багануурын бүх байшин төмөр цонхтой. Энэ бүгдийг нь манайд хийдэг. 

Бүх рам төмөр, барилгын хийц загварын арматурыг холбодог боолтнуудыг хэ­дэн мянгаар нь зордог байлаа. Ингээд бодохоор тооцоолохын аргагүй юм. Багануурын бүх барилгын хаалганы бариул, түүнд орсон эрэг боолтыг бид зорсон. Багануурын төмөр хийцийн бараг л бүх зүйлд миний хөлс шингэсэн. Түүгээрээ их бахархдаг. Мөн уурхай ашиглалтад орсон эхний арав гаруй жилд гадна дотны зочид их ирдэг байлаа. Тэдэнд өгөх гарын бэлгийг бэлтгэх нь бидний үүрэг. Долоо хоногийн өм­нөөс л хийж эхэлнэ дээ. 

Токарьчин их сайхан мэргэжил. Дотроо токарьчин, фрезерьчин, өрөмчин гээд жаахан ялгаатай. То­карь­чин, фрезерьчний аж­лыг эмчтэй зүйрлүүлбэл мэс заслийн эмч, гагнуурчид нь түүнийг нь оёж буй эмч нар юм уу даа. 

-Сайд дарга нарт ямар бэлэг бэлтгэх нь та нарын эрхийн асуудал байв уу?

-П.Чулуун-Эрдэнэ: Тийм ээ, эхлээд зургаа гаргаж батлуулах учиртай. 

-Аль нэг бүтээлийнхээ өнцөгт нэрээ тавьж байв уу?

-П.Чулуун-Эрдэнэ: Тийм эрх байхгүй, Бидний хийж өгсөн зүйл энд тэнд олон байдаг байх. Төмөртэй зууралдаж бай­хын оронд бийр будаг­тайгаа нөхөрлөсөн бол илүү амжилтад хүрэх, илүү сэт­гэх байсан даа гэсэн бодол төрж байсан уу. 

П.Чулуун-Эрдэнэ: Хааяа л гэхээс тэр бүр тийм бодол төрж байсангүй. Гэхдээ би бийр будгаа орхиогүй. Ажлынхаа хажуугаар бийр будаг нийлүүлнэ. Энд ирс­ний дараахан бүх тоног төхөөрөмж шинэ байсан бо­лохоор завтай, зураг их зурдаг байлаа. Гарын эв дүйтэй залуусыг цуглуулж арван хэдүүлээ нийлээд гуашь будаг улаан даавуу ашиглаад л үзэсгэлэн гаргаж байлаа.

Хүмүүс сүүлдээ бүр мэддэг болчихсон байсан. Баянцагаан, Баярсайхан бид гурав ханын самбараас өгсүүлээд дүүргийн бараг л бүх зургийг зурсан даа. Гэвч би токарьдоо илүү хайртай. Харин хааяа дуу чимээнд нь л ядардаг л юм. 


Торго бус төмөртэй нөхөрлөсөн бүсгүй

-Сэлэнгээ эгч ээ, Та төмрийг амилуулдаг шигээ торгонд сэтгэл “алдарна” биз? 

-Төмрөөр юу л бол юу хийчихдэг шигээ торготой нөхөрлөж байсангүй. Бүсгүй хүнийхээ хувьд уранхайгаа нөхөхөөс цаашгүй. 

-Хүмүүсийн талархлыг хүлээсэн хамгийн гоё бүтээлийнхээ тухай ярихгүй юу?

-Г.Сэлэнгээ: Гоё бүтээл олон бий. Лааны суурь, уур нүдүүр гээд л. Ер нь бид хоёр чимхлүүр ажил шаардсан нарийн нандин зүйл урлах дуртай. Багануурын уурхайд ямар хэмжээний хэмнэлт гаргасан бэ гэж та түрүүн асууж байсан. Тооцвол маш их тоо гарна.

Одоо ч гаднаас импортолж буй төрөл бүрийн бүтээгдэхүүнийг бид өөрсдөө зороод хийчих юмсан гэсэн хүсэлтэй явдаг.

Одоо ч гаднаас импортолж буй төрөл бүрийн бүтээгдэхүүнийг бид өөрсдөө зороод хийчих юмсан гэсэн хүсэлтэй явдаг. Тэгэхээр ажилчдынхаа ца­лин хөлсийг нь нэмж урамшуулал өгөөд тэдэнд итгээд энэ бүгдийг хийлгэх юм бол эдийн засгийн хувьд маш их хэмнэлт гаргаж болохоор байдаг. 

-Нийлж хамтын бүтээл хийж байв уу?

-П.Чулуун-Эрдэнэ: Байлгүй яахав, жижиг бэлэг дурсгалын зүйлээс эхлээд олон бий. Угаасаа бид хоёр нэгэн дамжлагатай ажилладаг. Эхнэр маань токарийн суурь машин дээр суугаад ажиллаж байхад би харуул, фрезерь гэх мэт дээр суугаад хийж буй зүйлийг нь үргэлжлүүлэх жишээтэй. Бараг байнга л хамтарч юм хийдэг гэсэн үг. Хамтарч хийсэн томоо­хон бүтээлүү­дийнхээ үзэсгэлэн, янз бүрийн уралдаанд орол­цож байсан шинэ бүтээл, улсын чанартай батент, оновчтой саналын гэрчилгээ хүртэж байсан бүтээл олон бий. 

Хамтарч уурхай дотроо үзэсгэлэн ч гаргаж байсан. Одоо бид хоёр 35 жилийнхээ ойг тохиолдуулж юу чад­дагаа харуулсан уран бү­тээлийн үзэсгэлэн гаргая гэж ярьж байгаа. Зурсан зургаа ч дэлгэе гэж бодсон. Сэлэнгээ маань социализмын үед АИХ-ын депутатаар сон­гогдож байв. Харин би залуу байсан болоод хааяа ажил тасалчихдаг хэнэггүй талдаа явжээ. Ер нь миний амжилтад энэ бүсгүй нөлөө их бий гэж боддог шүү. 

-Токарьчин болоход эрэгтэй, эмэгтэйн ялгаа байх юм уу. Эмэгтэй хүн нарийн мэдрэмжтэй гэх мэтээр?

-П.Чулуун-Эрдэнэ: Эмэг­тэйчүүд их айхтар гярхай. Хүч нь хүрэх машин дээр ажиллахаараа гүйцэгдэхгүй. Хөдөлгөөн хурд эвслээрээ. Дээр үед ажил мэргэжлийн уралдаан гээд хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг байсан. Эхнэр маань гурав дөрвөн удаа, харин би нэг л түрүүлсэн. Тэгэхээр энэ нэг зүйл хэлээд байна аа даа. 

-Ер нь токарьчны мэр­гэжлийг ямар хүн эзэмших ёстой юм байна?

-П.Чулуун-Эрдэнэ: Энэ мэргэжлийг маш тэвчээртэй, нямбай, оюуны чадамж сай­тай хүн л илүү сайн хий­нэ дээ. Сүүлийн үед дээд боловсролтой хүн шаар­дагдахаар болоод байгаа юм. 

-Шавь бэлтгэж байна уу?

-Г.Сэлэнгээ: Бүх шавь нараа нийлүүлбэл одоо бараг хоёр ангийн дайтай болсон байх аа. Налайхын ТМС-д сурч байгаа хүүхдүүд жилд нэгээс хоёр удаа ирж дадлага хийдэг. 

-Уул уурхайн салбарт дэлх­ийн хэмжээний том тоног төхөөрөм­жүүд ороод ирсэн. Тэдгээрийн сэлбэг хэрэгслийг монголчилж байна уу?

-П.Чулуун-Эрдэнэ: Уул уур­хай өндөр хөгжсөн орнуу­дын сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг сэр­­гээн засвар­лаад л явж байна. Механик маягаар хийж байгаа учраас цаг хугацааны хувьд асуудалтай байгаа юм. 
Түүнээс биш заримыг нь хийж чадахаар юм би­лээ. Нэг дутагдалтай зүйл бий. Манай засварынхан хийцийг нь гаргавч түү­нийг боловсруулдаг төм­­­рийн марк тохирохгүй байх жишээтэй. 

Түүнийг тохи­руулж ав­на гэдэг хэцүү. Манайд одоогоор зөвхөн Дарханд л маркийн дагуу арматур л гаргадаг. Гэтэл зах зээлд Хятадаас төмөр импортолж буй нэртэй боловч Монголд хаягдал төмрөөр арматур мэтийн янз бүрийн зүйл хийдэг жижиг үйлдвэр олон байдаг. 

Хятадаас төмөр импортолж буй нэртэй боловч Монголд хаягдал төмрөөр арматур мэтийн янз бүрийн зүйл хийдэг жижиг үйлдвэр олон байдаг.

Хуучин ЗХУ-аас тө­мөр авдаг байхад марк нь буланд нь бичээстэй, техникийн шугам зурагт заагдсаны дагуу сонгоод авчихдаг байсан. Харин одоо ямар маркийн төмөр вэ гэдэг нь танигдахаа больж. Марк нь таарахгүй болохоор төмөр тасрах ч юм уу хүндрэл бэрхшээл их. Үүнийг завод болж байж л шийдэх байх. Лаборатори, хайлуулах зуух ч хэрэгтэй болно. 

-Та төмрөө хараад ямар маркийнх болохыг нь түвэггүйхэн хэлнэ биз? 

-П.Чулуун-Эрдэнэ: Ерөнхийдөө олон жил ажилласан туршлагаараа төмрөө танина л даа. Хазаж, долоож үзнэ гэдэг шиг л точийлд бариад үзэхэд л оч нь яаж хаяж байна гэдгээр нь мэднэ. 

Түүнээс гадна зороод гарч буй зоргодсын өнгө, эрчлээс, мөн машинаар зүсэхэд зөөлөн, хатуу байна уу гэдгээр нь шинждэг болчихдог. Энэ маягаар ажиллаад болж л байна. Гаднаас орж ирсэн тоног төхөөрөмж, том техникүүдийг зогсоо­чихолгүй засч янзлаад ажиллуулж л байна. Заримд нь патент авсан нь ч бий. 

Тухайлбал, алхагч эксковатор, өрөм байна. Мэдээж засварын газар, засварчид гэдэг аливаа техник, тоног төхөөрөмжийг засч янзлахын төлөө л байдаг. Эд ангийг нь ер нь өөрсдөө хийх гэж л үзнэ.

Хүндрэлтэй тал нь яг тэр маркийн төмөр ховор байдгаас гадна хэрэглэж буй багажууд маань хоцрогдоод байна, үнэнийг хэлэхэд. Металль хийцүүдийг аль ойролцоогоор нь сонгоод ажиллаж байна. Орчин үед технологио дагаад янз бүрийн нарийн багажууд гарчихсан. 

-Та нар өөр ижил төстэй уурхайнууд руу очиж үзэв үү?

-П.Чулуун-Эрдэнэ: Үзэл­гүй яахав. Үндсэндээ манайх л улсдаа хамгийн том уурхай нь болчихоод байна. Яахав Шивээ-Овоо, Шарын голын уурхай бий. Багануурын уурхай дөнгөж нээгдэж эхэлж байхад Шарын голын уурхайн ахмад токарьчид гээд их мундаг хүмүүс байсан. Гэхдээ тэдэн шиг мундаг орос мэргэжилтнүүдээр бид хичээл заалгасан. 

Өнөөдөр эргээд харахаар суурин машин, засварынхаа хүчин чадлын хэмжээгээр манайх тэргүүлж байгаа юм. Нэг хэсэг Налайхын уурхай байсан. Одоо манайх шиг олон токарьчинтай газар гэвэл ганц Эрдэнэт л байна. 

Эрдэнэтэд механик засварын бүхэл бүтэн завод ажиллаж буй учраас арга ч үгүй биз. Манайх бол зүгээр л засварын газар. Хэрэв бид Эрдэнэтэд ажиллавал нэлээдгүй шинэ зүйл хийнэ гэж боддог. Яагаад гэхээр тэнд төмөр хайлуулах зуухтай, лабораторитой. Тэндээ төмрийнхөө маркийг тогтоочихдог. 

Манайд нэ­мэлт төхөө­рөмж өөрсдөө зохиож суурь машин дээрээ суурилуулж байж зарим зүйлийг хийдэг. Жишээ нь хөрс хуулах тэслэгээ хийхэд хэрэглэдэг өрмийн ташуу шүдтэй арааг манайх гаднаас өндөр үнээр авдаг байсан. Үүнд би нэмэлт зүйл хийснээр одоо өөрсдөө зордог болсон. Байгууллагаас миний тэр­хүү бүтээлийг үнэлж, урам­шуулсан. 

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Аав ээжийнхээ мэр­гэжлийг өвлөсөн хүүхэд бий юу?

-П.Чулуун-Эрдэнэ: Гур­ван хүүхэдтэй. Аль нь ч токарьчин биш. Хүүхдүүд мэргэжлээ өөрөө сонгосон. Том хүү маань манайд, дунд хүү Оюутолгойд ажиллаж байна. ШУТИС төгссөн. Харин манай бага охин ХҮДС-төгссөн. 

-Ер нь Монгол Улсын гавъяат токарьчин цол хүрт­сэн хүн бий болов уу? 

-Байдаггүй байх аа. Бид хоёр лав дуулаагүй юм байна. Та хоёрт ажлын амжилт хүсье. Бидний ярилцлага сонирхолтой байлаа.

Зураг