Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Европын холбооны ерөнхийлөгчөөр Дональд Туск сонгогджээ

Б.Даваахүү
2014 оны 9 сарын 1
Монголын мэдээ
Зураг зураг

Европын холбооны удирд­лагууд  ирэх арван­нэгдүгээр сард албан үүргийн хугацаа нь дуусгавар болох Ерөнхийлөгч Херман Ван Ромпейгийн залгамжлагчаар Польшийн Ерөнхий сайд Тускыг сонгожээ.

Европын холбоо өнгөрөгч бямба гарагт Бельгийн Брюссель хотноо дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, Европын холбооны Гадаад хэргийн дээд төлөөлөгч болон Европын холбооны дараагийн  Ерөнхийлөгчийн талаар санал бодлоо солилцжээ. 

Ул­маар Ерөнхийлөгч Херман Ван Ромпейгийн залгамжлагчаар Польшийн Ерөнхий сайд Тускыг санал нэгтэйгээр сонгосон байна. Туск нь 2007 оноос хойш өнөөг хүртэл Польшийн Ерөнхий сайдаар ажиллаж байгаа бөгөөд Польшийн эдийн засгийг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанаас гадна дипломат харилцааны тал дээр Оросын эсрэг хатуу чиг шугамыг баримтлагч гэдгээрээ танигдсан нэгэн аж. 

Хэвлэлийн бага хурлын үеэр Туск Украйны хямралын талаар “Бид зоригтойгоор үр дүн бүхий шийдлийг олох нь чухал. Мэдээж эцсийн зорилго нь Украйныг  амар тайван болгох” гэжээ.

 Түүнчлэн Европын холбооны тэргүүний суудалд суусныхаа дараа нөхцөл байдлыг намжаахын тулд бүхий л бололцоогоо дайчлан ажиллах бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Нөгөөтэйгүүр, ирэх аравдугаар сард албан үүргийнх нь хугацаа дуусгавар болох Европын холбооны гадаад хэргийн дээд төлөөлөгч Кэтрин Эштоны халааг Италийн Гадаад хэргийн сайд Флавио Могерини залгамжлахаар  болжээ. Түүнчлэн Европын комиссийн тэргүүн Жозе Мануэл Баррозугийн албан тушаалд Люксембургийн Ерөнхий сайд асан Жан-Клод Юнкерийг нэрлэсэн аж. 

Доналд Туск

 


Доналд Туск гэж хэн бэ

Доналд Туск нь Польшийн хойд этгээдийн Гданьск хотод 1957 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр төрсөн бөгөөд эдүгээ 57 настай улстөрч юм. Гданьскийн их сургуульд оюутан байхдаа л Польшийн Ардчиллын домог гэгддэг Лех Валенсагаар удирдуулсан хөдөлгөөнд нэг­дэж, засгийг эсэргүүцэгч оюут­ны холбоог их сургуульдаа бай­гуулж, ардчиллын хөдөл­гөөнд оролцсоор иржээ.

1989 онд эхэлсэн Зүүн Европын хувьсгалаар нэг намын тогтолцоог халах үед нам байгуулж улс төрд орж байсан байна. 

Улмаар 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, хэдийгээр ялалт байгуулж чадаагүй ч, хоёр жилийн дараа буюу 2007 оны бүх нийтийн сонгуулиар түүний тэргүүлдэг “Иргэний мөрийн хөтөлбөр” нам парламентын дийлэнх суудлыг авч, тэрбээр Ерөнхий сайдаар томилогдон ажиллах болсон юм.

Түүний дараа 2011 онд болсон бүх нийтийн сонгуулиар ч гэсэн түүний удирддаг нам олонхийн суудал авч, Туск 1989 оноос хойш анх удаагаа улиран сонгогдсон Ерөнхий сайд болж байв. Ялангуяа Польшийн эдийн засгийг эрчимжүүлэх үйлсэд тэрбээр үнэтэй хувь нэмэр оруулсан гэж өндрөөр үнэлэгддэг ажээ. 

Зураг