Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил ид өрнөж байна

Б.Ану
2014 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд 180 хүүхдийн суудал, 120 хүүхдийн ортой бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилгыг 17 байршилд барьж эхлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. 

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас газар зохион байгуулалтыг хийж, Худалдан авах ажиллагааны газраас энэхүү хөрөнгө оруулалтын ажлуудыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулсны үндсэн дээр Сүхбаатар дүүргийн 17-р хороонд эдгээр цогцолбор сургуулийн нэг нь баригдаж эхлээд байгаа юм. 

"Төсөв төсөл" ХХК, "Набсан" ХХК  хамтран гүйцэтгэж ирэх онд ашиглалтад өгөх уг бүтээн байгуулалтын талаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны засаг дарга Г.Даваацэцэг, “Манайх 2-5 насны 650 хүүхэд, бага сургуулийн насны 700 хүүхэдтэй. Хорооны нутаг дэвсгэр дээр 159 болон 175 дугаар цэцэрлэгүүдэд 2-5 насны хүүхдийн 300 орчим хүүхэд хамрагддаг. 

Энэ жил манай хороонд шинээр нэг цэцэрлэг, бас бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна.  Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 300 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил зургаадугаар сарын сүүлээр эхэлсэн. Одоо хоёр давхрын цутгалт дуусаад голын өрлөгийн ажил эхлээд явж байна. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр канад хийцийн 150 ортой цэцэрлэг баригдаж байна.

 Тэгэхээр ирэх жил хорооны хүүхдүүдээ цэцэрлэгт бүрэн хамруулах боломжтой болно” гэлээ. 

 Сургуулийн хувьд тус хорооны мөн зэргэлдээх 15 дугаар хорооны хүүхдүүд 58 дугаар сургуульд сурдаг аж. Мэдээж ачаалал их учраас 58-р сургууль нэг ангид 40 орчим хүүхэдтэй, гурван ээлжээр хичээллэх зэргээр шийдэж байгаа юм байна. 

Орон тоо хүрэлцэхгүйн улмаас зарим нь энэ сургуульд хамрагдаж чаддаггүй. 

Харин шинээр баригдаж байгаа бага сургууль, цэцэрлэгүүд ашиглалтад орохоор ийм хүндрэл гарахгүй аж. Эдгээр цэцэрлэг, бага сургуулийн барилгын газрыг чөлөөлөх гэж бүтэн жил  иргэддээ ухуулж таниулах ажлыг хийжээ. 

Өмчлөх эрхийн гэрчилгээгүй 22 айлын газрыг чөлөөлүүлсэн. Хамгийн сүүлийн гурван айлыг долоодугаар сард барилгын ажил эхэлсэн байх үед албадан нүүлгэсэн байна.