Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Болдбаатар: Хөлс, хүч, хөдөлмөр үнэлэгддэг юм байна

М.Цэцэг
2014 оны 9 сарын 1
Зууны мэдээ
Зураг зураг
ОУХМ Ганбаатарын Болдбаатар

Тэр мөрөөдсөн. Түүний мөрөөдөл нь 14 жилийн дараа биелэлээ олж Монголын, дэлхийн бахархал болж чадлаа.

ОХУ-ын Челябинск хотноо болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж Булган аймгийн Хангал сумын уугуул, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбаатарын Болдбаатар 60 кг-ын жинд өрсөлдөгч бөхчүүдээ илүүрхсэнээр дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн юм.

Олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр шимээ Челябинскийн тэнгэрт үнэлүүлсэн түүнийг энэ удаагийн зочны хойморт урьж ярилцлаа.

-Юуны түрүүнд дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн болсон танд нийт уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе?

-Дэлхийн аварга болсонд баяртай байна. Өнгөрсөн жилийн хувьд шагналт тавдугаар байрт шалгарч байсан. Энэ жил өмнөх амжилтаа ахиулж тэр дундаа дэлхийн аварга болсондоо сэтгэл туйлын өндөр байгаа. Хөлс, хүч, хөдөлмөр үнэлэгддэг юм байна.

-Миний мэдэхээр та ДАШТ-нд гурав дахь удаагаа зодоглолоо. Мөн Монгол Улсын гурав дахь дэлхийн аварга жүдоч боллоо. Энэ тоо нэг л ээлтэй санагдах юм?

-Хоёр ч дэлхийн аваргад өрсөлдөөд хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй болохоор сэтгэл гундуухан буцдаг байсан.

Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс илүү зорилго тавьж бэлтгэл сургуулилтаа чамбай хийсэн. Тамирчин хүн нэг тэмцээнээ дуусгаад л дараагийн тэмцээнд төвлөрч эхэлдэг. Тэр ч үүднээс өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дуусмагц энэ тэмцээнд төвлөрч эхэлсэн.  Санасандаа хүрээд нэг их том ачаа нуруунаас авчихсан юм шиг санагдаж байна.

-Гэхдээ энэ бол томоохон амжилтын эхлэл байх, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Цаашид хариуцлагатай олон тэмцээн намайг хүлээж байгаа. Бэлтгэл  сургуулилтаа эрчимжүүлж амжилтаа бататгахын төлөө хичээх болно.

-Та дэлхийд амжилтаараа гуравт бичигдэж яваа. Магадгүй хэсгээ толгойлж барилдах нь амжилт гаргахад дөхөм байдаг байх?

-Манай жингийн нэгд Япон, хоёрт Гүржийн тамирчин амжилтаараа жагссан байсан. Эхний наймд жагссан тамирчид хэсгээ ахалдаг дүрэмтэй. Би “Д” хэсгийг ахалж 64 тамирчны тооцоогоор тэргүүлэгч гурван тамирчин эхний тойрогт гоц мөргөсөн.

Энэ жилийн дэлхийн аваргад гэхэд манай жинд 61 тамирчин өрсөлдсөн. Тэдгээрээс ихэнх нь дэлхийн шилдгүүд байсан. Гэхдээ ямар ч мундаг тамирчинтай таарлаа гээд ялгаагүй л өөрийгөө дайчлаад барилдах нь зөв байх.

60 кг-ын жинд дэлхийд хүчтэй өрсөлдөгч олон бий. Тэдний хэнтэй нь ч таарсан амар өрсөлдөгч биш. Энэ жилийн дэлхийн аваргад гэхэд манай жинд 61 тамирчин өрсөлдсөн. Тэдгээрээс ихэнх нь дэлхийн шилдгүүд байсан. Гэхдээ ямар ч мундаг тамирчинтай таарлаа гээд ялгаагүй л өөрийгөө дайчлаад барилдах нь зөв байх.

-Жингийн судалгаа хэр явагдаж байв?

-Тэмцээнд явахын өмнө жингийн өрсөлдөгч тамирчдын судалгааг багш дасгалжуулагч, ах нартайгаа сайн хийсэн. Мөн сугалаа гараад дууссан хойно интернэтээр барилдах нэг хэсгийн бөхчүүдийн барилдааныг судалж байсан. Тэр хүрээндээ ч барилдааны тактикаа боловсруулж байлаа.

-Нийт таван барилдаан хийсэн. Барилдаан бүр л сэтгэл догдуулсан эгзэгтэй болж байсан. Тэр дундаа Гүржийн алдарт бөх Амиран Папинашвилтэй хийсэн барилдаан хамгийн хүнд нь байсан уу?

-Бид хоёрын хувьд өмнө нь хэд хэдэн удаа таарч барилдаж үзсэн.

-Хамгийн сүүлд Парисын Грандсламд ялсан санагдана?

-Хожих итгэл бол их байсан. Гэвч ялагдсан тамирчин өөрийг нь хожсон тамирчиндаа хэзээд мэх бэлдэж ирдэг. Түүний шийдсэн мэхэнд орчихгүйн тулд жаахан хашир барилдсан тал бий. Өөрийнхөө бодож төлөвлөсөний дагуу ч барилдаж чадсан.

-“Трактор Арина”-д үзэж суусан надад та их өөртөө итгэлтэй харагдаж байсан. Маш тайван?

-Ер нь айж бэргээд байх юмгүй барилддаг. Багш дасгалжуулагч, шигшээ багийн ах нарынхаа үгийг сайн сонсч чаддаг нь нөлөөлдөг юм болов уу.

-О.Балжинням аварга хариуцлагатай барилдааны өмнө таныг “Хэсэг сайхан унтлаа”  гэж байсан?

-Энэ жилийн дэлхийн аваргад маш тайван байсан. Финалын барилдаан болтол олон цагийн хугацаа байсан болохоор юу ч бодолгүй тайван амарсан.

-Н.Түвшинбаяр аварга танд зөвлөгөө өгч харагдсан. Юу гэж хэлсэн юм бэ?

-Түвшээ ах маань “Өөрийнхөө нөөц бололцоог маш сайн дайчил. Ийм боломж тамирчин хүнд ховорхон тохиолддог юм” гэж хэлж байсан. Ахын үг миний сэтгэлд маш ойрхон тусч тэр хэрээр өөртөө итгэх итгэл минь нэмэгдэж байсан.

-Тэмцээнд ирэхийн өмнө медалийн өнгийг хэрхэн төсөөлж, мөрөөдөж байв?

амирчин хүн бүр л олимп, дэлхийн аварга болно гэж бодно шүү дээ.

- Мэдээж алт гэж үү?

-Тэгэлгүй яахав. Өөр өнгийн медаль мөрөөдөөгүй./ Инээв/

-Төсөөлсөн тэр медаль ойрхон ирчихлээ. ОХУ-ын алдарт тамирчин Беслан Мудрановийн талаар юу хэлэх вэ?

-Өөртөө ачаалал өгөхийг хүсээгүй. Санасандаа хүртэл сайхан барилдахыг л бодсон.

-Шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням торгууль алдаж болохгүй гэдгийг хамгийн ихээр захина лээ. Та ч яг хэлсэнээр нь барилдлаа? 

-Мудранов бид хоёрын хувьд хэн хэн нь хашир барилдсан нь мэдээж. Хариуцлагатай давааны өмнө нүүр тулсан учраас. Багш, ах нарынхаа зөвлөсөнөөр сайхан барилдаад л дуусгасан. Дэвжээнд гарахад эзэн орны тамирчин учраас шүүгч нарын хувьд ч торгууль өгөх магадлал ихтэй. Сайн ажиллаад өрсөлдөгчдөө торгууль өг гэж байсан. Энэ дагуу ч бүхий л бололцоогоо дайчилж ажиллаж барилдсан.

-Тэр дундаа танхим дүүрэн ОХУ-ын хөгжөөн дэмжигчдийн нүргээнд барилдах амаргүй байсан байх?

-Надад нөлөөлөөгүй.

-Найзууд чинь ирж хөгжөөн дэмжсэн үү. Энэ бүр ч их дэмжлэг болсон уу?

-Тэмцээн манай хөрш улсад болсон болохоор Монголоос олон хүн ирсэн байна лээ. Мөн манай хоёр найз, ах маань ирсэн. Тэр олон мянган хөгжөөн дэмжигчдийн дундаас монголчуудынхаа дууг тодоос тод сонсож байсан. Өөрийн эх нутгийн дэвжээнд алтан медаль хүртсэн юм шиг сэтгэгдэл төрсөн.

-Ялчихлаа. Татамигаас буух мөчид юу бодогдож байв?

-Зүрх хүчтэй цохилоод л үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн.

-Тэр үед О.Балжинням аваргыг тэврээд уйлж байгаа харагдсан?

-За бараг л уйлсан байх.

-Монголын ард түмний бахархал нь яахын аргагүй та боллоо. Үүний хэрээр үүрэг хариуцлага нэмэгдэх нь гарцаагүй?

-Дэлхийн аварга гэдгийг зөвхөн цол зэргээр хүлээж авч болохгүй юм шиг санагдаж байгаа. Маш том үүрэг хариуцлага гэж боддог. Төрийн дуулал эгшиглэх мөчид илүү их үүрэг хариуцлага хүлээж байгаагаа ухаарсан.

Төрийн дуулал эгшиглэх мөчид илүү их үүрэг хариуцлага хүлээж байгаагаа ухаарсан. Тиймээс сэтгэл зүрхээрээ дээлийн минь захыг мушиган суусан элэг нэгт ахан дүүсийнхээ итгэлийг алдахгүйг хичээх болно.

Тиймээс сэтгэл зүрхээрээ дээлийн минь захыг мушиган суусан элэг нэгт ахан дүүсийнхээ итгэлийг алдахгүйг хичээх болно.

-Удахгүй Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдэг хүртэнэ. Ер нь цол гэдгийг юу гэж ойлгодог юм бэ?

-Амжилт. Илүү их зүйл яримааргүй байна. Амжилтаа бататгаж хичээх болно.

-Булган нутгийнхан анхдагчууд гэсэн яриа үнэний ортой юм. Анхны олимпийн аварга?

-Манай нутгийн ард түмэн чинь сэтгэл нь цагаахан хүмүүс. 2008 онд Түвшээ ахыг олимпийн аварга болоход нь шигшээ багийн тамирчид маань амжилт гаргах нөөц бололцоо бий гэдгээ ухаарсан байх. Ахын минь амжилт, үлгэр дууриалал ч надад сэтгэл зүйн асар их тэвчээр, тууштай бэлтгэл хийх урам хайрласан гэж боддог.

-Уул ус, ховор ан амьтанаар алдартай Хангал сумын уугуул. Бага насандаа хурдан буяны тоосонд дарагдаж унаач хүү явсан гэсэн?

-Нэгээс дөрөвдүгээр ангиа нутагтаа дүүргэж Эрдэнэт хотын тавдугаар 10 жилийн сургуулийг төгсч байлаа. Нэг эгч, дүүтэй. Аав, ээж маань одоо хэр нь нутагтаа аж төрж байна. Багаасаа хонь мал хариулж хурдан буян унадаг байлаа. Найман наснаасаа л наадмын тоосонд дарагдаж эхэлсэн.

-Найман нас гэдэг унаач хүүхдүүдийн хувьд “хэнз нас” юм биш үү?

-Найман настайдаа анх морь унаад түүнээс хойш таван жил шахуу уралдсан.

-Биеэр их л жижигхэн байж дээ?

-Одоо ч жижигхэн шүү дээ.

-Хүн амьдралдаа амжилт олох, сайн сайхан явах нь аав,ээжийн буян байдаг юм гэсэн?

- Аав, ээж хоёр минь намайг бөх болохыг их дэмжсэн. Хөдөө өссөн болохоор тэр үү байнга л ноцолдож, барилдах дуртай хүүхэд байлаа. Аав, ээж хоёр минь дэмжээгүй бол би өдийд юу хийж явах байсан юм мэдэхгүй. Энэ амжилт мөн л тэр хоёртой минь салшгүй холбоотой.

-Унаач хүү бөхийн спорттой холбогдсон түүх сонирхол татаж байна?

-Нутгаасаа гараад Эрдэнэт рүү сургуульд шилжсэн. Гэтэл манай ангид Түвшинтөгс гээд барилдах дуртай хүүхэд байлаа. Түүнийг дагаж яваад л Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт клубт Бат-Орших багшийн удирдлага дор бөхийн “А” үсгийг заалгаж байлаа. Энэ дашрамд багшдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Дэлхийн аварга болоод багштайгаа ярьсан уу?

-Ярьсан. Багшаа хүү нь дэлхийн аварга болчихлоо гэж хэлэхэд сайхан байсан. Багш минь ч “Миний хүү сайн байна. Үүнээс илүү нөөц бололцоо байгаа” гэж хэлж байсан.

-Спортод хөл тавиад удалгүй амжилт гарч эхэлсэн гэдэг?

-Хамгийн анх Сидней олимпийн наадмын хүрэл медальт Нармандах ахынхаа нэрэмжит тэмцээнд орж байсан. Түүний дараа Хүрэлбаатар гуайн нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. Бөхийн спортод хөл тавиад удаагүй хүүд нэгэн том урам болсон. Их л баярлаж байсан санагддаг юм.

-2005, 2006 он. Таны жүдо бөхийн спортод танигдаж эхэлсэн үе. Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж олон улсын тэмцээнд өрсөлдөх нэгэн гүүр нь болсон?

-Тийм ээ.

-Амжилт ч эхэлж залуучуудын Ази тивийн аварга болж байсан шүү дээ?

-Анхны томоохон амжилтын минь эхлэл юм даа. Яг дараа жил нь насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж улсын аварга хэмээх хүндтэй цолны эзэн болж байлаа. Ингэж явсаар 2007 онд улсын шигшээ  багт харьяалагдаж бэлтгэл сургуулилт хийх болсон.

-Түүнээс хоёр жилийн дараа насанд хүрэгчдийн Ази тивийн аварга болж байсан?

-Тухайн жил улсын аварга шалгаруулах тэмцээнээр түрүүлж, Ази тивийн аварга, цаашлаад насанд хүрэгчдийн дэлхийн аваргад өрсөлдөж байлаа.

14 жилийн хөдөлмөр өнөөдөр үнэлэгдлээ. 

Эргээд санахад тэмцээн уралдаанд бүдрэх үе байсан ч тэр миний энэ амжилтын үзүүр нь байж. 14 жилийн хөдөлмөр өнөөдөр үнэлэгдлээ. 

-Монголын жүдо бөхийн холбооны хүнд болон сэргэлтийн  бүх үед нь туулалцаж ирсэн тамирчин гэж үнэлж байна?

-Яагаад?

-2001 онд жүдо бөхийн спортод хөл тавьсан шүү дээ. Тухайн цаг үед өнөөгийнх шиг амжилттай, тэргүүлэгч холбоо байгаагүй?

-Монголын жүдочдын өнөөгийн гаргасан нөр их амжилт бол Х.Баттулга сайдтай салшгүй холбоотой. Энэ хүндтэй хүн байгаагүй бол жүдо бөхийн спорт дэлхийд тэргүүлэгч өрсөлдөгч тамирчинтай холбоо байж чадахгүй байсан гэж боддог юм.

Тэргүүлэгч сайн байна гэдэг цаашлаад дасгалжуулагч, албаны хүмүүс нэгдмэл байж чаддаг юм шиг санагддаг. Манай үе үеийн дасгалжуулагчид тамирчдынхаа төлөө гэсэн чин сэтгэлтэй ажиллаж чаддаг. Миний энэ амжилтад тэдний хувь нэмэр асар их бий.

-Олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр шимийг гаргахад даган дуйраах хүн заавал хэрэгтэй юм шиг санагддаг. Шигшээ баг хамт олноос хамгийн ихээр түшиг болж үлгэр дуйраал болдог хүн хэн бэ?

- Манайхан бүгд бие биенээ гэсэн сэтгэлтэй. Ёстой л нөгөө хазайхад нь түшиж бүх зүйлд хамтдаа байж чаддаг. Манай ах нар ч гэсэн дүү нарынхаа болон шинэ залуу тамирчдын бэлтгэл сургуулилт бүх тал дээр анхаарч ажилладаг. Олимпийн аварга Н.Түвшинбаяр ахаасаа илүү ихээр заавар зөвлөгөө авч үлгэр дуурайлал болгож ирсэн.

-Монголын хөнгөн жин буюу 60, 66 кг хэн нь хэнээсээ дутуугүй шилгүүд өрсөлддөг байх?

-Тэгэлгүй яахав. Тэр дундаа манай Болдоо ах, гавьяат Амартүвшин, Хэрлэн нарын олон хүчтэй өрсөлдөгч бөхчүүд байдаг. 66 кг ойрхон болохоор тухайн жинд ч хүчтэй өрсөлдөгч олон бий. Энэ бүх тамирчидтай өрсөлдөж олон улсад сайн тамирчид гаргах том хаалга нээгддэг болов уу.

-Хүний амьдрал, тэр дундаа тамирчдын амжилт байнга дардан байдаггүй шүү дээ. Өнөөдөр амжилт гаргалаа гэхэд маргааш ялагдаад шантрах үе бишгүй л гардаг байх. Танд ч бас ийм үе  байсан байх?

-Гол нь шантралгүй алдаагаа тэр дор нь засч залруулж явах нь хамгийн сайн гарц байх. Надад ч гэсэн шантрах үе бишгүй олон тохиолдож байсан. Энэ үедээ сайн бодож байгаад алдаан дээрээ ажиллаж бэлтгэлээ эрчимжүүлж ирсэн.

-Ингэхэд шинэхэн аварга маань хэр туршлагатай тамирчин бэ?

-Тодорхой хэмжээний туршлага байгаа л байх. Гэхдээ дэлхийд танигдсан ах нараасаа туршлага дутах үе байна. Гэсэн ч суралцана.

-2008 оны Бээжингийн олимпийн наадам. Нутгийн ах тань олимпийн анхны аварга болж ард түмнээ баярлуулсан. Тухайн үед мөрөөдөл тань илүү их хурцлагдаж байсан уу?

- Монголын ард түмэн тэр чигээрээ л баярласан. Жүдо бөхийн спортоор хичээллэгсэдийн тоо ч харьцангуй ихээр нэмэгдсэн. Миний мөрөөдөл ч илүү ихээр хурцлагдсан. Ах минь хүн хичээвэл амжилт олдог юм шүү гэдгийг мэдрүүлсэн хүн.

-2016 оны олимп хаяанд ирчихлээ. Мөрөөдлөө биелүүлэхэд хэдхэн алхам үлдлээ?

-Одоо бараг л жил хагасын хугацаа үлдлээ дээ. Наана нь хариуцлагатай олон тэмцээн хүлээж байна. Том жижиг тэмцээн гэлтгүй сайн төвлөрч амжилт гаргахын төлөө хичээх болно.

 

ХҮҮХЭД АЗ ХӨӨР, БАЯР ХИЙМОРЬ ДАГУУЛДАГ

-Айл гэрийн түшиг тулгуур нь эр хүн гэдэг ч эмэгтэйчүүд илүү их ачаа үүрдэг юм шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Нийлж байна. Би эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тамирчин байна гэдэг ар гэр орхигдох талтай. Манай эхнэр эдийн засагч мэргэжилтэй. Одоогоор хүүхдээ өсгөөд ар гэрээ авч явж байна. Миний амжилтын нэгээхэн хэсэг хань минь гэж бодож явдаг юм. Энэ дашрамд чамдаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Хүүхдүүд нь хэр сахилгагүй вэ?

-Манай том гурван ойтой адтай охин бий. Харин бага маань хүү. Би чинь сайхан үр хүүхэдтэй  баян хүн дээ.

-Хэр сайн аав бэ?

-Нуулгүй хэлэхэд жилийн турш тэмцээн уралдаан бэлтгэл гээд л явчихдаг болохоор тэдэндээ анхаарал сайн тавьж чадахгүй л явна. Харин цаг, зав гарсан үедээ аль болох гэр бүлийнхэнтэйгээ байхыг боддог. Агаар салхинд гарч, хамтдаа байх нь жаргал шүү дээ .

-Үрийн зулай үнэрлэх тэр сайхан үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Анх хүүхэдтэй болоход Германд Европын цуврал тэмцээнд оролцож байсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд ялчихаад гараад иртэл утсанд “Охинтой боллоо” гэсэн захидал ирсэн байсан. Маш их баярлаж билээ. Хамгийн их баярласан үеэ нэрлээч гэвэл тэр мөчийг хэлэх байна

-Хүүхэд эцэг эхдээ амжилт дагуулдаг гэдэг?

-Би бас бэлгэшээдэг юм. Манай бага ой өнгөрч байгаа. Аавдаа бас л өдий хэрийн амжилт дагууллаа.

-Магадгүй хүүгээ жүдо бөхийн спорт руу оруулна гэж боддог уу?

-Манай хүүхдүүд жаахан байна. Том болохоор юунд сонирхолтой нь харагдах байх. Спортоор тэр дундаа жүдо бөхийн спортоор хичээллэнэ гэвэл дуртайяа хүлээж авна.

-Хэсэг хугацаанд чин сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсье?

-Намайг сэтгэл зүр­хээрээ дэмжиж бай­сан Монголынхоо мянга мянган ард иргэдэд баяр­лаж талархснаа илэрхийлье. Энэ дашрамд Монголын жүдо бөхийн холбоо, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хо­рооны албан хаагч, тамирчид, найз нөхөддөө баярлалаа гэж хэлмээр байна.  

Зураг