Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэддээ замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар зааж өгөхийг уриаллаа

Г.Номин, iKon.mn
2014 оны 8 сарын 29
iKon.MN

2014-2015 оны хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан “Хүүхэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэе” сэдвээр холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байгаад өртдөг байна.

Энэ маршрутаар явахдаа:

  • Анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох

     
  • Зам хөндлөн гарахдаа явган зорчигчид зориулсан гарц, гарамтай хэсгээр гарахгүй байх
     
  • Асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох
     
  • Ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр өөрсдийн замын хөдөлгөөний мэдлэг дутмагаас осолд өртдөг хэдий ч жолоочийн хариуцлагагүй үйлдэл, замын байгууламжаас хамаарч осолд өртөх явдал багагүй байгаа ажээ.

Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Ж.Энхбат “Эцэг эхчүүд хичээлийн эхний долоо хоногт хүүхдээ сургуульд нь хүргэж өгдөг боловч хүүхэддээ бие дааж, харгалзах хүнгүйгээр хичээл сургуульд явахдаа замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар зааж өгдгүйгээс осолд өртөх нөхцөл байдлыг бий болгож байна. Тиймээс хүүхэддээ өдөр тутам зорчих замаар хэрхэн аюулгүй зорчихыг дагуулж яваад үзүүлээчээ” хэмээн уриаллаа.



Улсын хэмжээнд зам тээврийн осолын улмаас нийт 37 хүүхэд амь насаа алдаж, 197 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авчээ. Урьд онтой харьцуулахад нас барсан хүүхэд 14.0 хувиар буурч, гэмтсэн хүүхдийн тоо 7.7 хувиар өссөн байна.