Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн туршилтын хугацаанд 7181 зорчигч нэвтэрчээ

Б.Ану
2014 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

"Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмыг энэ оны тавдугаар сард баталсан билээ. 

Түр журамд чөлөөт бүсэд гадаадын иргэдийг визгүй нэвтрүүлэх, бараа, тээврийн хэрэгслийг гаалийн татваргүй, чөлөөтэй оруулах, аж ахуйн нэгж байгууллагыг бүртгэлийн хураамжгүйгээр бүртгэх болон хил, хяналтын байгууллагуудын эрх, үүргийг тодорхой тусгасан зохицуулалтууд бий.     

Мөн иргэний бараа солилцоо, худалдааг дэмжих үүднээс зорчигчийн худалдан авсан 3.0 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүнийг чөлөөт бүсээс Монгол Улсын нутаг дэвсгэрт татваргүйгээр оруулахаар журамласан болно. 

Улмаар түр журмын дагуу хоёр сарын хугацаанд /2014 оны 6 дугаар сарын 1-нээс 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл/ "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг туршилтын журмаар эхлүүлсэн. 
    
Журмыг хэрэгжүүлэх хүрээнд "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсэд зургаадугаар сарын 22-29-ний хооронд олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, Монгол, ОХУ, БНХАУ-ын төр засаг болон бизнесийн төлөөлөл оролцон, бизнес уулзалтууд болсон юм.  Үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахаас өмнө чөлөөт бүсэд гурван аж ахуйн нэгж хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулж байсан бол одоогийн байдлаар 10 аж ахуйн нэгж хөрөнгө оруулалт хийн, худалдаа үйлчилгээгээ хэвийн явуулж байна.

Түүнчлэн ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын төлөөлөгчид “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг бүх талаар дэмжихээ илэрхийлээд байна.
    
Зургаадугаар сарын 1-нээс долоодугаар сарын 31-ний хооронд "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсэд 125 мянган тонн барааг чөлөөт бүсийн горимоор бүрдүүлэлт хийж, 13.6 сая төгрөгийн татвар, 62.2 мянган төгрөгийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Туршилтын хугацаанд чөлөөт бүсэд 851.5 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн орсноос 253.7 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн зарагдаж, нийт 7181 зорчигч, 2365  тээврийн хэрэгсэл нэвтэрсэн тоон мэдээ байна.

Алтанбулаг-Хиагт боомт долоодугаар сарын 1-ний өдрөөс 24 цагийн горимд шилжсэн, чөлөөт бүс дэх хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зорчигч, бараа бүтээгдэхүүний урсгал тасралтгүй үргэлжилж байгаа зэргийг харгалзан энэ сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар уг журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж түр журмын үйлчлэх хугацааг 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж, тогтоол нь албажаад байна.        

Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийг нээж, үйл ажиллагааг ийнхүү эхлүүлсэн нь 2002 оноос хойш 12 жилийн турш яригдаж буй чөлөөт бүс байгуулж, хөгжүүлэх асуудал биеллээ олж байгаагийн нэг илрэл болж байна.