Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Батсайхан: Тахарын албанд шалгуур хангасан хүн ирэхгүй байна

Д.Болормаа
2014 оны 8 сарын 29
polit.mn
Зураг зураг

Тахарын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга Д.Батсайхантай ярилцлаа.

-Шинэчлэлийн Засгийн газраас хэд, хэдэн шинэ агентлаг байгуулсны нэг нь Тахарын алба. Танай алба үйл ажиллагаагаа явуулаад хагас жил боллоо. Одоо ажил чинь жигдэрч байна уу. Мэдээж шинэ байгууллагад цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгө шаардлагатай байдаг?

-2013 оны долдугаар сард Тахарын албаны тухай хуулийг баталсан. Хууль маань өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Алба байгуулагдсанаас хойш бүтэц, зохион байгуулалтаа жигдрүүлэхээр нийслэл болон орон нутагт ажиллалаа. Одоо ч ажилласаар байна. Урьд нь манай улсад Тахарын алба гэж байгаагүй, цоо шинэ байгууллага.

Хуулиар Тахарын алба нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, шүүхээс оргосон оргодол, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжилж баривчлах үндсэн үүрэгтэй. Урьд нь энэ ажлыг цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хариуцан гүйцэтгэж байсан.

Харин Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэчлэлийн бодлогын хүрээнд Тахарын албаны тухай хууль гарч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болоод явж байгаа нь энэ. Шинэ байгууллага гэдэг утгаараа алхам тутамдаа бэрхшээл саадтай учирч байна. Үүнийг үгүйсгэхгүй. Дардан байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ бид чадах, чадахаараа бүх талын арга хэмжээг авч байна.

Тахарын албаны нийслэл болон орон нутаг дахь тойргуудыг байгуулж дарга нарыг нь томилоод  ажилд нь оруулаад үйл ажиллагааг нь эхлүүллээ.  Үйл ажиллагаа эхлүүлсэн гэдэг нь эхний ээлжинд шүүхийн аюулгүй байдлыг хангахын тулд шүүхийн харуулуудыг томилоод шүүхийн байруудыг тахарын алба хамгаалалтдаа авчихсан гэсэн үг. Өнөөдөр шүүх байгууллага төрийн хамгаалалтад байна гэж ойлгох хэрэгтэй.

-Гэрч хохирогч хамгаалах, сэжигтэн яллагдагч олж баривчлах үүргээ хараахан гүйцэтгэж эхлээгүй гэж үү?

-Гүйцэтгэж байна. Нийслэлд гэрч хохирогч хамгаалах чиглэлээр үйл  ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн. Тахарын алба байгуулагдсанаас хойш 10-аад иргэн манайд хандаж Гэрч, хохирогчийг хамгаалуулах тухай хуульд заасан эрхийнхээ дагуу хамгаалуулж байна.

Манайх давхар мөрдөн шалгах, эрэн сурвалжлах чиглэлээр ажиллах ёстой. Эрэн сурвалжлах ажлаа нийслэл, орон нутагт ч зохион байгуулаад эхэлчихсэн байгаа. Өнөөдрийн байдлаар шүүхээс оргосон 18 оргодол, ялтан, яллагдагчаас цөөнгүй хэсгийг нь олж тогтоолоо. Энэ  хүмүүсийн цөөнгүй нь хилийн чанадад гараад явчихсаныг тогтоосон байна.

Хууль ёсоор бол  батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагад гурван жил ажилласан байх гэсэн шалгуураар боловсон хүчнээ авах учиртай. Гэвч энэ шалгуурт нийцэх хүн бас ховор байна.

Нийслэлд ирэх долоо хоногт буюу есдүгээр сарын 1-нээс эхлэн Тахарын албаны тухай хуульд заасанчлан шүүх хуралдааны дэгийг сахиулах, хуяглан хүргэх, албадан авчрах, шүүхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлнэ.  Ирэх арванхоёрдугаар сар гэхэд Тахарын алба улсын хэмжээнд үйл ажиллагаагаа жигдрүүлчихнэ гэж тооцоолж байна. Хүн хүчний хувьд янз бүрийн асуудал тулгарч байгааг нуугаад яах билээ. Хууль ёсоор бол  батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагад гурван жил ажилласан байх гэсэн шалгуураар боловсон хүчнээ авах учиртай. Гэвч энэ шалгуурт нийцэх хүн бас ховор байна. Ялангуяа,  орон нутагт ховор байна. Мэдээж, долоон сарын хугацаа өнгөрч байгаа гэхэд чамгүй ажил зохион байгуулчихжээ.

-Боловсон хүчнээ цуглуулахад бэрхшээл гарч байгаа юм байна. Тэгвэл шаардлага хангаад орж ирсэн албан хаагчдын ажлын байр, ажиллах орчин бүр хэцүү байгаа байх. Ажлын байраа яаж шийдэх юм. Төрөөс албан ёсоор байр гаргаж өгөөгүй байх аа?

-Шинэ байгууллага учраас бэрхшээлгүй байна гэж мэдээж байхгүй. Бэрхшээл тулгарч байна. Өнөөдөр төсвийн хүндрэл ямар байгаа билээ. Хүндрэлтэй байхад нь бидэнд байр хэрэгтэй байна. Бидэнд тийм юм хэрэгтэй боллоо гэж гомдоллохыг хүсэхгүй байна. Аль болохоор асуудлыг орон нутгийн өөрөө удирдах байгууллага, тэнд ажиллаж байгаа хууль сахиулах бусад байгууллагуудтай хамтарч шийдэх гэж хичээж байна.

Манайх хуулиараа 700 гаруй хүний орон тоотой. Тэгэхээр 700 хүний ажлын байр гэхээр бас чамгүй юм хэрэгтэй болно биз.

-Танайх хуучин цагт цагдаа, шийдвэр гүйцэтгэгчийн гүйцэтгэж байсан ажлыг  үргэлжлүүлж байгаа. Гэхдээ ийм олон тооны ажилтан байх ёстой гэж үү. Урьд нь цагдаагийн 30 албан хаагч энэ үүргийг гүйцэтгэж байсан гэдэг?

-Ийм учиртай юм. Зарим хүн ч хэвлэлээр ингэж ярьсан байна лээ. Хуучин байсан тэр 30 хүн бол зөвхөн нийслэлд л шүүхэд хуяглан хүргэх ажил гүйцэтгэж байсан юм. Цагдаагийн 30 ажилтан энэ ажлыг гүйцэтгэж байсан. Гэхдээ одоо хуулиараа өөр болсон шүү. Хуяглан хүргэх гэдэг нь их ажлын зөвхөн нэгээхэн хэсэг нь.

Бид хуяглан хүргэхээс гадна шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хамгаалах, гэрч хохирогчийг хамгаалах, оргодол, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлан илрүүлэхээс эхлээд эрүү, иргэн, захиргааны хэргийн оролцогчдыг  албадан ирүүлэх ажлыг давхар гүйцэтгэнэ. Энэ гүйцэтгэх ажил маань  700 хүн хийхэд ч багадна.

Ялангуяа, гэрч хохирогчийг хамгаалах нь бүр хэцүү. Шүүхийн харуул хамгаалалт, гэрч хохирогчийг хамгаалах нь цоо шинэ ажил шүү. Нөгөө талаас  шүүхийн аюулгүй байдал хангах гэдэг нь зөвхөн тухай шүүх болон шүүгчийн асуудлыг яриагүй. Шүүхийн ажиллагаанд оролцогч иргэн, хохирогч, гэрч гээд бүгдийнх нь аюулгүй байдлыг хамгаална.

-Тэгвэл төсөв хөрөнгө нь хангалттай юу. Нэмэгдүүлэх шаардлага байна уу?

-Төсөв нэмнэ, орон тоо нэмнэ гэж ярихад эрт байна. Ямар ч байсан энэ байгууллага хуульд заасан үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлэх ёстой. Үүний дараа болж бүтэхгүй байгаа зүйлийнхээ талаар ярилгүй яах вэ.  Мэдээж түрүүн хэлсэнчлэн байр байшангийн хувьд хүндрэл учирч байна.

Аймгийн Засаг дарга, ИТХ-аас дэмжиж байгаа учраас хэдэн албан хаагчид маань гудамжинд ширээ тавиад суухгүй юм. Тэд маань нэг, нэг өрөөтэй болж байх шиг байна.

-Аймгуудад салбар нэгжээ байгуулчихсан гэл үү?

-Шүүхийн хуулийн дагуу Монгол Улс 10 тойргийн шүүхтэй. Энэ 10 шүүхийг дагаад Тахарын 10  тойргийн алба байгуулагдлаа. Бид 21 аймагт бүх нэгж байгуулчихсан.

-Гэрч, хохирогчийг хамгаалах талаар асуух зүйл олон байна. Ямар шалгуураар гэрч, хохирогч гэж үзэх юм. Өөрсдөө танайд хандах ёстой юу?

-Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд гэрч гэж хэн бэ. Хохирогч гэж хэн бэ гэдгийг тодорхой заасан байгаа. Хэрэв амь нас, эрүүл мэнд, ар гэрт нь дарамт шахалт ирэх, халдах тохиолдол байвал бидэнд  хандаж болно. Хандаж ч байна.

Гэхдээ хандаж байгаа хүн бүрийг шууд хамгаалалтад авахгүй. Мэргэжлийн төвшинд тогтоох гэсэн асуудал бас байна. Түүнд дарамт шахалт бодитойгоор учирсан эсэхийг нь тогтооно.

-Яаж тогтоох юм бэ?

-Үнэлгээ гаргах ёстой. Хүсэлт гаргасан иргэнтэй ярилцахаас гадна  тухайн асуудлыг шалгаж байгаа байгууллага, албаны хүнтэй нь уулзана. Ингээд үнэхээр бодит эрсдэл учирчээ гэдгийг  тогтоосон тохиолдолд хуульд заасан бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар 10 гаруй хүн манайд хандаж туслалцаа авч байгаа. Ер нь гэрч хохирогчийг ганцхан Тахарын албаныхан хамгаалахгүй. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд зааснаар тагнуул, цагдаа, мөрдөх алба, авлигатай тэмцэх газар өөрийн эрх хэмжээнд хэрэгжүүлнэ.

Яах вэ, тахарын алба хамгаалалтаараа илүү давуу байх ч бусад байгууллага өөр, өөрсдийн шалгаж байгаа хэргийн хүрээнд гэрч, хохирогчоо хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр энэ таван байгууллага гэрч, хохирогчоо хамгаалах ёстой гэсэн үг.

-Дарамт шахалт учирч байгаа гэрч, хохирогч танайд хандаж болно биз дээ?

-Болно. Нээлттэй.

-Хамгааллаа гэхэд яаж хамгаалах юм. Тусгаарлан орон байраар хангах уу?

-Хуульд тодорхой заасан. Биечилсэн хамгаалалт, дагалдан хамгаалалт, техникийн хамгалалтаас гадна тухайн хүний нүүр царайг өөрчилж болно. Бичиг баримтыг ч өөрчилж болно. Мэдээж түр байр болон бусад хуульд заасан байруудад оруулна.

-Нууц байж болох ч та бүхэнд түр байр хангалттай байна уу?

-Энэ талаар яриад хэрэггүй биз ээ. Улсын нууцад хамаарна. Байгаа, эсвэл байхгүй гэж хэлэх боломжгүй.

-Зүс царайг өөрчлөх боломж нөхцөл нь хараахан нээгдээгүй байгаа биз?

-Шаардлагатай гэвэл өөрчилнө. Хуульд заачихсан учраас энэ үүргээ биелүүлж таарна.

-Тахарын албаныхан хууль сахиулагчдын нэг. Гэхдээ алба нь байгуулагдсан ч Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хууль батлагдаагүй байна. Тэгэхээр та бүхэн цол, ажлын нэмэгдлээ яаж авах юм?

-Тахарын албаны тухай хуульд Тахарын албаны албан хаагчид тахарын албаны цол хэрэглэнэ гээд заачихсан. Цолыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно. Энэ хуулийн дагуу Хууль зүйн сайдын тушаалаар манай албан хаагчид цол, форм хэрэглэх түр журам батлагдчихсан байгаа.

Хууль батлагдан гартал үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд түр журам батлуулан хэрэгжүүлж байгаа юм. Ер нь энэ хууль батлагдах ёстой гэвэл тийм. Ганцхан манайд ч хэрэгтэй байгаад байгаа юм бас биш. Хууль сахиулах бүх байгууллагын алба хаагч нарт шаардлагатай байна. Удахгүй батлагдах байх гэж найдаж байна.

-Сахилгын шийтгэл, цалингийн нэмэгдлээ яаж тооцож байна?

-Төрийн албаны тухай хуулиар сахилгын шийтгэл ногдуулж байна. Харин цалингийн нэмэгдэл аваад байгаа юм алга. Төрийн тусгай албан хаагчдын цалинг л авч байна. Түүнээс биш цолны нэмэгдэл, тусгай албанд ажилласны нэмэгдэл гэж  авахгүй байгаа. Хууль гарсны дараа энэ бүхэн зохицуулагдах байх гэж хүлээж байна.

-Тахарын албаны тэргүүн дэд дарга Д.Батсайхан гэж хэн бэ. Цагдаад удирдах албан тушаалд олон жил ажилласан хүн байх аа?

-Би өөрийнхөө талаар яриад яах вэ. Цагдаагийн байгууллагад 28 жил ажилласан. Хэсгийн төлөөлөгчөөс эхлээд хэлтсийн дарга, газрын дарга хүртлээ ажилласан байна. Шинээр байгуулагдсан Тахарын албанд ажиллах шаардлагатай гэсэн учраас ажиллаж байна.

Тахарын алба гэдэг байгуулага үйл ажиллагаа явуулахад нь өөрийн мэдлэг, туршлага, бүх зүйлээ дайчлан ажиллана даа гэсэн эрмэлзлэлтэй сууна.

Зураг