Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Путин босогчдод хандан уриалга гаргажээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбассын босогчдод хандан бүслэлтэнд орсон Украйны цэргийн албан хаагчдад хүргэх хүмүүнлэгийн гарц гаргаж өгөхийг уриалжээ. Түүний энэхүү уриалга бүхий мэдээллийг өнөөдөр Кремлийн хэвлэлийн албанаас гаргасан байна. 

Золиос ихээр гаргахаас зайлсхийж, бүслэлтэнд орсон Украйны цэргийнхэнд бүслэгдсэн тойргоос гарч, ар гэрийнхэндээ, ээждээ, эхнэрүүд, хүүхдүүддээ эргэн очих  боломж олгох, цэргийн үйл ажиллагааны улмаас шархадсан цэргүүдэд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх боломж нээхийн тулд Украйны цэргийн албан хаагчдад зориулан хүмүүнлэгийн гарц гаргаж өгөхийг босогчдод хандан уриалж байна” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэгдэлдээ өгүүлжээ.

“Оросын тал хүмүүнлэгийн сүйрлийн улмаас хохирч байгаа Донбассын оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн, үзүүлэх ч болно” хэмээн тэрбээр онцолсон байна.

Түүнчлэн тэрбээр Украйны эрх баригчдад хандан “байлдааны ажиллагааг нэн даруй зогсоох, гал зогсоох, хэлэлцээрийн ширээний ард Донбассын төлөөлөгчидтэй уулзаж, үүссэн нөхцөл байдлыг энхийн замаар шийдэх”-ийг уриалжээ.

Энэ мэдэгдэл гарсны дараа Донбассын босогчид Путины уриалгыг хүлээж авсан тухай мэдээлэл ирсэн юм. 



Эргэн сануулахад энэ сарын дундуур ОХУ Украйны дорнод хэсэгт хүмүүнлэгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Украйн руу хүмүүнлэгийн цуваа илгээх саналыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд тавьж байв. Цуваа Орос- Украйны хил дээр долоо хоног зогссоны эцэст нөхцөл байдал хүндэрсэн бүсүүд рүү хүмүүнлэгийн тусламжаа илгээхээр болсон тухай Оросын Гадаад хэргийн яам мэдэгдэж байлаа. Улмаар хүмүүнлэгийн тусламж бүхийн Оросын анхны цуваа олон хоног зөвлөлдөж, хэлэлцсний эцэст наймдугаар сарын 22-ны өдөр Украйны хил давсан юм.

Харин Украйн Оросын цуваа зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн нь нутаг дэвсгэр рүү нь халдсан хэрэг хэмээн Оросыг буруутгаж байв. Үүний дараа өдөр нь Оросын бүхий л ачааны тэргүүд Луганскад ойролцоогоор 2000 тоон хүнс, ус, хүүхдийн тэжээл, эмнэлгийн бүтээгдэхүүн буулгаад ОХУ-ын нутаг дэвсгэрт эргэн ирж байлаа. Энэхүү цуваа эргэн ирсний дараа ОХУ-ын Гадаад хэргийн яам Орос Украйны баруун урд хэсгийн хүн амд зориулан дахин хүмүүнлэгийн тусламж илгээнэ хэмээн мэдэгдэж байв.