Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэгийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг эхээс гаргуулах санал гаргав

Б.Төгс
2014 оны 8 сарын 29
polit.mn
Зураг зураг

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдэж, дахиад л хэдэн мянган хүүхэд цэцэрлэгт багтахгүй гэртээ цоожлогдох нь тодорхой болчихоод байхад УИХ-ын гишүүд сая л нэг анзаарав бололтой. Юу гэвэл уржигдар УИХ-ын Төсвийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд хүүхдийн цэцэрлэгийн асуудлаар хуралдлаа. Нийслэлд өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 178 цэцэрлэгт 59474 хүүхэд хүмүүжиж байгаа нь цэцэрлэгийн барилга хүчин чадлаасаа даруй 1.87 дахин илүү ачаалалтай байгааг Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана гишүүдэд хэллээ. Энэ онд гурван цэцэрлэгийн барилга ашиглалтанд орж, 27 цэцэрлэгийн барилга угсралтын ажил эхэлсэн байна.

Төрийн өмчийн 178 цэцэрлэгт 59474 хүүхэд хүмүүжиж байгаа.

Мөн тендер нь зарлагдсан 32 цэцэрлэгийн барилга байгаа бөгөөд энэ тоог  нэмэгдүүлж 150 хүүхдийн хүчин чадалтай 374 цэцэрлэг барих шаардлага тулгарчээ.Мөн газар чөлөөлөлтийн ажил удаашралтайгаас шалтгаалж цэцэрлэгийн барилга барих ажил он дамнах, зохих ёсны хугацаандаа ашиглалтад орохгүй  байгаа талаар онцлоод, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх  таван санал гаргаж буйгаа танилцуулсан юм.

Үүнд нэгдүгээрт, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг хоёр дахин нэмэгдүүлж ингэхдээ 50 хувийг эцэг эхчүүд хариуцдаг байх шийдвэр гаргах хэрэгтэй байгаа талаар дурдаад, энэ талаар судалгаа явуулсныг  эцэг эхчүүдийн 80 хувь дэмжсэн байна.

Хоёрдугаарт, өнгөрсөн хичээлийн жилд үйл ажиллагаа явуулсан төрийн бус өмчийн нийт цэцэрлэгийн 43 хувь нь  хүчин чадлаа бүрэн ашиглаж чадаагүй байна. Энэ нь нийт 71 цэцэрлэгийн 2552 ор сул байна гэсэн үг юм. Төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд байгаа энэ  сул орыг ашиглаж тодорхой зорилтот бүлгийн хүүхдүүдийг төлбөргүйгээр хамруулах. Ингэснээр хувийн цэцэрлэгүүд бүрэн хүчин чадлаараа ажиллахаас гадна цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 3150-аар нэмэгдэнэ.

Гуравдугаарт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Аж ахуй нэгж, байгууллага нь цэцэрлэгтэй байж болно” гэж заасныг үндэслэн байгууллагууд дэргэдээ өөрийн цэцэрлэг байгуулах саналыг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх.

Дөрөвдүгээрт, ашиглалтын хугацаа дуусаагүй, суурь сайтай баригдсан 38 цэцэрлэгийн барилгад давхрын өргөтгөл хийж цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой. Барилга угсралтын ажилд шаардагдах 20 гаруй тэр бум төгрөгийг шийдвэрлүүлэх хэрэгтэй. Ингэснээр цэцэрлэгийн орны тоо 2850-аар, хамрагдах хүүхдийн тоо 4500-аар нэмэгдэнэ гэж үзэж байна.

Тавдугаарт, боловсролын салбарт Захиргаа аж ахуйн орон тооны үлгэрчилсэн нормативыг  яаралтай батлуулах шаардлагатай байгаа гэсэн саналуудыг дэвшүүлэв.

Байнгын хорооны гишүүд Нийслэлийн боловсролын газраас дэвшүүлсэн зарим саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлж ажил хэрэг болгох талаар анхаарч ажиллахыг холбогдох яам агентлагуудад анхаарууллаа.

Зураг