Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Бие махбодод уураг дутагдаж байгаагийн ТАВАН шинж

Б.Ууган, iKon.mn
2014 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Цагаан болон ногоон хоол идэж, турж, гоолиг болох хүсэлтэй хүмүүсийн давалгаа нэг хэсэг хүчтэй гарч ирэн, энэ талаар сурталчилгаа их гардаг байсан ч махнаас бүрэн татгалзах нь биемахбодод тийм ч сайн нөлөөтэй биш, уураг дутагддаг гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд харуулсаар байгаа билээ.

Гэхдээ зөвхөн махаар уураг нөхөгдөхгүй, олон төрлийн хоол хүнсээр дамжуулан уургаа авчихаж болно.

Харин таны биенд агуулагдах уургийн хэмжээ хэвийн түвшиндээ байгаа гэдгийг хэрхэн мэдэх вэ? Энэ тал дээр нэг их санаа зовоод хэрэггүй, биемахбод тань өөрөө л хэлээд өгчихнө. 

1. Амттан идэх хүсэлтэй болох

Хүний биед уураг дутагдах үед хүмүүс өндөг, давтсан мах гэхээсээ илүүтэйгээр амттан идэх дуршил нь ихэсдэг гэнэ. Гэвч амттан идээд цадна гэж байхгүй.

Амттан идэх хүсэл төрөх болсон шалтгаан нь бидний биемахбод дахь уураг нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулдагтай холбоотой. Тиймээс уураг дутагдвал сахарын хэмжээг хянах хяналт алдагдаж, байнга л амттай, чихэрлэг зүйлс идмээр болдог.

Та өглөөд ердөө ганц ширхэг амттан идээд гардаг бол хангалттай эрч хүч авч чадахгүй, тун удалгүй хоол идмээр болно. 
 

2. Анхаарал төвлөрөх, зөв сэтгэн бодох чадвараа алдах 


Цусан дахь сахарын хэмжээ хэвийн түвшинд байх нь анхаарал төвлөрөх болон тархины сэтгэн бодох чадварт нэн чухал. Тиймээс уураг дутагдснаас болж сахарын хэмжээ тогтворгүй байвал та түргэн сэтгэн бодож чадахгүй, “манарсан” байдалтай л байна гэсэн үг. 
Учир нь та хүнсээрээ дамжуулан хэрэглэж байгаа уураг тархи руу байнга эрч хүч нийлүүлж байдаг. 

3. Үс унах

 

Уураг бол бидний үсний фолликул зэрэг эд эсэнд орлуулашгүй чухал зүйл. Хүчтэй, бат бэх фолликул нь үсийг унахаас сэргийлдэг. Харин таны үс унаж эхлэсэн бол уургын дутагдалтай байж мэднэ. \гэхдээ үс уналт нь өөр олон шалтгаантай, өвчний шинж тэмдэг байж болзошгүй тул эмчид хандах нь зүйтэй\ 

4. Булчин сулрах 

Уураг булчингийн эдэд нэн чухал гэдгийг бид сайн мэднэ, харин энэхүү чухал зүйлийг хангалттай хэмжээгээр хэрэглэхгүй бол булчин суларч, өмнө нь давж гараад байсан биеийн ачааллаа ч дийлж чадахгүй болно гэсэн үг. 

5. Байнга өвдөх

Уураг нь зөвхөн булчингийн эд эсд төдийгүй дархлааны систем бэхжихэд чухал үүрэгтэй. Тиймээс та гэнэт л байнга ханиад хүрч, халдвар аваад байвал шалтгаан нь уургийн дутагдал байж мэдэх юм.