Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батмөнх: Амийг минь аварсан орос ах нартаа “баярлалаа” гэж хэлж чадаагүй

Ч.Гантулга
2014 оны 8 сарын 22
Зууны мэдээ
Зураг зураг

Халхын голын ялалтын түүхт 75 жилийн ой энэ жил тохиож байна. Ялалтын баяр бол эх орныхоо дархан хилийг тайван байлгахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Орос, Монгол ахан дүүсийн цаашлаад хоёр орны эв найрамдлын баяр билээ. Дайны хүнд жилүүдэд амь биеэ үл хайрлан эх орон, ард түмнийхээ төлөө тангараг өргөсөн олон мянган цэрэг эрс бий. Тэдгээрээс одоо 34 нь бидний дунд аж төрж байна. Түүний нэг ахмад дайчин Г.Батмөнхийг “Баасан гариг”-ийн зочноор урилаа.

-Сайн байна уу та. Сайхан намаржиж байна уу. Танд Халхын голын ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг хүргэе?

-Эх орныхоо болон Зөвлөлт холбоот улсын нийт ард түмэндээ Ялалтын баярын мэндийг дэвшүүлье. Жил бүрийн энэ өдөр өвөөгийнх нь сэтгэл их хөөрөх юм.

Бид агуу түүхтэй, азтай улс юм. Одоогоос 75 жилийн өмнө эх орон, ард түмнийхээ төлөө тангараг өргөөд гарсан залуу насандаа очсон юм шиг сэтгэл догдолж байна. “Монгол цэргийн музей”-д сайхан үзэсгэлэнг дэлгэжээ. Энд бидний бүхэл бүтэн түүхийг өгүүлсэн байна. Өөрийн дайнд оролцож явсан үе болон дайчин нөхдийнхөө зургийг харахад сайхан байна.

-Дайны жилүүдэд та хэдэн настай байсан бэ. Цэргийн албанд татагдсан байсан уу?

-Би Сүхбаатар аймгийн хүн. 1938 онд 16 настай, дүү маань 14-тэй байлаа. Бид сайн дураараа цэрэгт мордож, Матадын VII дивизэд цэргийн эрдэмд суралцаж байлаа. Очоод удаа ч үгүй дайн боллоо гэж дуулдсан. Нэгэнт л эх орны хүү болсон учир өргөсөн тангарагаа биелүүлж, идэр залуухан байхдаа дайнд оролцсон доо.

-Тухайн үед бага, залуу байсан учир айж, сандарч байсан уу. Дайн гэдгийг та яаж төсөөлж байв?

-“Дайн” гэдэг үгийг сонсоход амар байгаагүй ээ. Гэхдээ эх орон, ард иргэдийнхээ төлөө тэмцэхээс өөр сонголт байхгүй гэд­гийг  ухамсарлаж бай­сан. Тухайн үеийн цэргийн анги, биднийг командлагчид мундаг байлаа шүү дээ. Сэтгэл санаагаар дэмжиж, үргэлж хурцалдаг байлаа. Түүний хүчинд бид дайны талбарт зоригтойгоор урагшилж чадсан.

-Халхын голын байлдаанд Орос, Монголын хэчнээн байлдагч оролцсон бэ?

-Монгол, Орос ний­лээд 29 мянган дайчин Халх голын байлдаанд оролцсон гэдэг юм билээ. Сүүлд зургадугаар сард нэмэлт хүч татсан юм. Тэгэхээр нарийн тоог нь сайн санахгүй байна.

-Анхны давшилт хэзээ болсон бэ?

-Бид тавдугаар сард Матадын VIII дивиз рүү хөдөлсөн юм. Миний дүү Х.Доржпалам байраа сахиж үлдэх ёстой байтал явна гэж зүтгэсээр хамт явсан. Бид 23 дугаар морьт хороонд очсон юм. Дүү маань бүрээчин болж, би дивизээ сахиж үлдэх анхны тушаалаа авлаа. Баянцагааны орчим байж байтал дивизийн дарга Б.Нянтайсүрэн гуай ирсэн. Тэр хүн “Та хэд морио амраагаад, хоолоо идэж бай. Араас дөрвөн машинаар нэмэлт хүч ирж байгаа” гэсэн юм.

Манай дивизийнхэн нэмэлт хүмүүсээ хүлээж байтал гэнэт түгшүүрийн дохио өгсөн. Бидний дээгүүр сөнөөгч гурван онгоц нисээд өнгөрдөг юм байна. Гэтэл “Өө улаан одтой юм байна. Айх хэрэггүй. Манай онгоцууд байна” гэсэн. Гэтэл нөгөө гурван онгоц Буйр нуурын зүг нисчихлээ. Харин эргэж ирэхдээ бидний дээрээс бөмбөгдчихдөг юм байна. Бидэнд нуувч байгаагүй учир морин тэргэн доогуур орж нуугдсан юм. Тэгж л анх дарийн утаа үнэртсэн түүхтэй. Тэр дайралтаас есөн цэрэг хүнд гэмтэл авсан даа.

-Та дайнд ямар үүрэгтэй оролцсон бэ?

-Эх орны хүү боллоо, дайн гэдгийг үзэж, дарийн утаа ч үнэртлээ. Одоо ч байлдаад байдаг хэрэг гэсэн зориг цээжин дотор минь дүрэлзэж байлаа. Гэвч дивизийн дарга намайг арын албанд томилчихдог юм байна. Урам хугарсан гэж жигтэйхэн. Нэгэнт л даргын тушаал юм чинь яалтай ч билээ.

Шархдсан цэргүүдийг эмнэлэгт хүргэх, анхны тусламж үзүүлэх, дарга нарын ар гэрийг хамгаалах, эмнэ­лэгт байгаа цэргүүдэд шүлэг уншиж, хөгжим тоглож өгөх үндсэн ажил­тай болдог юм байна. Мөн цэргүүдийн ар гэрийнхэнд захидал их бичдэг байсан. Иймэрхүү ажлыг аравдугаар сар хүртэл хийсэн дээ.

-Дайны талбарт хөг­жим тоглож, шүлэг уншина гэхээр сонин сонсогдож байна шүү?

 -Дайнд оролцож байгаа болон шархадсан цэргүүдэд сэтгэлзүйн дэмжлэг их чухал юм билээ. Хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас  хүнд шархдаад сэтгэлээр унаад өнгөрчих тохиолдол байдаг. Би тэдгээр хүмүүст ухуулга хийж, сэтгэлийг нь сэргээх гэж хөгжим тоглож, шог шүлэг уншиж өгдөг байсан.

-Нэг ёсны сэтгэлзүйч, сайн дурын уран сайханч байжээ?

-Бараг л тийм дээ. Цэргүүд их хөөрхөн шүү дээ. Өвчиндөө шаналаад ирэхээр нь жаахан хөг­жөөхөд л сэргээд ирдэг юм. Зарим нь бүр амьдралаа ярина, уйлна, дуулна гээд бидний дунд хөгтэй зүйл их болдог байлаа.

-Та хөгжмийн мэргэжилтэй юмуу. Хаана хөгжим тоглож сурсан юм бэ?

-Мэргэжил ч юу бай­хав. Бага зэрэг урлаг, уран сайхан оролддог байсан ухаантай. Би чинь армид 33 жил болсон. Сүү­лийн 19 жил нь “Монгол цэргийн музей”-д ажилласан юм. Дайны талбарт ч шүлгээ уншиж, хөгжмөө тоглоод, насныхаа эцэст ч энэ л урлагтаа үнэнч явлаа даа.          

-Шархадсан цэргүү­дийг хаана эмчилдэг байв?

-Хөнгөн өвчтөнүүдийг нь Баянтүмэнгийн эмнэлэг рүү. Харин хүнд цэргүүдийг нь онгоцоор Чита хот руу аваачдаг байсан юм. Гэхдээ хүнд цэргүүдэд найдлага бараг байгаагүй дээ. Тэднээс буцаж ирсэн нь цөөхөн. Бид сэтгэлийг нь бодоод хурдан эдгээд ирээрэй гээд явуулдаг байсан.

-Дайны талбараас шархадсан цэргүүдийг авна гэдэг том гавьяа, эр зориг юм. Буун дуунаас дайсны шугам руу нэвтрэхэд аюул ойрхон зөрнө биз?

-Адилхан л эх орныхоо төлөө дайтаж яваа эрс дайсны шугамд нэгийгээ орхиж чаддаггүй юм билээ. Ямар ч байсан авна, аврана гэсэн сэтгэлээр л ханддаг. Тэдгээр эрс эх орон, элгэн садан, хайрт ээж, аав, хань ижилдээ амьд очих ёстой шүү дээ. Дайны талбарт эмч рүү буу шагайх эрх хэнд ч байдаггүй байсан.

-Өөрийнхөө амийг үл хайрлан тэмцэж явахдаа үхэл, амьдралын заагт олон удаа очсон байх даа?

-1939 оны долдугаар сарын 25-нд том тулаан болсон юм. Дайны талбарт хамтдаа үүрэг гүйцэтгэж явсан нөхөр маань дайсны суманд оногдчихдог юм байна. Би түүнийг ар гэрийнхэнд нь хүргэж өгөх даалгавар авсан. Холбоочин найзыгаа дай­ны талбараас гаргах үед Японы онгоц бөмбөгдөж эхэлсэн. Бид хоёрын ард том дэлбэрэлт болдог юм байна. Тэр хооронд ухаан балартаад, чих шуугиад болдоггүй. Нэг харсан чинь төмөр дуулгатай, нөмрөгтэй хоёр цэрэг биднийг чиглээд ирж явна.

Холбоочин маань ч япон цэргүүд байна, бууд гэлээ шүү. Би байдлыг ажиглаад хүлээж байтал хоорондоо Оросоор ярих нь сонсогдсон. Тэр хоёр биднийг Агаарын их бууны 135 дугаар ангид аваачсан юм. Биднийг дөнгөж очтол агаарын дайралт эхэлдэг юм байна. Өнөөх хоёр Орос маань бид хоёрыг нуувчинд оруулаад, дээрээс юмаар хучаад, өөрсдөө дараад хэвтчихсэн. Магадгүй тэр хоёр орос байгаагүй бол би дайсны бөмбөгдөлтөд өртчих байсан биз.

-Ямар цэргүүд байсан бэ. Танилцаж амжсан уу?

-Тухайн үедээ тулгамдаад нэрийг нь ч асууж чадаагүй. Хүн гэдэг амьтан хожим нь л харамсах юм даа. Амийг минь аварсан орос ах нартаа “баярлалаа” ч гэж хэлж чадаагүй.

-Таныг Жуковтой уулзсан гэж сонссон. Дайны үед уулзсан юм уу?

-1939 оны зургадугаар сарын 9-нд уулзсан юм. Бидний хэдэн цэрэг ус авахаар худаг руу очтол дөрвөн орос цэрэг байж байлаа. Ахимаг настай цэрэг нь өвсөн дунд шүдэнз тавьчихаад нөгөө хоёроороо буудуулаад байсан ч нөгөөх нь онодоггүй. Тэгэхээр нь би буудаад үзье гэлээ. Тэгээд эхний буудалтаараа оночихсон.

Гэтэл нөгөө ахимаг настай хүн “браво” гэж хэлээд, энгэрийнхээ халааснаас 10 төгрөг гаргаж ирээд өгсөн юм. Харин Монголоор нэлээд сайн ярьдаг орос цэрэг “Чи энэ хүнийг хэн гэдгийг мэдэж байна уу. Маршал Г.К Жуков шүү дээ” гэсэн.

-Мэдээж Халхын голын ялалтад Орос ах нарын гавьяа их. Та тэдэнтэй хэр ойр дотно байв?

-Орос, Монголын найрсаг харилцаа энэ үеэс л баталгаажсан байх. Дайны жилүүдэд бид ахан дүүсийн холбоотой гэж ярьдаг байлаа. Би бүр эртнээс Оросуудтай холбогдсон юм. Манай аав Тамсагболдын VI дугаар дивизийн ар талын скаладын дарга байсан юм. Тухайн үедээ орос цэргүүдтэй их найзалдаг байсан. Аавыгаа өнгөрснөөс хойш би тэнд ажиллаж байсан юм.

-Тухайн үеийн орос ахан дүүс ямар хүмүүс байсан бол?

-Бид хэлэлцэх үедээ хэлэлцэж, хэрэлдэх үедээ маргалдаад л явж байсан. Оросууд их гүндүүгүй хүмүүс. Ялангуяа дайны үед бие, биенээ гэх чин сэтгэлтэй байсан. Бидний нөхөрлөл их зузаарсан. Би их олон орос найзтай байсан.   

-Дайнд оролцсон дайч­дыг төрийн зүгээс яаж урамшуулдаг вэ. Та тэтгэмж авдаг уу?

-Би төр засагтаа баярлаж явдаг. Биднийг сайн харж үздэг юм. Би чинь Халхын голын болон 1945 оны гээд хоёр дайны нүүр үзсэн хүн. Бидний орон сууцны мөнгийг улсаас төлдөг. Мөн 70 жи­лийн ойгоос өмнөхөн сард 200 мянган төгрөг өгдөг болсон. Жилд нэг удаа сувилалд явах зардлыг минь даадаг. Энэ төрийн минь буян шүү дээ.

-Халхын голын дайнд хэчнээн цэрэг эрс эх орныхоо төлөө халуун амиа зориулсан бол. Та тодорхой тоо баримт хэлж чадах уу?

-Японы талаас 60 мянган хүн амь үрэгдсэн гэдэг. 20 мянга нь Халхын голын фронтын талбайд нас барсан гэж үздэг юм билээ. Манай болон Зөвлөлтийн талаас амь үрэгдсэн хүмүүсийн тоог тодорхой хэлдэггүй юм. Тэдгээр цэргүүд дунд хоёр удаа баатар болсон хүн ч бий. Гэхдээ номонд янз бүрээр бичдэг юм билээ.

-Хүн төрөлхтний хамгийн том эмгэнэл нь дайн гэдэг. Тэнд олон мянган гэмгүй иргэд амиа алдсан. Дайны жилүүдийг эргээд дурсахад танд юу бодогддог вэ?

-Олон орны залуу­чуудын амийг авч оддог хар дайн хүсэх зүйл биш. Эргээд бодоход эх орны хил дархан байх ямар сайхан юм бэ гэж бодож сууна. Тухайн үеийн Монголын ард тү­мэн хэцүү он цагийг туулсан шүү дээ. Тэдгээр хүмүүсийн хүчээр өнөө­гийн эрх чөлөө, тусгаар тогтнол ирсэн юм. Үүнийг манай ирээдүй хойч болсон хүүхэд, залуус мэддэг байгаасай.

-Халхын голын ялалт ямар үнэ цэнээр ирсэн гэж та боддог вэ?

-Бидэнд ард түмэн итгэж байсан. Тэр ит­гэлийн галаар бид цэнэг­лэгдэж, ялагдах ёсгүй гэд­гээ ухамсарласан. Хэдэн мянган ээж ганцхан хүүгийнхээ араас биш, бүх дайчин эрсийн араас цацлаа өргөж, бурхандаа мөргөсөн бол. Тэр сэтгэ­лийн хүч л бидэнд ялалт авчирсан гэж бодогддог юм.    

Зураг