Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Эболаг эмчлэх туршилтын ийлдэс үр дүнгээ өгчээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Ямар ч эмчилгээгүй гэгдэж байсан Эбола тахлыг ялах боломжтой болжээ. Дэлхий нийтийг түгшээгээд байсан энэ өвчнийг эмчлэх туршилтын ийлдэсийг Либерт ажилллаж байхдаа халдвар авсан Америкийн эмч нар хэрэглээд, үр дүн нь нааштай гарсан байна. 

Баруун африкт эбола тахалтай тэмцэхэд оролцож байсан Америкийн хоёр эмч Атлантагийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхдээ туршилтын бэлдмэлийг хэрэглэн, өвчнийг ялж чаджээ.

"Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Хяналт, урьдчилан сэргийлэх төвийн санал болгосон эмчилгээг хийсний дараа цусан дахь вирус устаж, хоёроос гурван өдрийн дотор өвчтний биеийн байдал сайжирсан. Нөхөн сэргээх эмчилгээнд цаг хугацаа шаардлагатай хэдий ч өвчтнүүдийн хувьд эд эрхтэн ноцтой гэмтсэн зүйл байхгүй, бүрэн эдгэсэн гэж хэлж болно” хэмээн Их сургуулийн эмнэлгийн захирал Эмори Брюс Рибнер мэдэгджээ. 

Аюултай өвчин тусаад эдгэрч чадсан эмч нарын нэг болох доктор Кент Брэнтли “Энэ хугацаанд миний төлөө залбирч байсан бүхэнд баярлалаа. Баруун Африк болон Либерийн ард түмний төлөө та бүхэн залбирч байгаарай. Тэд удахгүй эболаг ялах болно.” хэмээн эмнэлгээс гарахдаа өгүүлсэн байна. 

Хоёр өвчтөнд саяхныг хүртэл Zmapp хэмээх АНУ, Канадын эрдэмтдийн хамтран гаргаж авсан нууц ийлдэсийг хэрэглэсэн бөгөөд энэ нь хүмүүс дээр туршсан анхны туршилт юм байна.

Гэхдээ вирусыг бүрэн ялна гэж мэдэгдэхэд арай эрт байгаа гэнэ. Учир нь өвчтнүүд эдгэрсэн нь ийлдэсийн ач тус гэдэгт эрдэмтэд итгэл төгс биш байгаагийн дээр хэдэн мянган хүн дээр турших хэмжээний тун гаргаж аваагүй байгаа юм байна. 

Энд дуулгахад Африкийн орнууд нутаг дэвсгэрт нь вирусын халдвар орж ирэхээс сэргийлэхийн тулд хилээ хааж, Гвиней, Либер, Сьерра Леон гэсэн орнуудаас зорчигч хүлээж авахгүй байгаа юм. Тахал дэлгэрсэн орнууд ч хөл хорио тогтоож, хилээ хаагаад байгаа бол хүмүүс үхлийн аюултай өвчнөөс ихэд эмээж байгаа тул хүүхдүүдээ ч сургуульд явуулахгүй байгаа гэнэ.

Түүнчлэн өвчин тархсан нь жижиг бизнес эрхлэгчдэд хүндээр тусч, хүмүүс гудамжинд гарч худалдан авалт хийснээр өвчний вирус авч болзошгүй гэж эмээсний улмаас гэрээсээ ч гарахгүй байгаа тул жижиглэн худалдаа эрхлэгчдийн орлого буурчээ.