Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ургац арвин ч хадгалах зоорь алга гэв

Д.Оюун
2014 оны 8 сарын 22
polit.mn
Зураг зураг

Энэ жилийн хүнсний ногооны ургац хураалт эхэлжээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан өнгөрсөн өдрүүдэд газар тариалангийн бүс нутгуудаар явсан юм.

Нар хур тэгширсэн сайхан зун болсон учраас ургац арвин байна. Улсын хэмжээнд нийт 428.1 мянган га-д тариалалт хийснээс 314.8 мянган га-д үр тариа тариалжээ. Үүнээс 293 мянган га-д улаанбуудай, 13 мянган га-д төмс, 7.9 мянган га-д хүнсний ногоо, 78.1 мянган га-д тосны ургамал, 12.7 мянган га-д тэжээлийн ургамал тариалжээ.

Бидний очсон сумын тариаланчид амрах завгүй ажиллаж байв. “Бид тариагаа тарьж, малаа хариулж байгаа цагт гэдэс цатгалан байна. Эдийн засгийн хямрал бидний гар, хөлийг баглаж боогоогүй шүү дээ” хэмээн тариаланчид сэтгэл өөдрөг угтав.

Төв аймаг энэ жил 66167 га-д үр тариа тариалсан байна. Үүнээс 59589 га-д буудай, 4586 га-д төмс, 948 га-д хүнсний ногоо, 4035 га-д малын тэжээл, 13957 га-д тосны ургамал тариалжээ. Энэ зуны өгөөж арвин ургац сайн байгааг тариаланчид онцолж байв.

Жаргалант сумын “Сав” хоршооны менежер С.Нямрагчаа “Эрт ургац эхэлсэн хоёр га-д байцаа, 1.5 га-д сонгино, хоёр га-д лууван, манжин, 40 орчим га-д төмс тариалсан. Нэг га-аас 20.3 тонн ургац авсан. Ногоогоо хадгалах зоорь, савны асуудал хүнд байна” гэв. Тус хоршооныхон шинэ ургацын төмсийг 350-400 төгрөгөөр борлуулж байгаа бол байцааг 200 төгрөгөөр худалддаг ажээ.

Цагаан нуур сумын Засаг дарга Ч.Жаргалсайхан: Манай сумын малын тоо толгой өсч байгаа. Тиймээс газар тариалан, мал аж ахуйгаа хослуулан хөгжүүлнэ.

Жаргалант сумын хэмжээнд 39 мянган га талбайд тариа, ногоо тарьсан байна. Үүнээс 30-33 мянган га-г ангилан хаддаг аж. 18.5 мянган га-д хүнсний ногоо тарьсан бол 15 мянгад уринш хийж байгаа аж. Тус сум энэ жил 2360 га-д төмс тарьж түүвэр хураалтаар 2400 тонныг борлуулжээ. Мөн төмс дахин боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөсөн байна. Уг үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулахаар 150 сая төгрөгийг төсөвт суулгасан тухайгаа Засаг дарга Д.Ганболд дуулгасан юм. Ногоочид нь ченжийн гар дамжихгүйгээр борлуулалтаа хийдэг болох нь чухал гэдгийг ч мөн хэлж байв.

Түүнчлэн “Жаргалант Харвест” компанийн захирал Р.Ууганбаяр “Гурилын үйлдвэрт улаанбуудайгаа 460-500 мянган төгрөгөөр өгнө. Энэ жил маш сайн үр тариалсан бөгөөд үрийн аж ахуйтай болох боломж бүрдэж байгаа юм. Бид гурилын үйлдвэрт зарчихаад хойтон дахин үр хайгаад явах нь утгагүй” гэв. Тус компани 1800 га-д элит сортын үр тариалсан байна. Нэг га талбайгаас хоёр тонн улаанбуудай авдаг аж. Тэд аймгийнхаа үрийн хэрэгцээний 30 хувийг хангахаар зорьж буйгаа хэлсэн. ҮХАА-н дэд сайд Ц.Туваан “Өнгөрсөн жил 20 мянган тонн үрийн улаанбуудайг гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн. Энэ хүрээнд 8000 орчим элит үр орж ирсэн” гэв. Тус яамнаас 512 иргэн, аж ахуйн нэгжид 100 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгсөн байна.

Ийнхүү Төв аймгийн Жаргалант, Сүмбэр, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Цагаан нуур сумаар орлоо. Тариаланчдад тулгарч буй бэрхшээл нь хадгалах зоорь сав, борлуулалт гэнэ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны газрын даргын түр орлон гүйцэтгэгч М.Ариунболд “Энэ жил ургацын болц эрт эхэлж байна. Тиймээс ангилан хадалт хийх хэрэгтэй” гэв. Тариалан эрхлэлтийг дэмжих сан 146 мянган тонны багтаамжтай элеваторуудаа засварлаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Мөн төмс хүнсний ногоог 182 мянган тонн багтаамжтай зооринд хүлээн авахаар болжээ.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн тариаланчид тулгарч буй бэрхшээлээ салбарын дэд сайддаа танилцуулсан юм. Мөн энэ жил тус аймгийн ургацын гарц сайн байгаа аж. Цагаан нуур сумын Засаг дарга Ч.Жаргалсайхан “Манай сумын малын тоо толгой өсч байгаа. Тиймээс газар тариалан, мал аж ахуйгаа хослуулан хөгжүүлэхийн тулд бодлого боловсруулах хэрэгтэй байна” гэлээ. Тэдэнд тулгамддаг бас нэгэн бэрхшээл нь тээвэрлэлт гэж байв. Хүнд даацын автомашин замыг эвдэж байгааг ч дуулгалаа.

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Тэгэхээр арвин авах ургацаа агуулах савыг нь бэлдэх үлджээ.

Зураг