Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

ЭЗХЯ-наас боловсруулж байгуулсан САНАМЖ БИЧИГ, ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭР

Б.Ану
2014 оны 8 сарын 22
iKon.MN

БНХАУ-ын дарга, эрхэмсэг ноён Си Зиньпиний Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд хоёр орны хамтын ажиллагааны нийт 24 баримт бичиг үзэглэгдсэний найм нь Эдийн засгийн хөгжлийн яамнаас боловсруулж байгуулсан санамж бичиг, гэрээ, хэлэлцээр байлаа. 

Улс орны эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламжийн бодлогыг нэгтгэн боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах яамны нэг  зорилтын хүрээнд, Монгол Улсын  Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу байгуулсан эдгээр баримт бичгийг товч танилцуулбал: 

МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 онд БНХАУ-д хийсэн албан айлчлалын үеэр Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг байгуулсан. Энэхүү стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийн 3.3 дахь заалтын “Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг шинэчлэхээр талууд харилцан тохирсон.

Энэхүү хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах яам, агентлагийн төлөөлөл бүхий Монголын талын ажлын хэсгийг Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 86 дугаар тушаалаар баталсан. Хоёр талын ажлын хэсгийн хуралдааныг хоёр удаа Улаанбаатар хотноо зохион байгуулав. Энэхүү худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн төсөлд холбогдох яам, байгууллагын саналыг хоёр удаа авсан болно.

Хөтөлбөрийн зорилго нь Монгол Улс, БНХАУ-ын найрсаг, сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг үндэслэн эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг баримталж, хамтын ажиллагааны таатай нөхцөлд тулгуурлан худалдаа, эдийн засгийн олон талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд оршино. Мөн гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээг 2020 онд 15 тэрбум ам.долларт хүргэх замаар хөрөнгө оруулалт, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Хөтөлбөрийг 2014-2020 онд буюу дунд хугацаанд хэрэгжүүлнэ.

Хөтөлбөр “Өмнөх үг” “Монгол-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, дүгнэлт”; “Шинэ нөхцөл байдал, боломж, сорилт”, “Зорилт, чиглэл, хэрэгжилт”, “Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл” гэсэн үндсэн хэсгээс бүрдэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ЭДИЙН ЗАСАГ, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоёр улсын найрсаг харилцаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэх зорилготой.

Өндөр дээд хэмжээний айлчлалаар Хятадын Засгийн газраас тогтсон уламжлалын дагуу аливаа улс орнуудад буцалтгүй тусламж үзүүлдэг байна. Энэ жишгийн дагуу Хятадын талаас дээд хэмжээний айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газарт 300 сая юанийн буцалтгүй тусламж олгож буй. Хоёр талын харилцан тохирсон төслүүдийг энэхүү хэлэлцээрийн хүрээнд санхүүжүүлнэ. Буцалтгүй тусламжийн хөрөнгийг нийгмийн салбар, ард иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн төслүүдийг санхүүжүүлэхийг тэргүүлэх чиглэл болгож байгаа болно. 

ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МОНГОЛ, ХЯТАДЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ, БНХАУ-ЫН ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭЧЛЭЛИЙН ХОРОО ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, зам тээвэр, дэд бүтэц, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр улсын хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн харилцааг улам хөгжүүлнэ.

Зөвлөлийн Монголын талыг Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд, Хятадын талыг БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга нар тус тус даргалах бөгөөд хоёр улсын эрдэс баялаг, эрчим хүч, зам тээвэр, санхүү, гадаад харилцаа зэрэг салбарын асуудлыг эрхэлсэн яам, агентлаг болон холбогдох байгууллагын төлөөлөл энэхүү Зөвлөлийн бүрэлдэхүүнд багтана. Энэхүү санамж бичиг нь 5 жилийн хугацаанд хэрэгжинэ.

ХЯТАДЫН ТУСЛАМЖААР УЛААНБААТАР ХОТОД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЭХ ТУХАЙ СОЛИЛЦОХ ЗАХИДАЛ
Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 18-ны хуралдаанаар тохирсон "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв"-ийг барих тухай баримт бичиг. Энэхүү баримт бичгийг байгуулснаар Хятадын тал зураг төсөл боловсруулах, гүйцэтгэгч компани сонгон шалгаруулах зэрэг холбогдох ажлыг эхлүүлж, төслийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. 

Нийслэлийн Баянгол дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын тоног төхөөрөмж, тохижилтын хамт барих төслийг эхлүүлнэ.

500 САЯ АМ ДОЛЛАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД “ШИНЭ ЗУУНЫ БОЛОВСРОЛ ТӨСӨЛ”-ҮҮДИЙН ТУСГАЙЛСАН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан 500 сая ам.долларын экспортын зээлийг ашиглах тухай Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 45,65 сая ам.долларын "Шинэ зууны боловсрол" төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү төслийг 1.5 жилийн хугацаанд зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ. Зээл нь жилийн 2% хүүтэй, 20 жилийн хугацаатай, үндсэн зээлээс эхний 7 жил чөлөөлнө.

Төсөл хэрэгжсэнээр нийслэлийн 97, аймгийн төвийн 55, сумын 473, нийт 625 сургууль шилэн кабель бүхий интернетийн үйлчилгээг хүртэх боломжтой болно.  

500 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ  ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД " ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД ТӨСӨЛ"-ИЙН ТУСГАЙЛСАН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР
БНХАУ-ын ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Цахим эрүүл мэнд” төсөл нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч хоёр, гуравдугаар шатлалын эрүүл мэндийн 48 байгууллагад эмнэлгийн мэдээллийн технологийн системийг бий болгох зорилготой.

Төслийн хүрээнд 14,9 сая ам.долларын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл болон бусад дагалдах бараа, бүтээгдэхүүн, эмнэлгийн мэдээллийн програм хангамж болон бусад үйлчилгээ нийлүүлэгдэнэ.

500 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД "ХӨДӨӨ АЖ АХУЙН ТРАКТОР ХУДАЛДАН АВАХ ШИНЭ ТӨСӨЛ"-ИЙН ТУСГАЙЛСАН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР
Хөнгөлөлттэй зээлийн 12,07 сая ам.долларын хөрөнгөөр худалдаж авах техник нь үр тариа, таримал тэжээлийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа дундаас дээш хүчин чадалтай трактор, комбайн, тоног төхөөрөмж юм. Энэхүү хоёр дахь шатны төслийг хэрэгжүүлснээр үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжид техникээ шинэчлэхэд томоохон дэмжлэг болно.

МОНГОЛ, ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ СУДЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ, БНХАУ-ЫН ХУДАЛДААНЫ ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ
Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хооронд Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах асуудлыг хамтран судлахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. 

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хоёр талын холбогдох яам ажлын хэсэг байгуулан ажиллаж эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсийг байгуулах асуудлыг судлаж санал боловсруулах юм.