Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн ядуу Ерөнхийлөгч хоригдож байсан шоронгоо эргэжээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Уругвайн Ерөнхийлөгч Хосе Мухика өөрөө 15 жил хоригдож байсан, Минас дахь шоронг эргэжээ. Тэрбээр 1970-1980 оны хооронд ял эдэлж байсан юм. Шоронгийн байдалтай танилцсан Уругвайн Ерөнхийлөгч өөрийнх нь хоригдож байсан камер бараг өөрчлөгдөөгүй байна хэмээжээ. 

Мухика Латин Америкийн орнуудын хамгийн эгэл ерөнхийлөгчдийн нэгд тооцогддог. Тэрбээр цалингаа бараг тэр чигт нь буяны үйлсэд зориулдаг учраас эх орон нэгтнүүд нь түүнийг “хамгийн ядуу ерөнхийлөгч” гэж нэрлэдэг аж. 

Ихэнх улс орнуудын иргэд төрийн өндөрлөгүүдээ өөрсдийнх нь амьдралаас тасарсан гэж гомдоллодог бол Уругвайчуудын хувьд байдал огт өөр. Хосе Мухика ногоон хоолтой бөгөөд бусад орны ерөнхийлөгчид шиг тусгай ордонд биш харин хотын захад, фермд амьдардаг юм байна. Худгаас усаа авч, угаасан хувцсаа модноос уясан хэцэнд хатаадаг Хосе Мухикаг ердөө хоёрхон цагдаа хамгаалдаг гэнэ.

Тэрбээр тусгай ордонд амьдрахаас татгалзаж, Монтевидео хотоос холгүйхэн орших төрөлх фермдээ эхнэрийнхээ хамт цэцэг ургуулан зарж, хөлсний ажилтан ч авалгүй бүгдийг өөрсдөө болгодог аж. 

Сардаа 12000 долларын цалин авч,  цалингийнхаа 90 хувийг буяны үйлд зарцуулдаг түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт нь 2010 онд цох загварын вольксваген машинтай гэж бичигдсэн бол 2012 онд эхнэртэйгээ хамтран эзэмшдэг газар, хэдэн трактор, байшин л нэмэгдэж, нийт хөрөнгө нь 215 мянган ам.доллараар үнэлэгдэж байжээ. 

Шоронд өнгөрүүлсэн он жилүүд нь амьдралыг үзэх үзэлд нь нөлөөлсөн гэж өгүүлдэг ерөнхийлөгч “Намайг хамгийн ядуу ерөнхийлөгч гэдэг, гэхдээ би өөрийгөө ядуу гэж боддоггүй. Ядуу хүн гэж зөвхөн тансаг хангалуун байдлын төлөө ажилладаг хүмүүсийг л хэлнэ. Тийм хүмүүс олох тусам л улам шунадаг” хэмээн өгүүлж байжээ.