Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Наранбаяр: МСҮТ-д суралцах хүүхдүүдээс төлбөр авахгүй

Н.Даян
2014 оны 8 сарын 22
Зууны мэдээ
Зураг зураг

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа Мэргэжлийн төвууд нэмэлт элсэлтээ авч эхэлжээ. Элсэлт болон сургалтын төлбөрийн талаар Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын элсэлт, төгсөлт хариуцсан мэргэжилтэн Г.Наранбаяраас тодрууллаа.

-Мэргэжлийн сургалт нь наймдугаар анги төгсөгчдийг авдаг байсан. Харин одоо есдүгээр анги төгсөгчдийг авна гэх юм. Элсэлтийн журамдаа энэ талаар юу гэж заасан байдаг юм бэ?

-Суурь боловсролын гэрчилгээтэй иргэн буюу есдүгээр анги төгсөгчийг мэргэжлийн боловсролын 2.5 жилээр элсүүлдэг. Харин мэргэжлийн боловсрол, сургалтад насанд хүрэгчдийг боловсрол харгалзахгүй элсүүлэн суралцуулна. Техникийн боловсролоор бүрэн дунд боловсролтой иргэнийг элсүүлэн суралцуулахаар заасан байгаа.

-Улсын хэмжээнд хэчнээн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байдаг вэ. Үүнээс нийслэдд хэд нь үйл ажиллагаа явуулж байна. Ирэх хичээлийн жилд хэчнээн хүүхдийг хамруулах вэ?

-Улсын хэмжээнд 79 Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс нийслэлд 34 байдаг.

Төрийн өмчийн сургалтын байгууллагад мэргэжлийн боловсролоор элсэн суралцах есдүгээр анги төгссөн, 2.5 жилээр суралцах хүүхдүүдээс төлбөр авахгүй.

Ирэх хичээлийн жилд 26095 суралцагч элсүүлэхээр Хөдөлмөрийн сайд хяналтын тоогоо баталсан.

-Хичээлийн шинэ жил эхлэхэд сургалтын төлбөр яригддаг. МСҮТ-ийн төлбөр хэдэн төгрөгийн хооронд байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад нэмэгдсэн үү. Хөдөөгийн оюутнууд дотуур байранд төлбөртэй суух уу?

-Төрийн өмчийн сургалтын байгууллагад мэргэжлийн боловсролоор элсэн суралцах есдүгээр анги төгссөн, 2.5 жилээр суралцах хүүхдүүдээс төлбөр авахгүй. Харин төрийн бус сургалтын төвүүд бага хэмжээний төлбөр авдаг. 

Тухайн мэргэжлээсээ хамаарч өөр. Тухайлбал, хувийн коллежийн эрүүл мэнд, төмөр замын чиглэлээр суралцах бол төлбөр нь илүү өндөр. Энэ жил өнгөрсөн жилийнхээс нэмэгдээгүй. Сургалтын байгууллагын дотуур байранд орон нутгийн суралцагчид үнэ төлбөргүй сууна.

Зураг