Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Си Зиньпиний айлчлалын талаар гадны хэвлэлд юу гэж өгүүлэв

Монголын мэдээ
2014 оны 8 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/ MPA.mn

БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монголд хийж буй албан ёсны айлчлалын талаар хоёр хөрш болон гуравдагч хөршийн хэвлэлүүдэд хэрхэн бичсэнийг тоймлон хүргэж байна. Түүнд бичсэнээс үзвэл, Си Зиньпиний энэ удаагийн цуврал айлчлал нь домогт  Торгоны замын дагуу эдийн засгийн цагираг үүсгэх зорилтыг хангах чухал алхам болж байгаа аж.

South china morning post: Төв Ази дахь нөлөөгөө өсгөх боломж

Өмнөд хөршийн мэдээллийн том эх сурвалжийн нэг scmp.com айлчлалыг “Эрчим хүч, дэд бүтцийн” хэмээн тодотгожээ.  “БНХАУ-ын дарга Си Зиньпин­гийн Монголд хийх айлчлалын үеэр эрчим хүч, дэд бүтцийн сал­барт олон чухал гэрээнд га­рын үсэг зурна гэж Гадаад ха­рилцааны яамнаас мэдээлж бай­на. 

Гадаад хэргийн дэд сайд Лю Жянчяогийн мэдээлснээр, БНХАУ эртний Торгоны замын дагуу эдийн засгийн бүс үүсгэх замаар Төв Ази дахь нөлөөллөө өр­гөжүүлэх сонирхолтой бай­гаа бөгөөд пүрэв, баасан гарагт бо­лох айлчлал үүнд чухал үүрэг­тэй юм.  БНХАУ эдийн зас­гийн өсөлтөө хангахын тулд өсөн нэмэгдэж буй эр­чим хүчний хэрэгцээгээ хан­гах шинэ эх үүсвэр хайх шаард­­лага гараад байгаа бө­гөөд Мон­голд хийх айлчлал энэ чиг­лэлд амжилт дагуулж ма­гад­­гүй байна.

Хил дамнасан тээврийн гэрээг бай­гуулснаар Монголоос олбор­ло­сон нүүрс болон бусад түүхий эд, бараа материал БНХАУ бо­лон бусад улсуудад очих бо­ломж бүрдэх юм.

Монгол Улсын хувьд, дэд бүтцээ сайжруулах сонир­хол давамгайлж байгаа нь Энэтхэг, Японтой хөгжүүлж байгаа харилцаанаас харагдаж буй. Мөн ОХУ, БНХАУ-аас цааш гарч, бусад орнуудтай харилцах сонирхолтой байгаагаа өн­гөр­сөн сард Японтой бай­гуул­сан чөлөөт худалдааны бүс бай­гуулах гэрээгээрээ нотол­сон юм. “Хил дамнасан тээврийг идэвхжүүлэх талаар тавьсан саналыг нь бид анхаарч байгаа. 

Энэ тал дээр монголчуудад тус­лахаар ажиллах болно” гэж Лю Жянчяо мэдэгджээ. Хил дамнасан тээврийн гэрээг бай­гуулснаар Монголоос олбор­ло­сон нүүрс болон бусад түүхий эд, бараа материал БНХАУ бо­лон бусад улсуудад очих бо­ломж бүрдэх юм”.         

"Ройтерс": БНХАУ Монголд худалдааны зам гаргаж өгч, харилцан ашигтай хамтарна

БНХАУ, Монгол Улс аль аль нь энэ удаагийн айлчлалыг хоёр улсын харилцааг бүх та­лаар дээд төвшинд гаргах чу­хал ач холбогдолтой болно гэж үзэж байгааг “Ройтерс” агент­лаг онцолсон байна. “Дэл­хийн банк саяхан гаргасан илт­гэлдээ “Монгол Улс илүү той­руу, үнэтэй учраас хойд хөр­шөөрөө дамжуулан экспорт хийх талаар хэзээ ч бодож бай­гаагүй” хэмээн бичсэн нь үнэнд ний­цэхгүй. Гэхдээ тэдний хувьд БНХАУ-аар дамжуулан ураг­шаа зүглэж далайд гарах нь илүү ашигтай гарц. Тиймээс Си Зинь­пиний Улаанбаатарт хийх хоёр өдрийн айлчлалын үеэр энэ асуудал яригдах юм байна.

БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайд Лю Жянчяо Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр өгсөн мэдээлэлдээ “Монгол бол далайд гарцгүй орон гэдгийг бүгд мэднэ, тий­мээс Хятадаар дамжин гурав­дагч улс руу тээвэр хийнэ гэ­дэг монголчуудын хувьд тун чу­хал асуудал юм. Манай улс ч үүнийг нь бүрэн дүүрэн ойлгож байгаа. Тиймээс монголчуудад тусалж, тээвэр хийх нөхцлийг нь хөнгөвчлөхийн тулд боломж­той бүхнийг хийнэ” хэмээн мэ­дэгдсэн. Тэрбээр “Хоёр тал энэ асуудлыг хэлэлцэж бай­гаа” гээд цааш ярихаас тат­галз­жээ. 

Нүүрсэнд нь хэтэрхий бага үнэ тогтоолоо гэж нүүрс тээ­вэрлэлтээ зогсоож байсан удаа­тай.

БНХАУ-ын эрэлтэд тулгуур­ла­сан түүхий эдийн экспорт нь Мон­голын хувьд эдийн засгийн өсөлтийн гол эх сурвалж бө­гөөд нийт экспортын 90 ху­вийг нь БНХАУ-д нийлүүлж буй нүүрс эзэлдэг. Гэхдээ нө­гөө­­тэйгүүр, БНХАУ-ын эдийн засгийн сонирхол Мон­голын эрх баригчдын бол­гоомж­ло­лыг төрүүлж байгаа бө­гөөд энэ нь “Чалько” ком­пани “Өм­нийн говийн элс” ком­панийн хувь­цааны хянал­тын багцыг ху­далдаж авсны дараа Стра­тегийн сал­барт гадаадын хөрөнгө оруу­лалтыг зохицуулах тухай хууль баталснаар тод илэрсэн. 

Мон­голын хувьд БНХАУ-ын кокс­жих нүүрсний гол ханган нийлүүлэгч болох сонирхолтой тул, Тавантолгойгоос холгүй ор­ших том ордыг хяналтаасаа гар­гаж түвдээгүй юм. Тэд бас нүүрсэнд нь хэтэрхий бага үнэ тогтоолоо гэж нүүрс тээ­вэрлэлтээ зогсоож байсан удаа­тай. Гэвч ноён Лю одоо дээрх үл итгэлцэл алга болж, Мон­гол Улс БНХАУ-ын бизнест нааш­тай хандах болсон  гэж хэлж байна.    

Эрчим хүч, уул уурхайн сал­барт хамтран ажиллах бо­ломжуудыг талууд маш идэв­хитэйгээр судалж байгаа. Нүүрс­ний уурхай, төмөр болон авто замын салбарт төсөл хэрэг­жүүлэх яриа хэлэлцээр явагд­саар байна. Монгол Улс ав­то зам, төмөр зам, ОХУ-тай хол­босон дамжуулах хоолойн асуудлыг хэлэлцэхээр ажлын хэсэг томилж БНХАУ-д ажил­луулахаар тохирчээ.  

Gbtimes.com: БНХАУ Монголын хувьд том боломж юм

Gbtimes.com айлчлалын та­лаарх нийтлэлээ Си Зиньпиний хэлсэг үгнээс сэдэвлэн  “хоёр тал хоёулаа хожих айлчлал“ хэмээн гарчигласан байна. Мөн Монголын албаны эх сур­­валжаас авсан яриаг оруул­жээ. Хоёр тал аль, аль нь айлчлалаас их зүйл хү­лээж бай­на. Монголоос БНХАУ-д суух Элчин сайд Ц.Сүх­баа­тар Си Зиньпиний айлч­лал хоёр орны харилцааг бүх та­лаар дэвшилт авчирна гэ­дэгт эргэлзэхгүй байна. 

Тэр­бээр “Ерөн­хийлөгч Сигийн айлч­лал хоёр орон стратегийн түнш­лэ­­лийн хүрээнд худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргө­жүү­лэх чухал айлчлал болно. Мөн Ази Номхон далайн бүс нутагт тогт­вортой байдлыг хангахад ач холбогдлоо өгнө. Монгол-Хя­тад хоёр улс сайн хөршийн найр­саг харилцаагаа цаашид хөг­жүүлэх учиртай. Дэлхийн эдийн засаг уналтын үедээ байхад БНХАУ өсөлтөө хадгалж чадаж байна. 

Энэ нь Монголын хувьд том боломж юм. Хятад бол манай коксжих нүүрс, зэс, төмрийн хүдрийн гол худалдан авагч. Зах зээлд дээр үнэ ханш унаснаас болж нүүрс­ний экспорт сүүлийн үед багасч байгаа нь үнэн. Гэх­дээ хоёр улс энэ асуудлыг ший­дэхээр чармайж байна. Энэ бол цаг хугацааны л асуудал” хэ­мээн ярилаа. Монголын эдийн засгийн өсөлтөд БНХАУ чухал үүрэгтэй болохыг Ц.Сүхбаатар онцлон тэмдэглэсэн юм. 

cctv.cntv.cn: Монгол бол БНХАУ-ын чухал хөрш

Мэдээллийн энэ хуудсанд Мон­­гол, Хятадын харилцаа нягт байх ёстой гэдгийг га­зар нут­­­гийн байршлаар нь дам­жуу­лан илэрхийлжээ. “Монгол бол БНХАУ-ын чухал хөрш. БНХАУ Монголтой 4710 км буюу бусад хөршүүдээсээ хамгийн урт замаар хиллэдэг. 

Хоёр улс БНХАУ-ыг байгуулагдсан жил буюу 1949 оноос дипломат ха­рилцаа тогтоосон бөгөөд үүнээс хойш зөвхөн энх тайв­наар зэрэгцэн оршоод бай­сангүй, хамтын ажиллагааг бүх сал­барт өрнүүлж ирлээ. 

2003 онд хоёр улс харилцан итгэсэн найр­саг хөршийн ха­рилцааг хөг­жүүлэхээр то­хиролцсон бол үүнээс долоон жи­лийн дараа харилцаагаа стра­тегийн болгож өргөжүүлсэн би­лээ. Чэзяний худалдааны тан­химын Монгол дахь салбарын захирал Сюе Хуадун “Бид Монголд 10 гаруй жи­лийн өмнө ирсэн. Түүнээс хойш Монгол орон танигдахгүй болт­лоо өөрчлөгдсөн. Олон ба­рилга бай­­шин баригдаж, хүмүү­сийн өмссөн хувцас хунар нь өм­нөхөөс сайжирсан” хэмээн өгүүл­­жээ.

Зураг