Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Дэд бүтэц”:Нийслэлийн иргэдийн 10 хувь нь утаагүй цэвэр орчинд амьдарна

ikon.mn
2014 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

-Иргэд утаагүй, цэвэр тохилог хороололд амьдрах эрхтэй-

Орон сууцны үнэ нэмэгдэж байгаа нь компаниуд өөрсдөө шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэж байгаатай холбоотой. Гэсэн ч зөвхөн өөрсдийн хэрэгцээнд тохируулан хийдэг. Энэ нь орон сууцны үнэнд нөлөөлж иргэдийн нуруун дээр ачаа болон ирдэг.

Харин Засгийн газраас орон сууцны үнийг хазаарлах бодлогуудын нэг бол шинэ орон сууцны хорооллуудын дэд бүтэц шугам сүлжээний ажлуудыг нэгдсэн цогц бодлогоор шийдэж санхүүжилтыг төрөөс шийдвэрлэж өгч байна.

Энэ ажлыг Барилга хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийн нэгж хариуцан ажиллаж байгаа юм. Тус төслийн нэгж өнгөрөгч онд Буянт –Ухаа орон сууцны хорооллын инженерийн дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд төслөөр хийгдсэн ус дулаан дамжуулах төв нь Буянт-Ухаа 1 хороололыг ус дулаанаар хангаж байгаа билээ.

Харин энэ онд Нисэх Яармагийн орчимд баригдах шинэ суурьшлын бүсэд босох орон сууцны хорооллуудын цахилгаан, ус, дулаанаар хангах шугам сүлжээний ажлуудыг гүйцэтгэх юм. Тухайлбал “Яармаг”орон сууцны хорооллын,

  • 15 км цэвэр усны гол шугам сүлжээ, 14.5 км бохир усны гол шугам сүлжээ
  • Цахилгаан хангамжид зориулан 10 кВ-ын түгээх сүлжээнд ойролцоо тооцоогоор 14.3 МВт чадлын хэрэглээг хангах 10кВ-ын цахилгааны хуваарилах байгууламж 3 иж бүрдэл
  • 2*400 кВА чадалтай цахилгаан дамжуулах дэд өртөө 36 иж бүрдэл
  • 37.6 км урт 10 кВ-ын кабель шугамыг татах юм.

Эдгээр ажлуудын гүйцэтгэгч шалгарч, гэрээ байгуулах шатандаа явж байна. Инженерийн шугам сүлжээний ажлуудыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа юм.

Яармаг-I орон сууцны хороолол нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 80 га талбайд,

  • 7000 айлын орон сууц
  • 7200 сурагчтай сургууль
  • 1800 хүүхдийн цэцэрлэг
  • Өдөрт 1050 үзлэг хийх өрхийн эмнэлэг
  • 800 ажлын байр бүхий оффисын барилга
  • 400 ажлын байр бүхий ахуйн үйлчилгээний барилга байгууламж баригдана. 

Хурдны зам ашиглалтанд орсон үед замыг сэтлэхгүй байх зорилгоор зам хөндлөн хонгилын систем барихаар төлөвлөжээ. Мөн IV цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлын нөөцийг Яармаг орчмын барилгажилтанд ашиглахаар дэд бүтцийн төлөвлөлт хийсэн байна.

Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийн ажлууд хийгдэж дуусахад нийслэлийн иргэдийн 10 хувь нь утаагүй цэвэр орчинд амьдрах нөхцөл бүрдэх ажээ.