Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн зурсан зургаар оюуны чадамжийг тогтоож болно

Б.Ууган, iKon.mn
2014 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хүүхэд дөрвөн настайдаа зурсан зураг түүний оюуны чадамж болон хөгжлийн түвшин нь 10 жилийн дараа ямар болохыг тодорхойлдог болохыг Лондон дахь Хатан хааны коллежийн сэтгэл судлалын хүрээлэнгийнхэн тогтоожээ. 

Судалгааны хүрээнд эрдэмтэд 15000 гаруй хүүхдээс хүн зурахыг хүссэн байна. Зураг бүрийг биеийн үс, чих зэрэг гол хэсгүүдийг зөв зурсан эсэхээс хамааруулан тэгээс 12 оноо өгсөн гэнэ.

Зураг зурсны дараа хүүхдүүдийн оюуны чадамжийн түвшнийг тестээр тодорхойлжээ. Улмаар туршилт хийгдснээс хойш 10 жилийн дараа буюу туршилтанд орж зураг зурсан хүүхдүүд 14 настай болсон хойно нь дахин тест авчээ. 

Хүүхдийн бага насанд оюуны чадамжийн түвшин болон цаасан дээр хүн дүрслэх чадвар хоорондоо холбоотой гэсэн судлагаа өмнө нь байсан ч энэ удаагийн судалгаагаар дөрвөн настай хүүхдийн зурсан зураг 10 жилийн дараах хүүхдийн оюуны чадамжийг тодорхойлдог гэдэг нь тогтоогдсноороо шинэлэг болсон байна.

Судалгаанаас харахад дөрвөн настайдаа зураг зураад өндөр оноо авч байсан хүүхдүүд 14 насандаа оюуны чадамжийн тестээр өндөр оноо авч байсан бол зураг зураад тааруу оноо авч байсан хүүхдүүдийн тестийн үр дүн харьцангуй доогуур байжээ.

Хатан хааны коллежийн судалгааны багийн удирдагч Розалин Ардены өгүүлснээр хүүхдийн зурах чадвар болон өсвөр насны оюуны чадамжийн хооронд уялдаа холбоо байдаг нь тодорхой ч хүүхэд муу зурж байна гээд түгших хэрэггүй гэнэ. “Хүүхдийн оюуны чадамжийг зөвхөн зурах чадвараар нь тодорхойлно гэдэг өрөөсгөл хэрэг. Хүүхдийн оюун ухаанд удамшлын болон гадны хүчин зүйлүүд ихээр нөлөөлдөг” хэмээн тэрбээр өгүүлжээ. 

Эх сурвалж: ВВС