Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Харанхуй гудамжуудаа гэрэлтүүлээч

Н.Пунцагболд
2014 оны 8 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг

“Анхны алхам” кинон дээр “Ингээд л миний нэр байдаггүй юм” гэдэг дээ. Түүн шиг “ингээд л гэр хорооллынхныг ялгаварлан гадуурхаад байдаг юм” гэж хэлмээр санагдаад байна.

Өнөөдөр гэр хороололд юу байгаа юм, юу ч алга. Иргэд өөрсдөө хичээгээд, байгаа орчноо засч тохижуулаад байж болно. Тэгж байгаа хүмүүс ч бий. Гэхдээ улсаас харж үзэх ёстой зүйлүүд байна. Тухайлбал, засмал зам байна. Зайлшгүй засмал замтай байх шаарддагатай газрууд зөндөө л байгаа. Гэтэл улсаас анхаарч байгаа юм алга. Сонгуулийн үеэр нэр дэвшиж байгаа нөхдүүд хоёрын хооронд, гурвын дунд заманцар тавьж өгч шоуддаг.

Түүнээс өөрөөр гэр хорооллынхон замтай болж байгаа юм алга. Тохижилт бол бүр ч сураг байхгүй. Хорооноос л жаал зугаа юм хийхгүй бол тэгээд л өнгөрч байгаа юм. Ядаж л хүүхдийн тоглоомын талбай ч байхгүй хороонууд дүүрэн байна. Энэ бүхэн дүүрсэн хэрэг гэхэд гудамжны гэрэлтүүлэг хэрэгтэй байна шүү дээ. Хотын төвд бол гэрэлтүүлгээр жинхэнэ утгаараа “тоглож” байгаа.

Сонгинохайрхан дүүргийн эрхэм дарга нараас “гуйлга гуйя”. Харанхуй гудамжуудаа гэрэлтүүлээд өгөөч.

Бараг л сансарын уудмаас манай хот харагдах шахаж байгаа биз, худалч хүнд шүү дээ. Гэтэл гэр хорооллынхон нь харанхуй гудмаар бүдчиж явна. Утасныхаа гар чийдэнг асаавал асаах юм. Бусдаар бол бүдчиж таваргахаас өөр аргагүй. Гэр хороололд огт гэрэлтүүлэг байхгүй гэж хэлж болохгүй юм. Гэрэлтүүлэгтэй газраа бий л дээ. Жаахан төв болов уу гэмээр гудамжуудаа дажгүй гэрэлтүүлчихсэн. Харамсалтай нь өнөөх гэрэлтүүлгээ буцаад шалгаад, унтарсан, шатсаныг нь солиод, арчлаад байж чаддаггүй бололтой.

Өөрийн мэдэх гудамжны жишээн дээр л яръя л даа. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо. Хүмүүсийн ярьдагаар бол “Харанхуй”. Жилийн өмнө тэр хавийн ихэнх гудамж гэрэлтүүлэгтэй байлаа. Ядахын мууд л цахилгааны шон дээр гэрэл зоогоод, харанхуй гудамжуудаа гэрэлтүүлчихдэг байсан сайхан түүх бий. Харин өнөөх гэрэлтүүлгүүд нь худал хэлсэн хүнд өдөрт нэг нь шатсан уу, яасан унтарсаар байгаад дууслаа. Одоо тэр хавьд гялтайх гэрэл гэж алга. Жинхэнэ утгаараа “харанхуй” болчихоод байна.

Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээнийхэн гэр хороолол руу зүглэж, гэрэл унтарсан эсэхийг харна гэж юу байх вэ дээ, хөөрхийс. Тэдний мэдэхгүй байгаа нь түмэн зөв. Дарга нар ч гэсэн юугаа мэдээ аж. Хорооны нөхдүүд л хэлээд, янзлаад өгөөч гэж гуйдаггүй л юм бол. Нөгөө талаар хэдэн жилийн өмнө гэрэлтүүлэг хийх төсөв нь батлагдсан байх.

Тэр мөнгөнийхөө талаар нь Хятадаас хэдэн гэрэл оруулж ирээд хийчихсэн байлгүй. Шинэ шон зоож ажил болоогүй. Мөнгөө хэмнээд цахилгааны шон дээр хэдэн гэрлээ суурилуулчихсан. Түүнээс хойш иргэдээ цэлийсэн гэрэлтэй гудмаар цэмцгэр алхаж байгаа л гэж “зүүдэлж” байгаа хэрэг.

Харамсалтай нь өнөөх гэрлүүд нь 1-2 жилийн л настай байжээ. Бүгд унтарчихлаа. Шатсан л байх нь гэж сэтгэж сууна. Улсаас цахилгаанаа хэмнэх гэж 31 дүгээр хорооны гэрэлтүүлгийг өгөхгүй байгаа л биш бол шүү дээ. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн эрхэм дарга нараас “гуйлга гуйя”. Харанхуй гудамжуудаа гэрэлтүүлээд өгөөч.

Зураг