Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Гао Шүмао: Хамтын ажиллагааны шинэ гараа болгох ёстой

М.Цэцэг
2014 оны 8 сарын 21
polit.mn
Зураг зураг

БНХАУ-аас Монгол Улсад 2003-2007 онд сууж байсан Элчин сайд Гао Шүмаотай өнөөдөр эхэлж буй айлчлалын талаар ярилцлаа.

Тэрээр Хятадын ШУА-ийн дэргэдэх Монгол Улс судлалын нийгэмлэгийн хүндэт дарга, Хятадын бизнесменүүдийн клубын зөвлөх юм.

-Энэ айлчлалд хэвлэлийнхэн их анхаарал хандуулж байна. Учир нь Си Жиньпин дарга хоёр дахь удаагаа тусгайлан нэг орныг зорьж ирж байна. Энэ айлчлалаар ямар дохиог дамжуулна гэж та харж байна вэ?

-Хэд хэдэн дохиог дамжуулж байна хэмээн би үзэж байгаа. Юуны өмнө Хятад Монголын стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх. Хоёр орны харилцааг хөгжүүлж, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагаа эсвэл улс төрийн солилцоог зохих төвшинд хүргэсний дараа улс төр, эдийн засаг, соёл, аюулгүйн салбарт хоёр орны удирдагч ирээдүйн хөгжлийн тухай шинэ чиг шугамыг тогтоох ёстой. Одоогийн байдлаар ямар бодлого тогтоох, хойшид ямар байдлаар хамтарч ажиллах вэ.

Ялангуяа олон улсын байдалд чухал өөрчлөлт гарсан тохиолдолд хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх түүхэн шаардлага буй болоод байна. Энэ нь уг айлчлалын хамгийн тод онцлог болж байгаа. Энэ айлчлал нь түүхт үйл явдал болох нь дамжиггүй. Нөгөөтэйгүүр, хоёр орны эдийн засгийн талаар дурьдах хэрэгтэй. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар цаашид хэлэлцээ, солилцоо хийх шаардлагатай.

Миний ажиглаж байгаагаар, өдгөө Хятадын аль нэг аж ахуйн нэгж Монгол Улсын аж ахуйн нэгжтэй ажил хэрэгч, үр ашигтай хамтарч ажиллаж чадахгүй байна. Хоёр орны харилцаа хөгжиж өндөр төвшинд хүрсэн үед эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа уул уурхайн салбарт хамтран ажиллахад улам тохиромжтой аргыг хайх шаардлагатай. Цаашид шат өгсөх ёстой.

-Түүхт үйл явдал болж байна гэлээ. Үүнийг эдийн засаг, уул уурхайн салбартай илүү холбож тайлбарлах юм. Энэ талаар?

-Си Зиньпин дар­гын айлчлал нь улс тө­рийн түүхт айлчлал болж байгаа болохоор эдийн засгийн хамтын ажиллагааны салбарт уул уурхайг нээн ашиглах, дэд бүтцийн байгуулалт, мөн банк санхүүгийн салбарт хамтран ажиллах харилцааг хөгжүүлэх нь зүйтэй. Үүнийг хамтын ажиллагааны шинэ гараа болгох ёстой.

Энэ айлчлалаар хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны түүхийн шинэ шат үеийг нээх болно. Өөр нэг онцлог нь хоёр орны хүмүүнлэгийн салбар дахь солилцоо, ялангуяа боловсрол, эрүүл мэндийн солилцоонд ши­нэ арга хэмжээг хэ­рэг­жүүлж, ахисан төв­шинд хүргэх ёстой. Хоёр орны харилцааны гол бэлэг тэмдэг бол хоорондын харилцаа улам боловсронгуй болж байгаа явдал. Энэ нь маш нандин зүйл.

Олон жилийн хамтын ажиллагаагаар дамжуулж хоёр орон улс төр, эдийн засаг, соёл, аюулгүй байдал зэрэг олон салбарт ажил хэрэгч, хэлэлцээ хийж, санал бодлоо гүнзгий солилцсон. Энэ нь боловсронгуй болж байгаагийн чухал илрэл юм. Хоёр орны харилцаанд хүмүүнлэгийн солилцоонд дэвшил гарна гэж үзэж байна. Мөн хоёр зүйлийг онцолж хэлмээр байна.

Нэгдүгээрт, боловсрол. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын тэтгэлэгтэйгээр Монголоос олон оюутан Хятадад ирж суралцах болсон. Хятад хэл сурах нь монголчуудын дунд моод болж байна. Монгол Улсын жирийн залуучуудын хувьд хятад хэл сурч, эзэмших нь тэдний ирээдүйн хөгжлийн гол чиг хандлагыг тодорхойлох болсон.

Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбар. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас жил бүр 30 мянган хүн Хятадад ирж эмчилгээ хийлгэж байна. Миний бие энэ эмнэлэгтэй өөрийн биеэр танилцаж байсан. Тиймээс уг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжтой.

-Гадаадын хэвлэлүүдэд мэдээлснээр, энэ айлч­лалаар хоёр орон нүүрс хийжүүлэх төсөл болон нийлүүлэх асуудлаар тохи­ролцох болно гэж байгаа. Энэ нь Монгол Улсын хувьд ямар ач холбогдолтой вэ?

-Нүүрсээр хий боловсруулах нь Монгол Улсын өөрийн эрэлт хэрэгцээнээс буй болсон шаардлага. Монгол Улс дотооддоо нефть боловс­руулж, шинэ технологи эзэмших шаардлагатай байна. Энэ талаар Хятад Монгол хоёр орон хамтарч ажиллах нь Монголын хувьд бүр илүү ашигтай юм. Тодруулбал, олон талын ашигтай гэж хэлж болно. Хятад Монгол хоёр орон бол хөрш улс 4700 гаруй километрийн хилийн шугамтай. Өөрөөр хэлбэл, төрөл бүрийн хамтын ажиллагааны арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой юм. Нүүрс хийжүүлэх төслийн хувьд хөрш орон Хятадын дэмжлэгийг шууд авах боломж нээлттэй байна.

Мөн хамгийн бага өртгөөр хамгийн их ашгийг олох гарц бий. Мөн Хятад улс нь Монголын найрсаг хөрш. Хятадын Засгийн газраас Монгол Улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэж, олон улсын хуулийн үндсэн хэмжүүрийг хөн­­дөх сонирхолгүй. Хята­дын хэрэгжүүлж буй хөрш орнуудын бодлого нь хөрш оронтойгоо чин үнэнч найрсгаар харил­цаж, хөнгөлөлттэй, уужуу багтаамжтай ажил­лах явдал юм.

Энэхүү бодлогоос Хятадын ард түмний найрсаг сэтгэлийг ойлгож болно. Хятад улс Монголтой сайн хөрш, сайн түнш, сайн анд бо­лоход бэлэн байна. Үүнийг бодитойгоор хэрэгжүүлэхэд хоёр орны аж ахуйн нэгжийн хооронд ялангуяа нүүрс хийжүүлэх төслөөр хамтарч ажиллах боломж гарч байна.

-Нүүрс хийжүүлэх талаар Хятад улс хэр  туршлагатай юм бол?

-Энэ талаар Хятад улс дэлхийд тэргүүний технологийг эзэмшсэн гэж болно. Хятадын зарим компани, онцгойлж дурьдахад “Шэнь Хуа” групп энэ салбарт үр ашигтай ажиллаж байгаа. Монгол Улс Хятадтай хамтарч ажиллах сонирхол байгаа бол хоёр талын аж ахуйн нэгжүүд хамтарч ажиллаад технологийн чиглэлд шинэ дэвшил гаргах боломжтой.

Энэ салбарт амжилтад хүрэх юм бол ажлын туршлагаа бусад салбарт хэрэгжүүлж болно. Өдгөө Хятадын аж ахуйн нэгж судалгаагүйгээр гадаадын зах зээлд орохоо больсон. Бид үе шаттай, сайтар төлөвлөгөө хийсэн нөхцөлд Монголд хөрөнгө оруулж худалдаа хийх нөхцөл боломж бүрдэж байна.

Зураг