Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Соёлгүй жолооч нараас гуйх гуйлт

Д.Нанжид, Өдрийн шуудан
2014 оны 8 сарын 21
Өдрийн шуудан
Зураг зураг

ОХУ-ын Новосибирск хотод ажлаар 10 хоноод ирсэн танилтайгаа саяхны нэг өдөр гудамжинд таарлаа. Тэрбээр мэнд мэдсэний дараа бидний хэлж заншсан “Орос ах нар”-ыг машин барьж явахдаа сигналаа огт дардаггүйг гайхаж байна. “Оросууд замын хөдөлгөөнд оролцохдоо маш их соёлтой юм. Барагтай л бол сигналдахгүй. Бүгд оврын гэрлээ асааж явна. Явган зорчигийг ямар ч үед гарцаар түрүүлж гаргана. Зам дээр осол, аваар л болохгүй бол түгжрээ гэж зүйл үүсэхгүй юм” гэж ярихыг сонсоод тэрүүхэндээ атаархав. Жолоо барих соёлтой ард түмэн юм.

Бидний энэхүү яриа автозамын хажууд өрнөж байсан болоод ч тэр үү таван үг солих хооронд хажуугаар өнгөрөх машинууд сигналдахыг хэдэнтээ ч сонсчихов доо. Автомашины зогсоо зайгүй сигналдах чимээнд ээнэгшин дассанаа мэдэх шиг.

Жолооны курст суралцаж байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг бараг цээжлэх нь холгүй байснаа, 6.1-т “Дуут дохиог зөвхөн дараах тохиолдолд хүргэж болно: а/ Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд; б/ Суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхиин тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор” гэж бичсэн байдгийг ч бүүр түүрхэн санав. Өөрөөр хэлбэл манай жолооч нар соёлыг нь биш төмөр хүлгээрээ орилолдон чарлалдахыг хамгийн сайн сурчээ.


Нээрээ л манайхан арай л бүдүүлэг юм. Улаанбаатарын гудамжаар хэдэн минут алхахад явган зорчигчийн гарцны цагаан шугам дээр машинаа зогсоочихоод тамхи татаж, утсаар хээв нэг ярингаа машиныхаа цонхоор хааяа хааяа хог хаяж цагийг нөхцөөн суух монгол жолоочийн түгээмэл төрхийг харж болно. Замын цагдаа, хувь хүн зохих ёсны шаардгсага тавихад хүлээж авах нь цөөн.

Харин ч бандгар машинаас мантгар залуу бууж ирээд хавь ойрыг бужигнуулах биз ээ. За тэгээд эхнэр нь аюулгүйн бүсээ зүүгээгүй, хүүхдүүд нь машины цонхоор толгой, гараа гарган тоглож байхад хээв нэг л хурдалж явах нь хууль нь гууль болсон энэ нийгмийн монгол жолоочийн хэнэггүй зангийн түгээмэл жишээ юм.

Замын хөдөлгөөний наад захын дүрмийг биелүүлдэггүйгээс гадна машинаа зөв байрлуулж чаддаггүй жолооч олон. Машины зогсоол нүдний гэм болчихсон энэ хотод хоёр ч машин зогсох зайг ганцаар эзэгнэнхэн байхыг хараад дургүй хүрэхийг яана. Би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн сэтгэлээр ханддаг нь харамсалтай.

Улсын маань нийслэлийн нөхцөл байдлаас шалтгаалж бусдын машиныг таглаж зогсох нь хэвийн үзэгдэл болсон. Гэхдээ машиныхаа урд талынхаа цонхон дээр утасныхаа дугаарыг тавьдаггүй жолооч мэр сэр бий. Тавьсан ч утсаа авахгүй, авлаа ч дуртай дургүй гарч ирнэ. Уг нь бидний эрх бусдын эрхээр хязгаарлагдсан.

Бүгдээрээ төмөр хүлгийн ард л суусан бол өөрсдийгөө мундаг гэж бодолгүйгээр замын хөдөлгөөндөө соёлтой оролцож байя л даа.

Би уржигдар шөнө сайхан амарч чадсангүй. Дуг нойрондоо ид дугжирч байтал цонхон дор их чимээ гараад сэрээчихэв. Босоод хартал нэг такси хороолол дунд ороод ирчихсэн, дуу дохиогоо хангинуулж өгч байна. Шөнө дунд болж байхад шүү. Үүнээс хойш унтаж чадалгүй хөрвөөсөөр өглөөтэй золгов. Иймэрхүү тохиолдлоор нойроо хугаслуулж, нервээ бараагүй хүн бараг үгүй биз ээ. Их хотын соёл өнөөдөр ийм л байна, эрхэм жолооч нар минь ээ.

Улаанбаатарын амьдралыг машингүйгээр төсөөлөхөд бэрх. Харин улсын маань нийслэлийн замын хөдөлгөөний амьдрал жолооч нарын бүдүүлэг авир, стрессгүйгээр төсөөлөгдөхгүй болжээ. Бүгдээрээ төмөр хүлгийн ард л суусан бол өөрсдийгөө мундаг гэж бодолгүйгээр замын хөдөлгөөндөө соёлтой оролцож байя л даа. Новосибирск ороод ирсэн танил маань оросуудыг шагшиж байгаа шигУлаанбаатарт ирээд буцсан жуулчин Монголыг юу гэж ярьж байгаа бол.

Зураг