Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сургалтын төлбөр гэдэг нэршил “Цалингийн зээл” гэдэг үгтэй утга ижил болжээ

М.Санчир
2014 оны 8 сарын 21
MorninigNews.mn
Зураг зураг

Зунжин нам жим байсан хотын гудамж хэдэн өдрийн өмнөөс залуусын хөлд дарагдаж, тэр хэрээрээ жинхэнэ метрополитан хотын төрхөө олж гэлтэй. Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн тул амарч, зугаалж явсан залуус нийслэлийн зүг хүлгийн жолоо залж, эрдмийн их өргөөгөөрөө эргэлдэх болсонтой холбоотой. Жилийн яг л энэ үед их, дээд сургуулиудын бүртгэл эхэлж, шинээр оюутан болж буй залуусын хөлд дарагддаг. 

Их сургуулийн гудамжаар гартаа бичиг баримттай хавтас барьсан залуус цээж зураг авахуулах, бичиг баримтаа канондуулах гээд түмэн завгүй холхино. Хотын хэд нь найз нөхдөөрөө нийлж, орон нутгаас ирсэн хэсэг нь эцэг эхийгээ даган их хотын хөгжил, басхүү завгүй амьдралын урсгал, нарны илчийг төвөгшөөсөн байртай элдвийг ажиглан зогсох нь хот, хөдөөгийн залуусын ялгааг бэлхэн илтгэх мэт. 

Гэхдээ одоо энэ талаар бус эцэг, эхчүүдийн толгойны өвчин болсон сургалтын төлбөрийн асуудлыг голчлон дурьдах юм. Ингээд эцэг, эхчүүд шинэхэн оюутнаа эрдмийн аянд мордуулахын тулд жилийн хугацаанд хэдий хэр мөнгө зарцуулж буйг сонирхохоор МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байр буюу “Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль”-ийг зорьсон юм. 

Ийнхүү зорьсон газраа очиж, сургуулийн цонхон дээр наасан зарлалыг харан зогсох ээж, хүү хоёроос сургалтын төлбөрөө хэрхэн шийдэж байгааг нь сонирхлоо. 

Ж.Энхтуяа: Цалингийн зээл авах санаатай байгаа

-Нэгдүгээр дамжааны сургалтын төлбөр хэд гэж байна?

-Кредит цагаараа тооцох юм гэнэ. Нэг цаг нь 61700 гэж байсан. Ойролцоогоор 20 цаг болох юм шиг байна. Тэгэхээр сая 230 мянга болох байх.

-Төлбөрийн асуудлаа хэрхэн шийдэх вэ. Хүүхдийнхээ төлбөрт зориулж ямар нэгэн хуримтлал үүсгэсэн байсан уу?

-Хуримтлал гэхээр зүйл байхгүй. Цалингийн зээл авах санаатай хөөцөлдсөн. Бүтэх эсэх нь тодорхойгүй. Ер нь ихэнх эцэг, эхчүүд миний жишгээр шийдэж байх шиг байна. 

Дорнодын талаас ирсэн ээж, хүү хоёрын хувьд бусдын адил цалингийн зээл авч төлбөрөө төлнө гэсэн төлөв­­лөгөөтэй иржээ. Ганц сургалтын төлбөр ч гэлтгүй хотод суух байрны асуудлаа ч шийдэж амжаагүй гэдгээ хэлж байв. “Ямар ч байсан бүртгэл эхлэхээр оюутны байранд оруулах санаатай” гэж ярих энэ ээж оюутны байранд хүүгээ өгч чадахгүй бол хаана суулгах учраа олоогүй л явна.

ШУТИС-ийн нэгдүгээр дамжааны төлбөр сая 500 мянга.

Элсэгчид болон эцэг эхчүүдтэй хэсэг хөөрөлдсөний эцэст замын эсрэг талд байрлах ШУТИС-ийг зорив. Тэнд мөн л хөлсөө арчиж, халууныг төвөгшөөсөн эцэг, эхчүүд. Биднийг танил дүр зураг болох цонхон дээрх бүртгэл болон элсэлтийн хураамжтай холбоотой зарлалыг анхааралтай уншиж зогсоно. Харин тус сургуулийн нэгдүгээр дамжааны төлбөр сая 500 мянга аж. 

Хүүхдийнхээ сургалтын төлбөрийн ард гарсан эцэг, эхчүүд нэг сайн амьсгаа авдаг

Энэ удаа бид олны дундаас зайдуухан модны сүүдэрт суусан аав, охин хоёрын төлбөрөө төлсөн эсэхийг нь сонирхлоо.

М.Түмэнбаяр: Банкинд өргүй хүн гэж бараг байхгүй боллоо

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Охин тань танай гэрийн хэд дэх оюутан бэ?

-Би дөрвөн хүүхэдтэй. Нэг нь өнгөрсөн хавар сургуулиа төгссөн. Охин маань хоёр дахь оюутан. 

-Сургалтын төлбөрийг хэрхэн шийдсэн бэ. Хотын­хон элдэв зээл, орон нутгийн­хан мах, сүү болон ноос, ноол­уурынхаа үр шим­­ээр ший­дэж байгаа бололтой. Таны хувьд?

-Ялгаагүй л цалингийн зээл авсан. Ер нь Монголын нийгэм, эдийн засгийн байдал одоо ямар байгаа билээ. Бүгд л адилхан байгаа байх. Банкинд өргүй хүн гэж бараг байхгүй боллоо. Нэгдүгээр дамжааны оюутнууд бүтэн төлөх ёстой юм гэнэ. Бид хоёр сая төлбөрөө төлчихөөд гараад ирлээ. Нэг том ажлын ард гарлаа даа.

Сүүдэрт тухалсан аав, охин хоёрын хувьд сургалтын төлбөрөө төлж, санаа амарчихаад сууж байгаа аж. 

Гэхдээ тэр хоёрын хувьд санаа зовох асуудал дуусаагүй тул хэсэг амарч аваад мөн л байж, суух байрныхаа эрэлд гарах гэнэ. Гэхдээ аав охин хоёр орон нутгаас ирсэн болохоор хаашаа зүглэхээ сайн мэдэхгүй байгаа бололтой “Арслантай гүүрний урд оюутны хотхон байгаа” гэсэн бүдэгхэн баримжаатай байсан юм.

Ингээд аав, охин хоёрыг оюутны хотхон тийш зүглүүлж өгөөд 90 жилийн түүхт СЭЗДС-ийн хаалгийг татлаа. Бидний зочилсон өмнөх сургуулиудыг бодвол СЭЗДС нам гүм байлаа. Бүртгэл нь хэдийнэ дуусчихсан юм байх даа гэсэн эргэлзээ тээн, сургалтын албанаас нь нэгдүгээр дамжааны төлбөрийг асуутал “Яагаад шинээр оюутан болох залуус харагдахгүй байна аа” гэсэн эргэлзээ маань тайлагдчихав. 

СЭЗДС-ийн сургалтын төлбөр дөрвөн сая 950 мянган төгрөг.

Учир нь тус сургуулийн сургалтын төлбөр энэ жил дөрвөн сая 950 мянган төгрөг аж. Ингээд бодохоор “нэг сая 500 мянгийг төлөх гэж банкаас зээл авч байгаа улс таван саяыг хаанаас олох вэ дээ” гэсэн бодол эрхгүй төрж байв. Ингэж эргэлзсээр буцаж явтал цайруулсан самар зарж буй хүнтэй таарч үнийг нь асуун “0.5 граммын варений шилтэй нь 5000” гэсэн хариулт авчихаад дургүй хүрсэн ч “Дээд сургуулийн төлбөр таван сая байх нь аргагүй юм байна” гэж өөрийгөө тайвшруулав.

Эцэст нь МУБИС-ийн үүдэнд зарлал уншихаар бөөгнөрсөн залуус бүхий мөнөөх танил дүр зургаа олж харав. Тус сургуулийн нэгдүгээр дамжааны төлбөр сая 650 мянган төгрөг. Тэдний хувьд мөн л дийлэнх нь эцэг, эх нь цалингийн зээл авсан гэдгийг хэлж байсан юм. 

Ийнхүү бид дөрвөн сургуулиар зочлоход “Цалингийн зээл авсан, байраа хайна” гэсэн ижил дүр зураг бүхий амьдрал угтсаар байсан юм. Нөгөөтэйгүүр хөдөө, орон нутгийнхан жил бүр сургалтын төлбөр, амьдрах сууц гэсэн хоёр том дайсантай гэр бүлээрээ тэмцдэг болоод нэлээдгүй хугацаа өнгөрчээ. 

Магадгүй улс орны эдийн засгийн байдал их, дээд сургуулийн сургалтын төлбөр гэдэг үгийг “цалингийн зээл” гэдэг үгтэй утга ижил болгосон бололтой. Бид оюутны дотуур байрны талаар дараагийн дугаартаа дэлгэрэнгүй хүргэх болно.

Зураг