Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

М.Ариунболд: Нэг тонн улаанбуудайн үнийг 460 мянган төгрөгөөр тооцсон

Зууны мэдээ
2014 оны 8 сарын 7
Зууны мэдээ

Жил бүрийн намар улс орон даяар өрнөдөг том ажил бол ургац хураалт. Ургац хураалтын бэлтгэл ажил ямар шатанд байгааг болон цаг үеийн зарим асуудлыг ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболдоос тодрууллаа.

-Энэ жил хэдий хэмжээний газарт улаанбуудай, төмс, хүнсний ногоо тариалсан бэ?

-Энэ жил улаанбуудай 293 мянган га, төмс 13 мянган га, хүнсний ногоо 7.9 мянган га, рапс 78.1 мянган га, тэжээлийн ургамал 12 мянган га, жимс жимсгэнэ 495 мянган га, эмийн ургамал 950 га газарт тариалсан.

-Ургац хураалтын бэлтгэл ажил ямар шатанд байна вэ?

-Одоогоор орон нутагт техникийн засвар, хүн хүч, шатахуун зэрэг ургац хураалтын өмнөх бэлтгэлийг ханган ажиллаж байгаа.

Улаанбуудай хүлээн авах үед эргэн төлөх нөхцөлтэй, 50 хувийн урьдчилгаатайгаар шатахуун олгох сайдын тушаал гарсан.

-Энэ жил нэг тонн улаанбуудайн үнэ хэдэн төгрөг болох төлөвтэй байна?

-Жил бүр гурил үйлдвэрлэгчдэд нийлүүлсэн улаанбуудайд урамшуулал олгодог. Энэ жилийн хувьд улаанбуудайн урамшуулал олгох сайдын тушаал албан ёсоор гараагүй байгаа. Ямартай ч үнэ бууруулахгүй байх бодлогыг барина. Гурилын үйлдвэр тариаланчдаас ямар үнээр авах вэ гэдгийг яам, Засгийн газар шийдэхгүй. Тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгчдийн хооронд гэрээ байгуулсны дагуу шийдэгдэнэ.

Харин Тариалан эрхлэлтийг дэмжих сан үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, иргэдэд олгосон техник тоног төхөөрөмж, шатахуун, ургамал хамгааллын бодисын төлбөрт улаанбуудай худалдаж авах бартерийн үнийг 460 мянган төгрөг байхаар тогтоосон.

-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад өөр ямар урамшуулал өгдөг вэ?

-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас ургац хураалтад шаардлагатай шатахууныг гэрээгээр олгодог. Энэ жил ч мөн үргэлжилж байгаа. Улаанбуудай хүлээн авах үед эргэн төлөх нөхцөлтэй, 50 хувийн урьдчилгаатайгаар шатахуун олгох сайдын тушаал гарсан.

Зураг