Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Золжаргал: Долларын ханш 1800 орчим гэсэн ханшин дээрээ тогтворжих болов уу ...

Ч.Болортуяа
2014 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Монголбанкны ХБХ, Гэрэл зургийг mpa.mn, 2014.7.30

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж бодлогын хүүг 1,5 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувь болгох шийдвэр гаргалаа. 

Өнгөрсөн сарын эцэст улсын хэмжээнд инфляци 14.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 15.1 хувьд хүрээд байна. 

Монголбанкны мэдээлж буйгаар "Гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад цэвэр актив буурч байгаа хандлага сүүлийн хоёр жилийн турш үргэлжилж, төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зарцуулалтууд буурахгүй байна. Түүнчлэн, гадаад валютын орох урсгал, төлбөрийн тэнцлийг сайжруулах арга хэмжээний үр дүн хангалттай бус байна" гэлээ. 

Монгол улсын валютын албан нөөц тавдугаар сарын байдлаар 1,6 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 52.6 хувиар буураад байна.  

Эдийн засгийн энэхүү таагүй нөлөөллийг харгалзан Монголбанк бодлогын хүүгээ 1,5 нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хэлэхдээ "Ам.долларын ханш бодит түвшиндээ хүрээд байна. Цаашдаа 1800 гэсэн ханшин дээр тогтворжих хандлага байна" гэсэн юм. 

Мөн төв банкны зүгээс ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг зогсолтгүй үргэлжлэх талаар албан ёсоор мэдэгдлээ.

Түүнчлэн гадаад зах зээлээс хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгаа тул гадны томоохон банкны салбарыг Монголд нээх асуудал яригдаж байгаа. Тэр дундаа Хятадын банк (Bank of China) Монголд салбараа нээх асуудлын талаар ноён Н.Золжаргал "Bank of China -ийн зүгээс манай улсад албан ёсоор хандсан зүйлгүй учраас одоо мэдээлэл хийх боломжгүй байна. Монгол улсад хоёр ч Японы банкны салбар бий. Тиймээс бид холбогдох хүсэлт, санал орж ирвэл энэ асуудлыг авч хэлэлцэнэ" гэсэн юм. 

Мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг 1.5 бус 2.5 нэгж хувиар нэмэгдүүлэх санал хүртэл гарсан байна. Харин эдийн засгийн тэлэлтийг хэт хумигдахаас зайлсхийж ийнхүү 12 хувьд хүргэжээ. Бодлогын хүүгийн энэхүү өөрчлөлт манай эдийн засагт нэгээс зургаан сарын хугацаанд эерэг нөлөөллөө үзүүлнэ гэлээ. 

Бодлогын хүүг ингэж нэмж буй нь ажлын байр болоод эдийн засгийг хэт хумисан 2009 оны хямралтай харьцуулахад эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл бага байна гэж Монголбанк үзэж байна. 

Бодлогын хүүг хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн буюу зарласан огноогоор харуулав.


БОДЛОГЫН ХҮҮ: Монголбанк нь бодлогын хүүгийн түвшинг өөрчлөх замаар арилжааны банкуудын хадгаламж болон зээлийн хүүгийн түвшинд нөлөөлж , улмаар нийт эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг удирдаж инфляцийн түвшинд хязгаарлалт хийнэ.