Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Обама Оросын эсрэг шинэ хориг тавьж байгаагаа зарлалаа

Б.Ууган, iKon.mn
2014 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Оросын эдийн засгийн гол салбаруудын эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авч байгаа тухайгаа өчигдөр сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгджээ.

Шинэ хориг арга хэмжээ нь бараа, эрчим хүчний салбарын технологийн экспорт руу чиглэгдсэн гэнэ. 

Түүнчлэн санхүүгийн салбар болон батлан хамгаалахын үйлдвэрлэлийн салбарт хориг арга хэмжээ авч байгаа юм байна. 

“Өнөөдөр АНУ Оросын эсрэг, эрчим хүч, зэвсэглэл, санхүү гэсэн Оросын эдийн засгийн гол салбаруудад чиглэгдсэн шинэ хориг арга хэмжээг зарлаж байна. АНУ Оросын эдийн засгийн эдгээр салбарууд руу бараа технологи экспортлохыг хязгаарлана. Түүнчлэн эдгээр салбаруудын төслүүдэд экспортын зээлжилт хийхийг зогсооно” хэмээн Обама мэдэгджээ. Мөн энэхүү хориг арга хэмжээнд “Оросын олон банк, батлан хамгаалахын компаниуд багтаж байгаа” гэдгийг тэрбээр онцолсон байна. 

Хориг арга хэмжээний талаар өөр дэлгэрэнгүй мэдээллийг тэрбээр өгөөгүй харин “Орос улс урьдын адил Украйны дорнод хэсэг дэх босогчдыг дэмжиж, тэдэнд зэвсэг, мөнгө санхүүгээр тусалж байгаа” гэж Оросыг буруутгаад Украйны хилийн орчим цэрэг, зэр зэвсгийн хүчээ зузаатгасан хэвээр байвал “Оросын хувьд үүний үр дүн, үнэ цэнэ их өндөр байх болно” гэдгийг Америкийн Ерөнхийлөгч онцолжээ. 

Одоо Орос, АНУ-ын хоорондын харилцаа “шинэ хүйтэн дайны” шинжтэй болж байгаа эсэх талаар асуусан сэтгүүлчийн асуултанд Обама “Үгүй ээ, энэ бол шинэ хүйтэн дайн биш. Харин Украйны ард түмэн хөгжлийн замаа сонгох гэж байгаатай холбоотой онцгой нөхцөл байдал” хэмээн хариулсан байна. 

Ямартай ч шинэ хориг арга хэмжээний жагсаалтанд United Shipbuilding Corp. багтсан бөгөөд Америкийн иргэд болон хуулийн этгээдүүд энэ компанитай ямар нэгэн хэлэлцээр хийхийг хоригложээ. Түүнчлэн ВТБ банк, Москвагийн банк, Россельхозбанк багтсан байна.

Гэхдээ эдгээр банкнууд, мөн жагсаалтанд орсон бусад компаниудын хувьд хөрөнгө нь царцаагдахгүй, гагцхүү АНУ-ын компаниудаас шинэ санхүүжилт авах боломжгүй болох гэнэ.

Эх сурвалж: rbk.ru