Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ламбаа МУИС-ын захирал болно гэв үү

Л.Гэгээ, Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 30
Өдрийн шуудан
Зураг зураг

-А.Галтбаяр МУИС-д шилжин суралцах хүсэлтэй оюутнуудаас нэгээс гурван сая төгрөгийн хураамж авч байсан нь асуудал дагуулав бололтой-

МУИС-ийн захирлыг дахиад л өөрчлөх гэнэ. Энэ тухай багш нар нь ярьж, “А.Галтбаярыг ирэх сард захирлынх нь суудлаас буулган оронд нь УИХ-ын гишүүн асан С.Ламбааг томилохоор шат шатандаа ярьж байгаа” гэх мэдээллийг өгөв.

Мөн Түүнтэй өрсөлдөх бас нэг хүн бий ч нэрийг нь зарлах болоогүй, томоохон бизнесмэн байхыг үгүйсгэхгүй" гэцгээж буй юм. Эндээс харахад анх томилогдохдоо л “Би энэ сургуулийг шинэчилж чадна” хэмээн ам бардам өгүүлж байсан А.Галтбаяр тун удахгүй болох хичээлийн шинэ жилээс урьтан суудлаасаа буух нь тодорхой болж, мань эрхэм юунаас болж ийм амархан тушаал буухад хүрэв гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Хэрэв уншигчид санаж буй бол түүнийг захирлын суудалд тухалж, сургуульдаа томоохон хэмжээний бүтцийн өөрчлөлт хийх үеэс удирдлага дор нь ажилладаг багш нар нь эсэргүүцэж эхэлсэн билээ.

Ингэхдээ тэд “А.Галтбаярын эхлүүлсэн ажил, ажиллах арга барил нь буруу” хэмээн ярьж, хэд хэдэн удаа хэвлэлийнхэнд хандаж байв. Тухайлбал, А.Галтбаярыг эсэргүүцэгчид өнгөрсөн дөрөвдүгээр сард “МУИС-д хийж буй бүтцийн өөрчлөлт, түүний явц”-ын талаарх судалгааг гаргаснаа олон нийтэд танилцуулж “Энэ судалгааг 521 багш, 237 ажилтны дунд явуулахад 83.5 хувь нь өнөөгийн удирдлагад сэтгэл ханамжгүй байсан.

Мөн 87-гоос илүү хувь нь “МУИС-д бүтцийн өөрчлөлт хийх бэлтгэл хангагдаагүй” гэсэн бол 90 орчим хувь нь энэ талаар ямар ч мэдээлэлгүй байсан гэсэн дун гарсан” хэмээн тайлбарлаж байлаа.

Мөн энэ талаар тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Б.Болд-Эрдэнэ, Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Ч.Чойсамба тэргүүтэй хүмүүс “Шинэ удирдлага маань бүтцийн өөрчлөлт хийхээсээ өмнө шат дараалсан арга хэмжээг авах ёстой байсан.

Гэвч тэгээгүй” хэмээн буруутгаж байв. Түүнчлэн МУИС-ийн багш нарын холбоодоос “Захирлуудынхаа явуулж буй хууль бус ажиллагаа, судалгаа үндэслэлгүй, бодлого төлөвлөгөөгүй бүтцийн өөрчлөлтийн талаарх албан бичгийг БШУ-ны сайд Л.Гантөмөрт хүртэл хэд хэдэн удаа илгээж, биечлэн уулзсан ч тоймтой хариу өгөөгүй” гэцгээж байв. Хамгийн ноцтой нь тэд энэ үеэр нэг асуудал хөндсөн нь МУИС-ийн захирал сургуульдаа шилжин суралцах хүсэлтэй оюутнуудаас нэгээс гурван сая төгрөгийн хураамжийг, ямар ч үндэслэлгүйгээр авдаг яриа байлаа.

Тэгвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан энэ буюу МУИС-д шилжин суралцах гэсэн оюутнуудаас шилжилтийн төлбөр авч буй нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг судлан шалгасан дүнгээ танилцуулсан нь А.Галтбаярыг суудлаас нь буулгах гол үндэслэл болсон байх магадлалтай байгаа юм.

Яагаад гэвэл тус газрын хийсэн шалтгалтаар Боловсролын тухай хуулийн 36.11.4-т “Удирдах зөвлөл сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрөөс гадна аливаа төлбөр, хураамж авахыг хуулиар Зөвшөөрөөгүй байдаг аж.

МУИС-ийн захирал А.Галтбаяр

Гэтэл МУИС-ийн захирал А.Галтбаяр өнгөрсөн оны есдүгээр сарын 27-нд гаргасан тушаалаараа 166 оюутныг шилжүүлэн суралцуулахдаа 236,047,500 төгрөг, мөн оны хоёрдугаар сарын 26-ны А/45 тоот тушаалаар 75 оюутан шилжүүлэн суралцуулахдаа 111.134.500, нийт 347.182.000 төгрөг хураан авсан нь илэрчээ.

Албаны хүн “А.Галтбаярын энэ үйлдэл Боловсролын тухай хуулийн 40.7 дахь хэсэгт “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно” гэж заасныг зөрчиж, оюутнуудын хууль ёсны эрх, ашиг сонирхолд харшлах үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй болно хэмээн тайлбарлажээ.

Түүнчлэн МУИС-ийн сургалтын төлбөрөөс гадна үндэслэлгүйгээр шилжилтийн төлбөр авсан, оюутнуудад ялгавартай нөхцөл тавьж хохироосон үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.11-т “Тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавихыг хориглоно”, 12.1.10-т “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно”, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5.1-т “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэж заасныг зөрчсөн. Иймээс түүнийг дээрх үйлдэлдээ хариуцлага хүлээж, оюутнуудын хохирлыг барагдуулахыг шаардсан юм байна. А.Галтбаярыг уг нь энэ сургуулийн захирал болоход нь олон хүн “шинэчлэлийг хийж чадна” хэмээн итгэж байсан.

Учир нь тэрбээр өөрийн блог хуудсандаа “Би энэ сургуульд ажиллах хугацаандаа амьдралд хүрэлцэх цалин авч байгаагүй, энэ сургуулиас байр, машин, хүүхдийн сургалтын төлбөр авч байгаагүй. Би МУИС-иас гадуур давхар ажил хийдэггүй, хувийн бизнес эрхэлдэггүй, цаашид ч тэгэх сонирхолгүй. Надад тэтгэвэрт гарахад 20 жил байна. Гэтэл МУИС маань улам дампуурч байна, удирдаж байгаа хүмүүс нь ажлаа хийж чадахгүй байна. Улс даяараа хэн түрүүлж хулгай хийж баяжих вэ гэсэн уралдаан явагдаж байна. Манай сургуулийг ч энэ уралдаан тойрсонгүй” хэмээн үзэл бодлоо илэрхийлж шинэчлэлийг хийж чадна гэсэн итгэлийг олон хүнд төрүүлээд байсан юм.

Харамсалтай нь тэрбээр хууль зөрчин авсан 347 саяын асуудлаасаа болж албан тушаалаа өгөх нь тодорхой боллоо. Харин түүний орыг залгах магадлал тун өндөр байгаа С.Ламбаа өдгөө УИХ-ын даргын зөвлөх гэсэн албыг хашиж байгаа юм.

Зураг