Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүх бүрэлдэхүүн сэтгүүлчийг цагаатгалаа

Монголын мэдээ
2014 оны 7 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Б.Даваадоржийг гүтгэсэн гэх асуудлаар "Өглөөний сонин"-ы сэтгүүлч Р.Саруултөгсийг шүүх хурал өчигдөр 14.00 цагт дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хаалттай эхэлсэн билээ.

Түүнд  Эрүүгийн хуулийн 111.2-оор бусдыг гүтгэсэн, нэр хүндийг нь гутаан доромжилсон гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм. 

Шүүх хурал нээлттэй гэж байсан ч шүүх бүрэлдэхүүн орсноор сэтгүүлчдэд хаалттайгаар эхэлсэн. Сэтгүүлч Р.Саруултөгс нь ХБНГУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Б.Даваадоржийн дансанд таван удаагийн үйлдлээр 201 мянган евро шилжин орсон гэх мэдээллийг дэлгэж, хэд хэдэн цуврал нийтлэл бичихэд нь түүнийг өөрийнхөө нэр төрд халдаж, гүтгэсэн гэх үндэслэлээр Б.Даваадорж шүүхэд гомдол гаргаснаар ийм хэрэг үүссэн байна.

Шүүх хурал эхлэх үед шүүхийн танхимын гадна сэтгүүлчдийн төлөөлөл “Сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах эрхтэй”, “Германы Элчин сайд асан Б.Даваадорж сэтгүүлчээс бохир савраа тат”, “Сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах эрхтэй” хэмээсэн уриа лоозонг барин зогсч, эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Шүүх хурлын явц болон зарим зүйлийг "Өглөөний сонин"-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга С.Туулаас тодрууллаа.

С.Туул: Нэр төрд нь халдаад, мөнгө угаажээ гээд бичсэн ганц үг, үсэг, өгүүлбэр тэр нийтлэлд байхгүй
 
-Ямар шалтгаанаар танай сонины сэтгүүлчийг шүүж байгаа талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Анхны нийтлэл хэзээ гарсан бэ?

-2013 оны тавдугаар сараас эхлэн манай сонин Монгол Улсаас ХБНГУ-д суух элчин сайд Б.Даваадоржийн данс руу Монгол Улсаас таван удаагийн үйлдлээр 201 мянган евро орсон гэсэн мэдээллийг цувралаар дэлгэсэн. Зөвхөн энэ мэдээллийг дэлгээд зогсохгүй өмнө нь түүний холбогдож байсан хэргийн талаархи протоколуудыг авч олон нийтэд мэдээлсэн юм. 

Гэтэл энэхүү нийтлэл гарсны дараа Б.Даваадорж "Өдрийн сонин"-д ярилцлага өгсөн байдаг. "Өглөөний сонин дээр ийм мэдээлэл гарсан байна" гэсэн “Өдрийн сонин”-ы сэтгүүлчийн асуултад тэрбээр "Тийм ээ, таван удаагийн үйлдлээр миний данс руу мөнгө орсон нь үнэн" гэж яриад үүнийгээ нотолсон байдаг. Гэтэл одоо Элчин сайд асан Б.Даваадорж сэтгүүлчийг баримт олж авсан эх сурвалжаа хэл гэж тулгаж байна. Энэ нь сэтгүүлчийг мохоох гэсэн нэг арга л даа. Сэтгүүлч бол энэ мэдээллийг ганц эх сурвалжаас аваагүй. 

Маш олон эх сурвалжаас мэдээллээ авдаг. Тухайн үед манай сонинг энэ мэдээллийг хөндөж бичиж байхад Германд байдаг Монголын Элчин сайдын яамны хоёр хүн рүү "Б.Даваадоржийг Германд мөнгө угаасан хэргээр шалгаж эхэлж байна. Энэ хүний албан тушаал нь саад болоод байна" гэсэн и-мэйлийг хүртэл бичиж байсан. Энэ мэт олон эх сурвалжаар манай сэтгүүлч мэдээллээ баталгаажуулсан.

-Түүнийг 111.2 буюу хүний нэр төрд халдсан, гүтгэсэн хэмээх зүйл ангиар буруутгаад байгаа юм байна?

-Гүтгэсэн зүйл огт байхгүй. Нэр төрд нь халдаад, мөнгө угаажээ гээд бичсэн ганц үг, үсэг, өгүүлбэр тэр нийтлэлд байхгүй. 

-Хэдэн цуврал нийтлэл гаргасан бэ?

-5-6 нийтлэл байгаа. Энэ хүнтэй холбоотой олонд ил болгоогүй мэдээлэл одоо ч бидэнд байна. Таван удаагийн үйлдлээр түүний данс руу хэн хаанаас мөнгө шилжүүлснийг шүүх тогтоогоогүй байх. Харин бид энэхүү мэдээллийг олж авсан байгаа. 

-Шүүхийн шийдвэр юу гэж гарав? 

-Шүүх хурал таван цаг орчим үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн сэтгүүлчийг тухайн хүний алдар хүндэд халдаагүй, мэдээлэл нь үнэн бодит мэдээлэл байна хэмээн үзэж, сэтгүүлчийг маань цагаатгалаа. 

Зураг