Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Зарим арилжааны банк 8%-ийн хүүтэй ОС-ны зээлээ зогсоолоо

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Орон сууцны найман хувийн хүүтэй зээл зогссон гэх яриа олон нийтийн сүлжээ болон зарим мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Тиймээс энэ талаар зарим арилжааны банк болон Монголын ипотекийн корпорациас тодрууллаа.

Зарим арилжааны банкны зээлийн мэргэжилтнүүдээс авсан тодруулга:

  • Хаан банк: Өнөөдрөөс эхлэн /2014.07.29/ Орон сууцны найман хувийн хүүтэй зээл олгохоо зогсоосон бөгөөд хэзээнээс дахин олгож эхлэх нь тодорхойгүй.
  • Хас банк: Найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож байгаа. Гэхдээ ийм зээл авах иргэдийн хүсэлт их байгаа учир зээл хэвийн үеэс удаж гарна.
  • Голомт банк: Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг өөрийн банкны харилцагчдад түлхүү олгож байгаа. 
  • Төрийн банк: Найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож байгаа. Гэхдээ ийм зээл авах иргэдийн хүсэлт их байгаа учир зээл хэвийн үеэс удаж гарна.
  • Капитрон банк: Найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгох ажил тодорхойгүй хугацаагаар зогссон байгаа. Санхүүжилт зогссон.
  • Улаанбаатар хотын банк: Санхүүжилт зогссон учир найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгохгүй байгаа.
  • Капитал банк: Зээлээ багцалж МИК-д зарах ажил эхэлсэн байгаа. Тиймээс найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгохгүй байгаа.

Монголын ипотекийн корпораци энэ сард арилжааны есөн банкнаас найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хоёрдугаар ээлжийн багцыг худалдан авч үнэт цаас болгох ажлыг хийж байгаа бөгөөд гурав дахь багцыг энэ оны гуравдугаар улиралд багтаан худалдан авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ.

Арилжааны банкуудаас найман хувийн хүүтэй орон сууцны зээл худалдан авахдаа Монгол банкнаас гаргасан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг баримтлан ажилладаг юм байна.

Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хоёрдугаар багцаа МИК-д зарсан банкууд:

•    Хаан банк
•    Хас банк
•    Худалдаа Хөгжлийн банк
•    Голомт банк
•    Капитал банк
•    Капитрон банк
•    Эрэл банк
•    Үндэсний хөрөнгө оруулалтын банк
•    Төрийн банк

Монголбанкны мэдээлж буйгаар зургаадугаар сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас буюу тавдугаар сараас 12.4 хувиар буурсан байна. 

Харин долоодугаар сарын 23-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 853 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18519 зээлдэгчийн нийт 536.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ. 

Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 21383 иргэнд 1201.3 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. 

Найман хувийн хүүтэй зээл олгох эсэх талаар өнөөдрийн байдлаар албан ёсоор мэдээлэл өгөх хүн байсангүй. Ямартай ч зарим арилжааны банк ийнхүү найман хувийн хүүтэй орон сууцны зээлээ зогсоож эхэлжээ.