Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Туяа: Ээжийн сийлсэн туулай манайд бий

Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 29
Өдрийн шуудан

Сэтгүүлч Ц.Галбадрахын алдартнууд, олны танил эрхмүүдийн бага насны тухай "Би багадаа" нэртэй цуврал ном бүтээсэн нэгэн. Түүний төгсөшгүй цувралаас нь өөрийнх нь зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна.

Ээж минь таван хүүхэдтэй айлын хоёр дахь нь. Би ээжтэйгээ адилхан нэг эгч, гурван дүүтэй. Хотод төрж, өссөн. Намайг төрсний дараахан манайх Налайх руу нүүсэн юм билээ. Бид арваад жил тэнд амьдарсан. Тэгэхэд би 24-ийн цэцэрлэгт явдаг байв.

Нэг удаа ээж шинэ гутал авчирч өгөөд “Миний охин гутлаа алга болгочихов” гэж захиж захиж явдаг юм. Ээжийг хоёр, гурав хоноод ирэхэд нь “Ээж ээ, би хэн ч авч чадахааргүй тэмдэг гуталдаа тавьчихсан” гэлээ.

Тэр нь яасан байсан гэж санана. Түрийг нь хайчлаад хоёр тал руу нь салбайтал унжуулчихсан байсан. Алдахгүй гэхдээ л тийм болгож байгаа царай нь” хэмээн хошин шогийн “хүүдийнүүд”-ийн нэг Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа яриагаа эхлэв.

“ГАДААДЫН ХҮН”

-Гэртээ эмэгтэй дүү бид хоёр их найз. Дүүг маань Оюун гэдэг. Бид хоёр багадаа оёдлын утасны ёстой дайсан нь байв. Утсыг нь хүвж, дамрыг нь гутлынхаа өсгийд наагаад өндөр өсгийтэй гуталтай ганган “хүүхнүүд” болно. Тэгээд 12 мөнгөний дэвтрийг утсаар оосорлон цүнх болгож мөрөндөө өлгөчихөөд ээжийнхээ гэрийн халаадыг өмсөн гудамжинд гарч гадаадын хүн болж тоглоно доо. Манай дүү орос шиг царайтай л даа.

Гудамжинд явж буй хүмүүсийн хажуугаар хоёул шооргонон явж учир нь олдохгүй шулганаад л. Ухаандаа гадаадаар ярьж байгаа нь тэр. Ээж нэг удаа бид хоёрт бүжгэн жүжигчний өлмийдөө угладаг чишик авч өгч билээ. Түүнийгээ өмсчихөөд хогийнхоо шүүрийг барьчихсан бүжиглээд л, гэрийнхээ хогийг шүүрдээд л. Урлагт үнэхээр дуртай байлаа. Аав, ээж хоёр ч их дэмждэг байв. Бага байхад ээж үлгэр их ярьж өгдөгсөн. Бас кино. Орой үдэш болохоор хавь ойрын айлын хүүхдүүд манайд шавчихна.

Үлгэр сонсох гэж. Эмгэнэлтэй, өрөвдөлтөй юм ярихаараа ээжийн дуу нь сааралтан хоолой нь зангирч, нүдэнд нь нулимс цийлэгнээд л. Сонсч суугаа бид ч дагаад “тогоо нэрчихнэ”. Шөнө болчихоор хажуу айлын эгч хүүхдээ дуудна. “Хөөе, Жаргалсайхаан, гэртээ орж унт” гэж. Тэр ээжийн ярианаас салж чадахгүй суугаад л байна. Дахиад л ээж нь: -Хөөе, Жаргалсайхаан,  гэртээ  орж -Хөөе, Жаргалсайхаан, гэртээ орж унтаач ээ гэхэд нь -За, одоохон гээд л. 

“МАНГАСАА, НААШАА БИТГИЙ ЯВ”

-Жаахан хүүхдүүд л болсон хойно шилний хагархайгаар тоглох дуртай байж. Өнгө, өнгийн шилний хагархай зүйж амьтан хийнэ. Анх ээж энэ санааг хэлж өгсөн юм. Янзага, морь их хийдэг сэн. Уурхайд ойрхон байсан болохоор байнга очно.

Анх удаа очихдоо учиргүй айж билээ. Найзуудтайгаа уурхай руу дөхөж явтал нүхэн дотроос шуудайтай юм үүрсэн аймаар хар царайтай хүн гараад ирсэн. Ёстой үнхэлцэг хагарах шахаж байгаа юм чинь. “Мангас байна аа” гээд бид бие биеийнхээ араар орж орилолдоод л. Нөгөө хүн “Та нар надаас битгий ай” гээд дөхөхөөр нь “Мангас аа, наашаа битгий яваач ээ” гэж бахиралдаад. Тэр нь зайлуул нүүрс үүрсэн жирийн л хүн байсан.

ЭРТЭЧ, БАС ДҮҮДЭЭ ХАЛАМЖТАЙ

-Аав, ээж хоёр маань биднийг үнэхээр хүмүүжилтэй өсгөсөн дөө. Эгчийг “Эгээ”, намайг “Ажаа”, дүүг “Дунжаа” гэж дуудна. Манайхан их эртэч. Амралтын өдөр аав бид хоёр нэг баг болж гэрээ цэвэрлэлээ гэхэд ээж эгээ хоёр аяга тавгаа угаах жишээтэй. Манайхыг гэр орноо цэмцийтэл цэвэрлэчихээд зугаалахаар гарахад айлын хүмүүс дөнгөж босоцгоож байдагсан. Айлын хүүхдүүд нэгнээсээ илүү идэхийг боддог бол бид тийм биш. Нэг чихэр олсон ч тэнцүү хувааж иддэг байв. Багадаа би их ярьж зүүдэлдэг байсан гэсэн. Ямартаа л намайг унтаж байтал Дунжаа “Ажаа, бие засъя” гээд байж л дээ. Тэгэхэд нь би нүдээ аниастай чигээрээ дүүгээ хөтөлчихсөн жорлон руу явж байсан гэж байгаа юм даа. Унтаагаараа шүү дээ.

Бага л байсан санагдана. Дунжаа бид хоёр тоглож байгаад байшин дээрээс унаад үхчихсэн шувууны ангаахай олдог юм. Тэгснээ нөгөөхөө оршуулах юм болов оо. Цагаан даавуугаар гадуур нь ороож, үзэгний савны дөрвөлжин хайрцагны ёроолд өвс тавиад дээр нь хийчихсэн. Бас болоогүй, улаан, хар даавуу хоёр тал руу нь унжуулан нүх ухаж дотор нь хийгээд толгойн талд нь модоор загалмай босгочихов. Тэгээд хоёулаа номхон зогсч уйлаад л. Бас гашуудлын аялгуу амандаа аялаад байгаа юм аа. Амьтанд их л хайртай байж.

ШАГНАЛ НЬ ЧИХЭР

-Гэрийнхэн маань бие биеэ гэнэт баярлуулах дуртай. Ээж үргэлж шинийг санаачилна. Ухаандаа хоол хийлээ гэхэд агшаасан будаагаа зүгээр нэг таваглачихгүй. Амны жижиг халбаганд хэвлээд цэцэг хэлбэртэй тойруулан тавина. Тийм хоолыг идэхэд хүртэл амттай. Энэ чанар нь охидод нь их нөлөөлсөн. Ер нь би дуулж бүжиглэдэг, нугардаг сэргэлэн охин байсан. Намайг манай ангийнхан “азарган тахиа”, “галзуу” гэж хочилдог байв. Налайхад байхад аав хотод оюутан байсан юм.

Тэгээд аав дээрээ хааяа ирнэ. Замд явахад хүмүүс “За, миний дүү дуулаарай” гээд намайг хөөргөж орхино. Би ч дуулаад, хүмүүсийг өхөөрдөхөд нь их баярлана. Өврөөрөө дүүрэн чихэртэй л галт тэрэгнээс буудагсан. Намайг дөрөвдүгээр ангид байхад манайх Налайхаас Улаанбаатарт буцаж ирсэн юм. Тэгээд би 22 дугаар сургуульд сурах болсон. Харин долдугаар ангиад орохдоо 52 дугаар сургууль руу шилжсэн. Дунд сургуульд байхдаа урлагийн үзлэг, багт наадамд ангийнхнаа бэлтгэж оруулдаг байв.

ХУВЦСАА ӨӨРӨӨ ОЁДОГ БОЛСОН

-Манай ээж оёно, хатгамал хийнэ, нэхнэ. Бидэнд ижилхэн гоё гоё хувцас хийж өгнө. Ээжийнхээ буянаар ганган өссөн дөө. Хувцсаа би ойр ойрхон сольж өмсөх дуртай байв. Одоо ч гэсэн. Ээж нэг өдөр 14-ийн даавуу авч өгөөд юбка оёулах болов. Долдугаар ангид байхад л даа. Би хэмжээд хайчлаад, оёод өмсч үзтэл томдоод. Тэгэхээр нь буцааж ханзлаад дахин хэмжээд, хайчлаад, оёод өмстөл багадчихдаг байгаа. Болохгүй болохоор нь хүүхэлдэйдээ өмсгөчихсөн.

Ээж ирээд “Яасан бэ” гэхээр нь үнэнээ хэлтэл дахиад даавуу авч өгч өөрөө зааж өгч байлаа. Түүнээс хойш би оёдолчин болж, ангийнхаа охидод юбка оёж өгдөг болсон. Ээжийн хуучин пальтог эргүүлж оёоод шинэ болгоод өмсчихдөг байв. Ээжийнхээ оёдог, нэхдэг, хатгамал хийдэг авьяасыг гурван охин нь өвлөсөн дөө.

Гэртээ бид хувцсаа хэзээ ч сольж өмсч сураагүй. Эзнийх нь зөвшөөрөлгүйгээр. Нэг удаа дүү маань миний юбкыг надад хэлэлгүй өмсчихсөн сургууль дээр явж байгаад баригдчихгүй юу. Хичээл тараад гэртээ иртэл “Ажаа, Ажаа” гээд л хойно өмнө гүйгээд, нөгөөх чинь. “Би түүнийг чинь хийчихье, би үүнийг чинь янзалчихья” гээд л. Намайг загнах байх гэж айгаад тэр л дээ. Хамаг ажлаа хийлгэчихсэн хүн чинь дуугүй өнгөрөхөөс яахав. “Сургууль дээр тааралдахдаа та ёстой аймаар харсан шүү” гэж одоо ч дурсч бөөн инээдэм болдог юм.

ДЭЛГҮҮРТ ОЧИЖ ХЭМЖҮҮЛНЭ ЭЭ

-Ээж модны үндсээр сийлбэр хийдэг байсан гээд бод доо. Таван бүжингээ дагуулсан туулайны сийлбэр нь одоо ч манайд хадгалаастай байгаа. Ээж минь худлаа хэлэхийг тэвчдэггүй байв. 10 дугаар ангид байхдаа би Зайсанд байдаг найзындаа очиж оройтоод. Тэр өдөр би 10 кг гурил авч боорцог хийх байсан юм. Автобусанд суусан болохоор гурилынхаа мөнгөнөөс өгчихсөн. Орой нь харихдаа есөн кг гурил авчихав.

Гэрт ирсэн хойно ээж “Миний охин хэдэн кг гурил авав” гэхээр нь “Арав” л гэсэн. Тэгтэл хэрэг бишид лээ. “За тэгвэл наадахаа ав. Дэлгүүрт очиж хэмжүүлнэ ээ” гээд. Замдаа би “Ээж ээ, наана чинь есөн кг гурил байгаа” гэж уйлаад үнэнээ хэлж байлаа. Тийм л шударга хүн байсан даа. Дунд сургуулиа төгсөөд би дээд сургуульд ороогүй. Шууд л Хүүхэд залуучуудын театрт дагалдан жүжигчин болчихсондоо.

Зураг