Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Тогтоосон хэмжээнээс илүү мөнгө суутгах боломжгүй

Монголын мэдээ
2014 оны 7 сарын 29
Монголын мэдээ

Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт ихэссэн билээ. Улмаар хүүхдийн тэтгэмжийн асуудал маргаантай сэдвийн нэг байсаар байгаа юм. Харамсалтай нь ихэнх эцгүүд хүүхэддээ хууль ёсны дагуу тэтгэмж өгөхөөс татгалздаг байна.

Харин хуульд хүүхдийн тэтгэмжийн асуудлыг хэрхэн тусгасан байдаг талаар ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны дэд дарга ахмад Я.Батгэрэлээс тодрууллаа. 
 
-Сүүлийн үед гэр бүл салалт нэмэгдэж байгаа тухай судлаачид хэлж байна. Судлаачдын хэлж буй тоо бодит байдалтай хэр зөрчилддөг юм бол?

-Гэр бүлийн салалт нэмэгдэж байгаа нь үнэн. Жилд дунджаар 3000 орчим хүн гэр бүлээ цуцлуулж байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллагад  гүйцэтгэх хуудас бичүүлж, шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа явуулахаар ирж байгаа баримт бичиг жилд дунджаар  2000  орчим байна. Ер нь Шүүхийн шийдвэр биелүүлэх тал дээр нэлээд анхаарч ажиллаж байгаа.  Үр хүүхдээ тэжээж,  тэтгэх үүрэг хүлээсэн эцэг хүүхдийн тэтгэмжээс зайлсхийх тохиолдол их гардаг.

Өөрөөр хэлбэл,  санаатайгаар төлбөрийн чадваргүй болох тохиолдол цөөнгүй. Ер нь одоо  хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 120 дугаар зүйлд “Өөрийн болон үрчилж авсан хүүхдээ тэжээн тэтгэхээс зайлсхийх гэсэн заалт байгаа. Энэхүү зүйл заалтаар шийтгүүлсэн  этгээд нэг ч байхгүй. Үүнээс үүдэж  хүүхдийн  эрх ашиг зөрчигдөж байна.

-Танай байгууллага хүүхдийн тэт­­гэ­лэг олгох ажиллагаанд ямар байд­лаар ан­хаарч ажилладаг юм бэ? 

-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн дагуу буюу тэтгэлэг авах хүүхдийг 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амьжиргааны доод төвшний хэмжээний 50 хувиар тогтоодог. Мөн 11-16 хүртэл амьжиргааны доод төвшний хэмжээгээр тогтоодог юм. Одоогийн амьжиргааны төвшин 169 мянган төгрөг.  Энэхүү амьжиргааны доод төвшинг ҮСХ-оос тогтоодог.  

Ер нь хүүхдийн тэтгэлгийг сар болгон гаргуулах  ёстой. Тэтгэлийн мөнгийг сар,  сард нь төлөхгүй бол  нэмэгдээд явдаг. Тухайлбал, 169 мянган төгрөгөө хийхгүй бол дараа сард 320 болох гэх мэтээр нэмэгдээд явчихдаг юм.  Иймээс төлбөрийн чадваргүй хүмүүсийн төлөх ёстой мөнгө жилийн дараа гэхэд 3-4 сая болчихсон байдаг.

-Тэтгэлгийг шүүхээр тогтоодог.  Харин хүүхэддээ  тэтгэлэг олгож бай­гаа этгээдийн сарын цалин нэмэгд­вэл, тухайн хүүхдэд очих тэт­гэлгийн хэмжээ нэмэгдэх үү?

-Тэтгэлгийн хэмжээ Гэр бүлийн хуульд заасны дагуу амьжиргааны төвшингөөр хэмжигдэг гэдгийг дээр дурдсан. Үүнийхээ дагуу яваг­дана. Амьжиргааны төвшин нэмэгд­вэл хүүх­дийн тэтгэлгийн хэмжээ нэмэг­дэнэ. Харин тухайн тэтгэлэг төлөгчийн цалин  хэд байхаас хамаарахгүй.

Ер нь Шийдвэр гүйцэтгэгчийн тухайн хуульд цалин орлогын 50 хүртэл хувийг суутгана гэж заасан байдаг. Тухайлбал, 200 мянган төгрөгийн цалинтай хүн байвал, 100 мянган төгрөг  суутгана. Хүүхдэд  өгөх тэтгэлгийн хэмжээ 169 мянган төгрөг хэрнээ тухайн тэтгэлэг төлөгч сая төгрөгийн цалин авдаг байвал, 169 мянган төгрөгийн тэтгэлгээ л  өгнө. Иймээс тогтсон тэтгэлгийн хэмжээнээс давуулж мөнгө суутгах боломж байхгүй.

-Улсын хэмжээнд тэтгэлэг авч байгаа хэчнээн хүүхэд байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд 2475 гүй­цэтгэх баримт бичиг бий. Харин 2950 хүүхэд тэтгэмж авч байгаа.

-Ажил орлогогүй  хүмүүс цөөнгүй байдаг. Тэр хүмүүсээс тэтгэлгийн мөнгөө хэрхэн гаргуулдаг юм бэ?

-Шийдвэр гүйцэтгэх байгууллагад тулгамдаж байгаа асуудлуудын нэг. Үүнийг шийдвэрлэхийн тулд тэтгэлэг төлөгч нараар ажил хөдөлмөр эрхлүүлдэг болох хэрэгтэй байна.

Зураг