Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

1500 ажлын байр нэмэгдэнэ

Монголын мэдээ
2014 оны 7 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Хан-Уул дүүрэг, Эмээлт орчимд “Хөнгөн үйлдвэр технологийн паркийн цогцолбор” байгуулах, Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн цогцолбор байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд уг асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.

Тэрбээр, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн алслагдсан дүүрэг Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шинэ суурьшлын бүсэд /Эмээлтэд үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар заасан.

Тиймээс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хэд хэдэн ажлыг эхлүүлээд байгааг онцоллоо.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны захирамжаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт арьс шир, ноос ноолуур боловсруулах анхан шатны үйлдвэрүүдийн зориулалтаар 50 га, цэвэр усны байгууламжийн зориулалтаар 3 га, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт суурьшлын зориулалтаар 3.5 га газрыг олгосон байдаг байна.

Мөн нийслэлийн Засаг даргын 2014 оны захирамжаар энэхүү үйлдвэр технологийн паркийн газрын хэмжээг 56.6 га-гаас 214 га болгон нэмэгдүүлж, гэрчилгээ олгожээ. Үйлдвэр технологийн парк байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг нийслэлийн төсвөөр “Идеал групп” ХХК-иар хийлгэж, дэд бүтцийн ажлын зургийг “Инж байгууламж” ХХК -иар тус тус гүйцэтгүүлсэн байна.

Шинэ суурьшлын бүсэд байгуулах үйлдвэр технологийн парк нь суурьшлын бүс буюу орон сууц, үйлчилгээ, амралтын талбай, үйлдвэрлэлийн бүс буюу үйлдвэр, агуулахтай байхаар төлөвлөж байна. Мөн дэд бүтэц, цэвэрлэх байгууламж, нөөц бүс бүхий газруудаас тус паркийн цогцолбор бүрдэх юм байна.

Бүтээн байгуулалтын ажил эхлэхэд эхний ээлжинд дэд бүтцийн асуудлыг зайлшгүй улсын төсвөөс шийдвэрлэх шаардлагатай тул урьдчилсан тооцоогоор дэд бүтцийг байгуулахад 208 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Харин Налайхад барилгын материалын нэгдсэн зах худалдааг төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа бол үүнтэй зэрэгцэн “Барилгын материалын үйлдвэр технологийн паркийн цогцолбор”. байгуулахаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас төлөвлөлт хийсэн байна.

Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах тус бүсэд 21 иргэн, 24 аж ахуйн нэгж байгууллага байдаг байна. Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк байгуулснаар дэвшилтэт технологи үйлдвэрлэлд нэвтэрч, байгаль орчинд ээлтэй олон улсын шаардлага хангахуйц барилгын үйлдвэрлэл хөгжих юм. Мөн 1500 гаруй ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна.

Энэхүү цогцолборыг барьж байгуулахын тулд бэлтгэл ажлыг ханган ажиллах чиг үүрэг бүхий төслийн нэгж байгуулах шаардлагатай болжээ. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд дээрхи асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжин НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барихаар болжээ.

Зураг