Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ АНХНЫ ХЭЛЭЛЦЭЭР ямар ач холбогдолтой вэ?

ikon.mn
2014 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын гуравдагч хөрш болох Япон Улстай стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэхэд эдийн засгийн хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх шаардлагын хүрээнд Япон Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр буюу Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар талууд тохиролцсон билээ. 

Хоёр орны эдийн засаг бие биеэ харилцан нөхөх бүрэн боломжтой бөгөөд энэхүү хэлэлцээр нь хоёр орны эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулна гэж хоёр тал үзэж байна.

Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр буюу Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Япон Улстай байгуулах хэлэлцээг Эдийн засгийн хөгжлийн яам ахлан холбогдох яам, газрын шинжээчдээс бүрдсэн баг нийт 7 үе шатны хэлэлцээг 2012 оноос хойш Улаанбаатар, Токио хотноо тус тус хийж, 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Монголын талаас ахлагч Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, айлын талаас ахлагч Парламентын гишүүн, Гадаад хэргийн дэд сайд Сеижи Кихара нарТокио хотноо гарын үсэг зурав.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бий болгох ач холбогдолтой.

Хэлэлцээрийг байгуулснаар Японоос импортолж байгаа машин, техник, тоног төхөөрөмж, оёмол сүлжмэл бүтээгдэхүүн, жимс зэрэг зарим хүнсний бүтээгдэхүүн, харин манай улсаас экспортолж байгаа ноос, ноолуур, савхин эдлэл, боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, гоймон, давс, аарцны ундаа зэрэг хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцлөөр болон гаалийн татваргүй тус тусын зах зээлд нийлүүлэх юм байна. 

Мөн үйлчилгээний худалдааны зах зээлийг илүү нээснээр мэдээлэл технологийн инженер, сувилагчид зэрэг гэрээгээр ажиллах мэргэжлийн ажилтан, бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчид Япон Улсад зорчих, бизнес эрхлэх зорилгоор нэвтрэх илүү таатай орчин бүрдэнэ. Тухайлбал, визийг 1 жилийн хугацаагаар авах зэрэг. 

Нөгөө талаас, Япон Улстай хөдөө аж ахуйн, үйлдвэрлэл, дэд бүтэц, уул уурхай, боловсрол, жижиг дунд үйлдвэр, аялал жуулчлал зэрэг салбарт өргөн хүрээний хамтын ажиллагааг хөгжүүлэх, тодорхой томоохон төслүүдийг техникийн туслалцааны хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. 

Түүнчлэн стандарт, хорио цээрийн асуудлаар хамтран ажиллаж, бараа, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хамтын ажиллагааны хүрээнд мөн өрсөлдөөн, оюуны өмч, цахим худалдааны чиглэл хамрах ажээ. 

Монголын талаас хөрөнгө оруулалтыг татахад хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг илүү таатай болгох талаар харилцан тохиролцсон байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын орчинг илүү тогтвортой болгох, хөрөнгө оруулагчид бүртгүүлэх, ялгавартай хандахгүй байх, дарамтыг багасгах, маргааныг олон улсын жишгээр шийдвэрлэх зэрэг нөхцөлүүдийг тохирсон талаар Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээлсэн байна. 

Харин энэ талаар гадны хэвлэлүүд хэрхэн бичсэн талаар ЭНД дарж уншина уу.