Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх сарын 15-аас даатгуулагчдад урамшуулал олгох аян эхэлнэ

Х.Өнөр
2014 оны 7 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг

НДЕГ-аас даатгуулагчдад нэг удаагийн үзлэг оношилгооны 80 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болжээ.

Ингэхдээ энэ онд багтаан 100 орчим мянган иргэнд нийт найман тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ талаар НДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын газрын дэд дарга Х.Өлзийтогтохоос тодрууллаа.

-Даатгуулагчдад нэг удаагийн үзлэг, оношилгооны 80 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон гэсэн. Энэ талаар манай уншигчдад тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тавдугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийг урамшуулах журам”-ыг баталсан байдаг. Энэхүү журмаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь жил бүр тогтмол төлсөн, дараалан гурван жил эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй даатгуулагчийг эрүүл мэндийн үзлэгт нэг удаа хамруулах, оношилгоо шинжилгээний багцыг тодорхойлох, эмнэлгийн байгууллагыг сонгох асуудлыг зохицуулсан юм.

Түүнчлэн даатгуулагч оношилгоо, шинжилгээний багцаа болон эмнэлгээ өөрөө сонгох, харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлснээрээ даатгуулагчдад ээлтэй журам боллоо гэж үзэж байна.

-Тухайн иргэн энэхүү урамшуулалд хамрагдах эсэхээ хэрхэн мэдэх вэ?

-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь жил бүр тогтмол төлсөн, дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ аваагүй даатгуулагч НДЕГ-ын вэб хуудаснаас цахим хэлбэрээр урамшууллын эрх хангасан эсэхээ тогтоох боломжтой. Өөрөөр хэлбэл, урамшуулалд хамрагдах эсэхээ www.ndaatgal.mn гэсэн вэб хуудаснаас мэдэх боломжтой. Ингэхдээ өөрийн регистерийн дугаарыг зааврын дагуу оруулснаар таны урамшуулалд хамрагдах эсэх нь тодорхой болох юм. Түүнчлэн онлайнаар шалгах боломжгүй, интернэтээс мэдээллээ шалгах боломжгүй ч хүн байж болно шүү дээ.

Хэрэв тухайн иргэн интернэтээс мэдээллээ шалгах боломжгүй бол өөрийн харьяа нийгмийн даатгалын байгууллагадаа хандан эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд тэмдэглэгээ хийлгэснээр урамшууллын оношилгоо, шинжилгээний багц болон нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмнэлгүүдээс сонгон үйлчлүүлэх боломжтой.

-Өмнө нь энэ ажлыг зөвхөн улсын эмнэлгүүд хариуцдаг байсан. Энэ удаад хувийн эмнэлгүүд оролцох уу?

-Улсын эмнэлгүүд хариуцан ажилладаг байхад үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж хангалтгүй байсан юм. Учир нь улсын эмнэлгүүд угаасаа ачаалалтай ажилладаг, дээрээс нь урамшуулалд багтаж байгаа иргэдэд үйлчлэхийн тулд ажиллах цагийн хуваариа уртасгах шаардлагатай болдог. Үүнээс гадна тоног төхөөрөмжийн хувьд хангалтгүй байдаг. Тиймээс ч бид энэ удаад хувийн эмнэлгүүдэд хамтран ажиллах урилга хүргүүлээд байна.

Манайхтай гэрээтэй нийт 120 орчим хувийн хэвшлийн эмнэлэг байдаг юм. Энэ удаад бид заавал магадлан итгэмжлэгдсэн байх ёстой гэдэг шаардлагыг тавиагүй. Хэрэв магадлан итгэмжлэгдээгүй бол 2-3 эмнэлэг нэгдээд энэ удаагийн аянд оролцох боломжтой. Аль болох даатгуулагчдад эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хурдан шуурхай хүргэх үүднээс хувийн эмнэлгүүдтэй хамтарч ажиллахаар бэлтгэлээ хангаад байна. Ирэх сарын 1-нээс сонгон шалгаруулалтын ажил эхэлнэ.

Ингээд ирэх сарын 15-аас урамшууллын аяныг албан ёсоор эхлүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Тухай бүрт нь бид хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал мэдиа, албан ёсны вэб хуудсаараа дамжуулан даатгуулагчдад мэдээллийг хүргэх болно.

-Энэ удаад нийт хэчнээн хүнд хэдэн төгрөгийн урамшуулал олгохоор болсон бэ?

-НДЕГ нь урамшууллын үйлчилгээ авах нэг даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардлыг 80 мянган төгрөгөөр тооцсон. Улмаар энэ онд болзол хангасан 100 орчим мянган даатгуулагчийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүрэн үзлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Яг судлаад үзэхээр болзол хангасан нийт 334 мянган даатгуулагч байдаг юм билээ. Үүнээс төр даадаг даатгуулагчдыг хассан байгаа. Ингээд тооцохоор 100 орчим мянган даатгуулагчид найман тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Ер нь ямар ч ажлыг хийхэд төсвийн байгууллага мөнгөндөө захирагддаг.

Бид ч гэсэн төсөвтөө багтаах үүднээс нэг хүнд 80 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Цаашид бид эмийн сангуудаар хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байна. Орчин үеийн анагаах ухааны практикт өргөнөөр хэрэглэгддэг эмүүдийг шинэчлэн жагсаахаар төлөвлөсөн байгаа. Ингэхдээ ЭМЯ, ЭМГ, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтрах юм.

Зураг