Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь ямар ч өвчнөөс урьдчилан сэргийлнэ

Э.Туул
2014 оны 7 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд долоо хоног бүрийн баасан гарагт болдог ээлжит цахим хурал Эрүүл мэндийн хөгжлийн төвд боллоо.  Хуралдааныг Эрүүл мэндийн сайдын ахлах зөвлөх М.Туяа удирдан явуулсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүдээс гадна НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Мохамед Фолл, ДЭМБ-ын богино хугацааны зөвлөх Роберт Симмс болон албаны бусад хүмүүс оролцсон юм. 

Хурлын эхэнд уламжлал ёсоор өнгөрсөн долоо хоногийн эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт болон зорилтот жилийн хүрээнд хийгдсэн ажлыг танилцуулсан. Ингэхэд энэ сарын 15-22-ны өдрүүдэд нийт 1568 төрөлт бүртгэгдсэн бөгөөд улсын хэмжээнд 66 дутуу төрөлт гарсан нь өмнөх саруудын үзүүлэлтээс нэлээд өндөр байгаа юм. 

Мөн урин дулааны улирал эхэлж, баяр наадам, амралт зугаалгын цаг ирсэнтэй холбогдуулан иргэдийн болон эрүүл мэндийн байгууллагын ажилчдын анхаарал, болгоомж суларч болзошгүйг Эрүүл мэндийн сайдын зөвлөх М.Туяа сануулж, ялангуяа 7, 8, 9 дүгээр саруудад эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн, шуурхай хүргэж, хариуцлагатай ажил­лахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад үүрэг болгосон юм. 

Түүнчлэн дэлхий даяар жил бүрийн наймдугаар сарын 01-07-ны өдрүүдэд Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоногийг тэмдэглэн өн­гө­рүүлдэг уламжлалтай бөгөөд цахим хурлын голлох сэ­дэв ч энэ асуудлын хүрээнд өрнөсөн юм. Энэ жилийн тухайд дээрх өдрийг “Эхийн сүүгээр хооллолт ба амьдрал тэтгэх алтан боломж” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. 

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн С.Ганзориг, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн В.Сүрэн­чимэг нар Монгол Улсын хэм­жээнд хүүхдийг эхийн сүүгээр хооллолтын статистик үзүүлэлт болон хүүхдийн нас баралтыг бууруулахад эхийн сүүгээр хооллохын ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Ерөнхий үзүүлэлтээс харахад хүүхдийг төрсний дараа 24 цагийн дотор эхийн сүүг амлуулах нь хүүхдийн эндэгдлийг 22 хувиар бууруулдаг байна. Мөн дан эхийн сүүгээр хооллолт нь хатгалгаа өвчнөөр өвдөх тохиолдлыг 23 хувиар, суулгалт өвчнөөр өвдөх эрсдлийг 10.5 дахин, хатгалгаа өвчнөөр нас барах эрсдэлийг 15.1 дахин бууруулдаг ажээ. 

Үүний зэрэгцээ 6-23 сар хүртэл нь үргэлжлүүлэн эхийн сүүгээр хооллосон хүүхэд суулгалт өвчнөөр нас барах эрсдэл 2,8 дахин бага, эхийн сүүгээр хооллоогүй 6-11 сартай хүүхдийн бүх шалтгаант нас барах магадлал хүүхэд 56, 12-23 сартай хүүхдийн 23 хувиар тус тус өсдөг байна. Манай улсын хувьд сүүлийн хоёр жилд төрсөн хүүхдийн 98.3 хувь нь ямар нэгэн хэмжээгээр эхийн сүүгээр хооллосон байдаг байна. 

Гэсэн хэдий ч хатгалгаа, суулгалтаар эндэх хүүхдийн тоо төдийлөн ахицтай буурахгүй байгаа учир хүүхдийг эхийн сүүгээр хооллоход анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Мохамед Фолл хэлэхдээ хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь хамгийн энгийн, үр ашигтай, ухаалаг арга гэдгийг онцлоод үүнийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж буй эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд, эмч, ажилчдад ажлын амжилт хүслээ. 

Мөн эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад улам хичээн ажиллаж, одоогийн хүрсэн амжилтаа ахиулах ёстойг зөвлөөд НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс хамтран ажиллахад хэзээд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Үүний дараа ДЭМБ-ын богино хугацааны зөвлөх Роберт Симмс “Интерактив сургалтын материал” сэдвээр илтгэл тавь­сан.

Тэрбээр илтгэлдээ эрүүл мэндийн байгууллагын сургалтын хөтөлбөрийн арга, хэлбэрийг хэрхэн өөрчлөх, орчин үеийн дэвшилтэт технологийг сургалтын хөтөлбөрт ашиглахын давуу болон сул талуудын талаар онцолсон юм. Хурлын төгсгөлд нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Д.Пүрэвчулуун байгууллагынхаа үйл ажиллагааны талаархи танилцуулгыг хийснээр энэ удаагийн хуралдаан өндөрлөлөө.

Зураг