Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн түшээд хаагуур явна вэ

Б.Даваатогтох, Өдрийн шуудан
2014 оны 7 сарын 28
Өдрийн шуудан

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. Улсын баяр наадам өндөрлөж, бүс орон нутгийн түүхт ойн баяр наадмууд үргэлжилж байна.

Харин эдгээр өдрүүдэд төрийн түшээд хаагуур хэрхэн наадаж байгаа болон ямар ажил амжуулж байгаа талаар асуухаар утас цохисон юм.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Д.Оюунхорол, Д.Ганбат нар мессеж руоминг үйлчилгээг идэхвижүүлсэн бол Б.Болор гишүүний утас төлбөр төлөөгүйн улмаас орох ярианы эрх нь хаагдсан гэж байлаа.

О.Содбилэг гишүүн дуут шуудангаа идэвхижүүлж, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар нарын гишүүд утсаа авсангүй.

Ж.Батсуурь: Есөн сумын ойн баяр наадамд оролцлоо

-Би яг одоо Дорноговь аймгийн Эрдэнэ сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадамд оролцож байна. Энэ жил манай аймгийн 11 сум ойтой. Түүнээс есөн сумын ойн баяр наадамд оролцоод сүүлийнхээ суманд ирээд байна. Зарим сумын ой давхцсан учир очиж чадсангүй. Наймдугаар сарын 1-нээс албан ёсоор амралтаа авч байгаа учраас наймдугаар сарын дундуур хот орно.

Д.Ганхуяг: Ээж дээрээ ирээд сайхан байна

-Архангай аймгийн Тариат сумын арван жилийн дунд сургуулийн 90 жилийн ойн баярт оролцоод явж байна. Би энэ сургуулийн төгсөгч. Тэрхийн цагаан нуурын хөвөөнд ээж дээрээ ирээд сайхан байна. Өнөөдөр /өчигдөр/ орой Улаанбаатар хот руу буцна.

Я.Санжмятав: Говийн аймгуудад ажиллаад ирлээ

-Би амраагүй байгаа. Маргааш /өнөөдөр/ Засгийн газрын хуралдаантай тул Улаанбаатар хотноо байна.

Өнгөрсөн долоо хоногт говийн аймгууд болох Дорноговь, Дундговь, Өмнөговь болон Говьсүмбэр аймагт ажиллаад ирлээ.

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцсан юм.

А.Тлейхан: Ирэх есдүгээр сараас тойрогтоо очно

-Амралтаа аваад зуслан дээрээ эмчилгээ хийлгэж байна. Улсын баяр наадмаар Улаанбаатар хотод байсан. Эмчилгээ хийлгэж байгаа учир хөдөө орон нутаг руу явж чадахгүй байна. Ирэх есдүгээр сараас тойрогтоо очиж ажиллана даа.

Ж.Эрдэнэбат: Тойрогтоо ажиллаж байна

-Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд тойрогтоо ажилладаг. Тэр утгаараа би тойрогтоо ажиллаж байна. Энэ жил Сэлэнгэ аймгийн долоон сум түүхт ойн баяраа хийж байгаа. Түүний нэг болох Мандал сум ирэх сарын 1, 2-ны өдрүүдэд баяраа хийх юм. Би одоо Мандал суманд байна.

Д.Хаянхярваа: Завханы Их-Уулд амарч байна

-Чуулган завсарлаад Дархан явсан. Одоо бол Завхан аймгийн Их-Уул суманд хоёр хөгшин дээрээ ирээд амарч байна.

Наймдугаар сарын 4-н гээд Улаанбаатар хот орно. Тэгээд ажлаа хийнэ дээ.

Зураг